Томчуудын буруутай үйлдлийн золиос нь хүүхэд боллоо

Хуучирсан мэдээ: 2019.04.19-нд нийтлэгдсэн

Томчуудын буруутай үйлдлийн золиос нь хүүхэд боллоо

Томчуудын буруутай үйлдлийн золиос нь хүүхэд боллоо

Томчуудын хэнэггүй, хариуцлагагүй үйлдлийн золиосыг олон хүүхэд амиараа төллөө. Балчир үрсийнхээ төлөө эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх хэрэгтэй гэж энгийн иргэнээс төрийн томчуул хүртэл дуу нэгтэй ярьдаг ч осол гэмтлээр амиа алдсан хүүхдийн тоо буурсангүй. Он гарсаар арав гаруй хүүхэд томчуудын буруугаас хорвоог орхилоо. Энэ бол дайн дажингүй оронд дэндүү өндөр тоо. Өдөр алгасахгүй шахам бяцхан үрсийн талаарх сэтгэл эмтэрмээр мэдээ дуулддаг ч энэ бүх золгүй явдалд төр засаг, албаныхныг буруутгаад өнгөрөх нь өрөөсгөл.

Үүнд эцэг эхчүүдийн хариуцлага, хараа хяналт хамгийн чухал. Бид эцэг, эх байх үүргээ хангалттай сайн биелүүлж чадаж байгаа бил үү гэдгээ бодох цаг нь болжээ. Хоёрхон хоногийн өмнө Баянхонгор аймагт гуравхан настай хүү аав, ээжийгээ даган худаг дээр очоод гурван метрийн өндөртэй гүний худаг руу унаж амиа алдлаа.

ОЙ ДӨРВӨН САРТАЙ ОХИН САВТАЙ УСАНД УНАЖ АМИА АЛДЖЭЭ

Үүнээс ч өмнө энэ сарын 2-ны өдөр ой дөрвөн сартай бяцхан охин түлээ зөөхөөр гарсан ахынхаа араас тэмтчин гарахдаа гэрийнхээ амбаарт байсан савтай усанд унасан золгүй хэрэг гарсан байна. Тодруулбал, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын цагдаагийн газарт ой дөрвөн сартай хүүхэд 50 литрийн никель савтай усанд унаж нас барсан тухай дуудлага 17.00 цагийн орчимд иржээ. Охины ээж мэдүүлэхдээ “Тухайн өдөр манай том хүү гаднаас орж ирээд ээж дүү ус руу уначихсан байна гэхээр нь хар хурдаараа гүйн очиход охин савтай усанд толгойгоороо уначихсан байгаа харагдсан.

Охиноо татаж гаргатал нүүр нь хөхөрч, амнаас нь ус гарч байсан. Ухаан баларталгүй арай хийн охиноо эмнэлэгт хүргэсэн. Харамсалтай нь охин сэхээнд амьдруулах тасагт 20 минут орчим болоод амьсгал хураасан” гэжээ. Охин гэрээс гараад ердөө долоон минут болж байхад ийм золгүй явдал тохиосон гэдгийг ар гэрийнхэн нь гашуудан ярьдаг.

Дахин нэг сэтгэл эмтэрмээр хэргийг сануулъя. Сар гаруйн өмнө зургаан настай хүү өндрөөс унаж хорвоог орхисон юм. Хүү гэрийнхээ цонхоор унаж осгож нас барсан бөгөөд эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ амьсгал хураасан гэдэг. Хүү тухайн өдрийн өглөөний долоон цагийн орчимд цонхоороо унаснаас хойш зургаан цаг хүйтэн цеметэн дээр хэвтсэн гэдгийг албаны хүмүүс мэдээлсэн. Анхааруулж, сануулсаар байтал хүүхдээ өндрөөс унагах, усанд живүүлэх, халуун тогоонд түлдэг хайнга ээж аавуудын тоо цөөрөхгүйг дээрх хэргүүдээс харж болох. Тэр байтугай угаалгын өрөөндөө хүүхдээ усанд оруулж байхдаа утас нь дуугарахад хүүхдээ мартаад усанд живүүлсэн тохиолдол ч байдаг юм байна.

Тоон мэдээллээс харахад Монгол Улсын хэмжээнд жилд хоёр мянгаад хүүхэд гэмт хэргийн улмаас хохирдог бөгөөд 2017 онд 1700 гаруй хүүхэд хохирч, 2018 онд 1600 орчим хүүхэд гэмт хэргийн золиос болж, эрүүл мэндээрээ хохирчээ.

Харин цаг бусаар амь насаа алдсан хүүхдийн тоо жилд дунджаар 100 гаруй  бүртгэгддэгийн тал хувь зам тээврийн ослынх. Санаанд багтамгүй ч ээж аавдаа эрхлэн тоглож, дэггүйтэн гүйх зуун бяцхан үрс ганцхан жилийн дотор биднийг орхин одсон юм байна. Үнэхээр харамсалтай гэхээс өөр хэлэх үг олдохгүй нь. Ямар гээчийн хүүхдэд ээлгүй орон бэ. Амьдралын сайхныг амталж ч амжаагүй яваа энэ бяцхан үрс ямар гэм хийсэн болоод хэдэн зуугаараа алаг хорвоог орхино вэ. Бид өдөр бүр л хүүхдийн эрх гэж сошиалд ярьдаг атлаа өөрсдийнхөө үр хүүхдээ хайхрахаа мартчихдаг бололтой. Үүний цаана өнөөх л Монголчуудын хэнэггүй зан яригдаж, тэдний хайнга үйлдлийн төлөөс нь бяцхан үрс хэвээр байгаа нь даанч харамсалтай.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж