“Түүх соёлынхоо өвийг сүйтгэдэг Вандализмын үлдэгдлүүд байна”

Хуучирсан мэдээ: 2019.04.19-нд нийтлэгдсэн

“Түүх соёлынхоо өвийг сүйтгэдэг Вандализмын үлдэгдлүүд байна”

“Түүх соёлынхоо өвийг сүйтгэдэг Вандализмын үлдэгдлүүд байна”

ШУА-ын Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн Техник боловсруулалт сэргээн засварлалт лаборатори музейн албаны дарга С.Өлзийцэрэнтэй ярилцлаа.


-Ардчилсан тогтолцоонд шилжсэн 1990 оноос хойш Соёлын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй сул байсныг далимдуулан палеонтологийн үнэтэй олдворуудыг гаднын орнуудад зөөсөн асуудал яригддаг. Эрдэм шинжилгээний ажилчдын нөр их хөдөлмөрийн үр дүнд илэрсэн газрын хэвлий дэх түүх соёлын дурсгалт зүйлийг хууль бусаар хил давуулахад эрх мэдэлтнүүдийн оролцоогүйгээр хийгдэх боломжгүй биз?

-Социализмын үед улсын хяналт чанга, хэн дуртай этгээд нь хилээр ямар нэгэн зүйл оруулж, гаргаж байгаагүй. Энэ үед палеонтологийн олдворыг алдаж, үрэгдүүлсэн, бас иргэд санаатайгаар эвдэж сүйдэлсэн тохиолдол гардаггүй байсан. Монгол Улсад 1990 оноос Ардчиллын салхи үлээж эхэлснээр нийгмийн бүтэц өөрчлөгдөхөд хүмүүсийн сэтгэлгээ ч хувирсан.

Ямарваа нэгэн зүйлийг мөнгөн дүнгээр үнэлж цэгнэдэг болсноор  хүмүүс түүх соёлын үнэт өв дурсгалт зүйлсдээ хандаж буй хандлага нь зэрлэгшиж эхэлсэн л дээ. Ашиг хонжоо хайгчид дэлхийн түүхтэй холбоотой бидний үнэт зүйл юм гэж бодохоос илүү “ховор зүйл бол үнэтэй. Үнэтэй бол би зарж мөнгө олох боломжтой” гэсэн ойлголттой байдаг. Палеонтологийн олдворыг дотоод гадаад зах зээлийг холбосон бэлтгэн нийлүүлэгч, зуучлагч, дотоод зохион байгуулагч гэсэн системчлэгдсэн зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд гадаадын улс орнууд руу хууль бусаар цөөнгүй гаргасан байдаг.

Хулгайд алдагдсан олдворууд эхнээсээ ганц хоёроороо Монголд буцаж ирсэн бол зарим нь мөн л ирэх шийдвэрүүд нь гарч, авчрах ажлыг зохион байгуулаад эхэллээ. Эндээс ажиглавал улс орны хөгжлийг дагаад тухайн орны хууль эрхзүйн систем нь сайжирч, үүнийг дагаад  хууль эрхзүйн хүрээнд хяналт шалгалт чангарч байна. 2000 оны үеийн  хууль хяналт сул байх үеийн завхрал одоо хумигдсан ч бүрэн таслан зогсоосон уу гэвэл үгүй. Энэ асуудалд цагдаагийн байгууллагаас маш сайн хяналт, шалгалт хийж ажиллаж байгаа. Тэд үүргээ сайн гүйцэтгэж буй гол зэвсэг нь Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг гэсэн зүйл анги Эрүүгийн хуульд орсон.  Өмнө нь нэг иргэн Соёлын өвийн эсрэг хууль бусаар хил давуулах, зарж борлуулахыг оролдож байгаад баригдсан бол иргэний хуулиар торгоод өнгөрдөг байсан бол одоо соёлын өвийн эсрэг гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээж өндөр хэмжээний торгууль төлөх, хоригдох ялаар шийтгүүлдэг болсон.

Хууль бус малтлага хийх, зарж худалдаалахыг завдах, хууль бусаар тээвэрлэх, хууль бус худалдаа зохион байгуулах, зуучлах, улсын хилээр гаргахыг завдах зэрэг олон зүйл ангиар Эрүүгийн хариуцлага хүлээдэг болсон. Хэдийгээр соёлын өвийг хамгаалахад хууль хяналтын орчин чангарсан ч нөгөө талаас хууль дүрэм өөрчлөгдсөнийг иргэдийн дийлэнх нь мэдэхгүйн улмаас хорих ялаар  хүртэл шийтгүүлэх тохиолдол гарч байна.

Иргэд газрын хэвлийд агуулагдаж байгаа зүйлс нь төрийн өмч гэдгийг ойлгох ёстой. Аливаа өмчлөгч этгээд өмчөө захиран зарцуулах эрхтэйн адилаар газрын хэвлий дэх соёлын үнэт өвийг төр л захиран зарцуулах эрхтэй гэсэн үг. Соёлын өвийг тусгай зөвшөөрөгдсөн аж ахуй нэгж байгууллагууд эзэмших болон ашиглах эрхтэй. Үүнд эрдэм шинжилгээний байгууллага болон зарим төрөлжсөн музей багтана. Жишээ нь, манай эрдэм шинжилгээний хүрээлэн палеонтологийн олдворыг эзэмших болон ашиглах эрхтэй боловч өмчлөх эрхгүй. Бусад хуулийн этгээдүүд өмчлөх ашиглах эрхгүй учраас аливаа олдворыг газрын хөрснөөс олж илрүүлсэн ч цаашид дамлан худалдах, хууль бусаар тээвэрлэх хууль эрх зүйн үндэслэлгүй юм. Тиймээс л энэ бүх үйлдэл нь хууль зөрчсөнд тооцогдож хариуцлага хүлээдэг болсоныг маш сайн ойлгох хэрэгтэй.

-Газрын хэвлий дэх баялаг, түүх соёлын үнэт дурсгалыг төр эзэмших эрхтэй ч бас гараа шургуулж эд баялаг болгож хөрөнгөжих зорилгоор гаднын орнууд руу хууль бусаар хил давахад  тусалдаг асуудал олон жил яригдлаа. Та нарын зүгээс энэ асуудалд ямар байр суурьтай ханддаг вэ?

-Хууль бусаар палеонтологийн олдворуудыг хилээр давуулахад ямар хүн, хэн гэдэг эрх мэдэлтэн оролцсоныг бид цагдаагийн байгууллагын ажилчид биш учраас хэлж мэдэхгүй. Мэдээж бидэнд тааламжтай байдаггүй. Гэхдээ гадаад руу хил давуулсан тохиолдолд судлаачдыг сэжиглэдэг. Палеонтологийн олдвор нь өндөр үнэд хүрдэг болохоор өөрсдөө зарж, хөлждөг байх гэсэн хардлага зөвхөн сэтгүүлчид биш цагдаагийн байгууллагад ч бас төрдөг бололтой. Ялангуяа АНУ руу гарсан олдворуудад манай байгууллагаас хүн оролцсон уу гэдгийг тогтоохоор мөрдөн байцаах албанаас шалгалт явуулж байсан. Мөрдөн шалгалтын явцад энэ төрлийн гэмт хэрэгт манай байгууллагаас санаатай болон санаандгүй байдлаар оролцсон тохиолдол илрээгүй. Манай хүрээлэнд ажиллаж байсан болон ажиллаж байгаа судлаачдын дунд дээрх төрлийн гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэл авсан хүн байхгүй. Энэ бол их давуу тал. Мэргэжилтнүүд нь буруу гарын наймаанд оролцдоггүй гэдгийг цагдаагийн байгууллагын шалгалтаар баталгаажиж байгаа юм.

-Зарим хүмүүс шунахайн сэдлээр олдворыг зарж борлуулах гэснээс болж түүх соёлын хосгүй үнэт дурсгал бүхий палеонтологийн олдворыг сүйдэлсэн тохиолдол хээрийн судалгааны явцад их ажиглагддаг гэж үнэн үү. Тэдгээр хүмүүс мэргэжлийн бус учраас 30 хувийг нь ухаж малтаж авахдаа үлдсэн  70 орчим хувийг нь эвдсэн байдаг гэж танай салбарын мэргэжилтэн хэлж байсан л даа?

-Аливаа үлэг гүрвэлийн болон палеонтологийн олдворуудыг “үнэ хүрнэ” гэсэн хэсгүүдийг нь цохиж, малтаж авахдаа үлдсэн хэсгийг нь эвдчихсэн байхтай таардаг. Буруу гарын наймаачдад мөнгө нь чухал болохоос олдвор нь чухал биш учраас түүх соёлынхоо  өвд зэрлэгээр хандаж, харьцдаг зүйл ажиглагддаг. Ийм үйлдлийг дэлхий нийтэд Вандализм /Vandalism/ гэдэг. Вандализмын жишээ цөөнгүй бий. Хээрийн судалгааны ажлын явцад бидний хувьд “дажгүй зүйл” оллоо гээд газар дээр нь илрүүлэлт хийгээд үзэхэд юу ч үгүй талхлаад, зэрлэгээр хандсан байх тохиодолууд гарч байсан.

-Тэгэхээр монголчуудын ухамсарт өв соёлоо хайрлах ухаан сууж, төлөвшөөгүй юм шиг. Угтаа бол түүх соёлын үнэт дурсгалт зүйлээ хадгалж хамгаалахад иргэн бүрийн оролцоо чухал гэдэг. Энэ нь тоосго бариад гүйхийн нэр биш байх?

-Бидний ахмад үе, буурлууд үлэг гүрвэлийн толгойн ясыг лууны яс гэж шүтдэг. Эвдэж хэмхлэх нь бүү хэл гаднын иргэдэд зааж өгдөггүй, их нандигнадаг байсан. Зөвхөн палеонтологийн олдвор ч биш түүх соёлынхоо үнэт дурсгалыг хайрлан хамгаалахад хүн бүрийн л оролцоо хамгаас чухал. Зөвхөн хууль, хүлээх хариуцлага чангарснаар иргэдийн ухамсар төлөвшиж дээшлэхгүй. Эх оронч сэтгэлээс л өв соёлоо хайрлаж хамгаалах хандлага эхлэх байх гэж боддог. Эх оронч сэтгэлгээ гэдэг бол нутгийнхаа ширхэг чулууг ч хайрлахыг хэлнэ. Дэлхийд Монголын нэрийн хуудас болж буй энэ соёлын өвийн элемент хэсгүүд болох Палеонтологи, археологийн олдворуудыг хайрлаж үлдээснээр ирээдүй үедээ судлах судлагдахуун үлдээж байна гэсэн үг. Ард иргэд соёлынхоо өвийг хайрлаж байж тусгаар тогтнолын баталгаа болсон соёлыг авч үлдэнэ. Соёл нь биднийг бусад улс гүрнүүдийн ард иргэдээс ялгах дархлаа нь  болж өгнө.

Соёлгүй ард түмэн бол мөхөхийн л шинж. Нэг үгээр хэлбэл, соёл бол ард түмний дархлаа юм. Дархлааг үүсгэснээр бидний бахархал бий болно. Үндэсний бахархалтай байж дэлхийн өмнө би монгол хүн гэж цээжээ дэлдэж болно. Бид бахархах зүйлсгүй болбол гэж төсөөлөхөд ч  бэрх шүү дээ.

Танай эрдэм шинжилгээний хүрээлэнд иргэд санамсаргүй байдлаар газрын хөрс дороос олдсон олдворын тухай мэдээлэл хэр их ирүүлдэг вэ. Зарим нь зарж борлуулах гэж байгаад баригдсан тохиолдол цөөнгүй гэх юм билээ?

-Манай хүрээлэнд хандаж буй иргэд санамсаргүй олдсон олдворыг бидэнд хүлээлгэн өгөхдөө олдворыг орон нутгаас нийслэл хүртэл авчрахад гаргасан зардлаа гаргуулахыг хүсдэг. Одоогоор иргэдийн олдворыг хүлээлгэн өгөхөд гаргасан зардлыг олгох дүрэм, журам байхгүй учраас эргүүлэн нөхөн олговор олгох боломжгүй байдаг.

Эвэрт үлэг гүрвэлийн олдворыг худалдах зорилгоор тээвэрлэж байсныг Өмнөговь аймгийн цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байна.

Манай хүрээлэнгийн судлаачид гааль, цагдаа, тагнуулын байгууллагын ирүүлсэн палеонтологийн олдвор байх магадлалтай эд зүйлсэд шинжээчийн дүгнэлт гаргаж үнэхээр палеонтологийн олдвор мөн эсэхийг тогтоодог.

-Манай улс дэлхийд палеонтологи болон археологийн олдвороор гайхагддаг. Үүнийг дагаад эрдэм шинжилгээний салбарын түвшин яригдах болов уу ?

-Археологи, палеонтологийн олдворгүй улс орон гэж байхгүй. Ямар нэгэн байдлаар газрын хөрс дор хадгалагдаж үлдсэн байдаг. Тэр тусмаа манай улс палеонтологийн олдвороороо баялаг. Энэ дундаас хожуу цэрдийн үлэг гүрвэлийн олдвор цуглуулгаараа дэлхийд гайхагддаг. Учир нь олдвор цуглуулгын хадгалалтын түвшин нь маш сайн. Хоёрдугаарт, олдворын иж бүрдэл сайн. Олдворт агуулагдах иж бүрдэл хэсгүүд нь чанартай хадгалагдаж үлдсэн байдаг. Ийм нөхцөл байдлаас шалтгаалан палеонтологийн олдвор цуглуулга нь сайнаас гадна илэрсэн олдвор цуглуулгыг маш сайн ангилж бүртгэл мэдээлэл үүсгэн сан хөмрөгтэй болчихсон.

Бид байгаль дээр байгаа олдворуудыг илрүүлэн эрдэм шинжилгээний хүрээлэнд сэргээн засварлаж бүртгэлжүүлээд сан хөмрөг үүсгэсэн гэсэн үг. Олдвор цуглуулгыг системчлэн ангилж бүртгэл мэдээлэл үүсгэсэнээс гадна судлаачид нь дэлхийн хэмжээнд хүртэл хөгжиж чадсан.

Байгаль дээр олдвор олдсон ч цуглуулдаггүй, бас судалдаггүй бол энэ нь үнэ цэнэгүй болж хувирна. Тэгэхээр бид палеонтологийн олдвор цуглуулгаар гайхагддаг төдийгүй энэ салбарын хөгжлөөр дэлхийд дээгүүрт жагсдаг гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс шинжлэх ухаанд хамгийн чухал ач холбогдолтой зүйл нь олдвор учраас битгий эвдэлж гэмтээгээч, дэлхийн түүхийг судлах боломжийг судлаачдад олгооч гэж хэлмээр байна. Үүний тулд иргэд олдвор цуглуулгыг дур зоргоороо оролдож эвдэж гэмтээлгүй, байгалийн зүйлийг байгальд нь орхих ёстой юм шүү. Хэрэв та ямар нэгэн олдворын шинжтэй эртний зүйл олсон бол ШУА-ын Геологи, палеонтологийн хүрээлэнд хандаж болно. Хуулийн хүрээнд цагдаагийн анхан шатны нэгж байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.

-Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Тарбозавр Батаарын толгойн ясыг Монголд авчрахаар шийдвэрлэсэн. АНУ-аас бас энэ олдворыг Монголын талд хүлээлгэж өгөхөөр шийдсэн нь баяртай мэдээ хэдий ч Үлэг гүрвэлийн төв музейд байгаа "Тиранозавр Батаарын” үлэг гүрвэлийн толгойтой олон нийт андуурч төөрөгдөл үүсэх боллоо. "Тиранозавр Батаарын толгойн яс нь ямар учиртай вэ?

-Тарбозавр  гэдэг бол тухайн зүйлийн нэршил. Үүнийг нэг хэлхээ яс, бодь гал гэж ойлгож болохгүй.  Өөрөөр хэлбэл, Тарбозавр бол оноосон нэр нь биш зүйлийн нэршил юм. Үлэг гүрвэлийн төв музейд хадгалагдаж буй  Тарбозавр нэршилтэй, ийм  зүйлд хамаарах хэчнээн олон бодгаль байх боломжтой. Тарбозаврын хэлхээ олдлоо, толгойн яс нь олдлоо гэхээр нэг амьтан нэг бодьгал гэж ойлгодог нь буруу юм. Жишээ нь, манай хүрээлэнгийн бүртгэлд улсын хэмжээнд Торбазаворын зургаан хэлхээ яс байдаг. Тодруулбал, Баянхонгор аймгийн музей, Үлэг гүрвэлийн төв музей, Хүннү молл худалдааны төвд байрлах манай хүрээлэнгийн “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэнгийн үзмэрийн танхим болон Байгалийн түүхийн музейн палеонтологийн хэсэг, манай хүрээлэнгийн үзмэрийн зааланд тус тусдаа байгаа юм. Эдгээр нь өөр, өөр бодгалиуд юм. АНУ-аас Монголынх гэдгийг нотолсон Тарбозавр толгойн яс нь бас л өөр бодгалийн чулуужсан ясны тухай яригдаж байна гэж ойлгох хэрэгтэй. Харин яг хэдийд АНУ руу гарсныг цагдаагийн байгууллага мэднэ.

-Гаднын иргэд санаатайгаар палеонтологийн олдворыг хууль бусаар хил давуулах гэж оролддог уу. Ялангуяа үлэг гүрвэлийн өндгийг харах гэж ирдэг юм шиг санагдсан л даа. Нэгэн жуулчны гартаа  барьсан үлэг гүрвэлийн өндөг нь халаасанд багтах хэмжээтэй юм билээ. Хилээр нэвтрүүлэх боломжтой юу. Гаалийн байгууллагын ажилчид үлэг гүрвэлийн өндөг гэж таних уу?

-Үлэг гүрвэлийн өндөг нь тийм элбэг тархацтай биш. Хоёрдугаарт үлэг гүрвэлийн өндөг байтугай хальсыг нь хүртэл хил гаалиар нэвтрүүлэхэд одоо хүндрэлтэй болсон. Дурын хүн үлэг гүрвэлийн өндгийг халааслаад хил давах боломжгүй. Бид бүхэн гаалийн ажилтнуудтай хамтран ажилладаг. Тэд манай хүрээлэнгээс олж авсан мэдлэг мэдээллийн тусламжтай эдгээрийг танина гэсэн үг. Сэжигтэй зүйл байвал манай хүрээлэнгээр шинжээчийн дүгнэлт гаргуулдаг. Нэг бус удаа гаднын иргэд палеонтологийн олдворыг хилээр хууль бусаар санаатай болон санамсаргүйгээр давуулахыг завдсан тохиолдол бий. Монгол Улсын хууль дүрмийг мэдэхгүйгээс үр хүүхдэдээ үзүүлэх зорилгоор хил давуулахыг завдсан байдаг. Ихэнх нь ийм  тайлбар өгдөг. Зарим нь хууль дүрмийг мэдсээр байж хил давуулах гэж оролдсоноос болж хохирсон нь их.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж