АТГ-ын даргын төлөөх хөшигний арын “тулаан”

Хуучирсан мэдээ: 2019.04.19-нд нийтлэгдсэн

АТГ-ын даргын төлөөх хөшигний арын “тулаан”

Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн байгууллагын удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлдөг байх хуулийн төсөл УИХ-аар батлуулснаас хойш прокурорын байгууллагыг удирдлагыг өөрчилсөн. Тодруулбал, Улсын ерөнхий прокурор болон прокурорын орлогчдыг албан ёсоор томилсон. Одоо Улсын дээд шүүхийн шүүгчийг томилох асуудал үлдэж буй. Харин АТГ бол УИХ-аас томилогддог байгууллага учраас удирдлагуудыг томилох асуудал Г.Занданшатар дарга болон МАН-ын “эрхэнд” бий. Гэхдээ даваа гаригт АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.

Улс төрийн хүрээнд түүнийг бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байхад ажлаа өгөх шийдвэр гаргасныг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн “явуулга” гэх яриа ч гараад буй. УИХ энэ асуудлыг хараахан хэлэлцээгүй байгаа бөгөөд түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гараагүй.

АТГ-ЫН ДАРГЫН АСУУДЛЫГ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ХЭЛЭЛЦЭНЭ

АТГ-ын даргыг чөлөөлөх үү, хуулийн хугацаа нь дуусаагүй байхад үндэслэлгүйгээр чөлөөлөх нөхцөл байдлыг хэрхэн бий “болгох” талаар МАН болон улс төрийн хүрээнд хамгийн их ярьж байна. АТГ-ын даргыг УИХ-аас томилдог, хамгийн гол нь хугацаа нь дуусгавар болоогүй учраас хуулийн гаргалгаа эсвэл “алдаа” олохоос өөр гарцгүй болсон сурагтай. Учир нь АТГ-ын хуульд тус газрын удирдлагыг зөвхөн дараах шалтгаанаар л чөлөөлөх боломжтой юм.

22.1.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг дараах тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлнө:

  • 22.1.1.өөрөө хүсэлт гаргасан;
  • 22.1.2.биеийн эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон;
  • 22.1.3.бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон.

Тиймээс Лхагва гаригт МАН-ын хэсэг удирдлага энэ асуудлаар ярилцаж, хуулийн хувьд АТГ-ын даргыг чөлөөлж болох үндэслэл бий болсон гэх албан бус мэдээлэл байна. Тэр нь хуулийн гаргалгаа гэх яриа ч байгаа юм. Тиймээс түүний асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөөд байгаа аж.

АТГ-ЫН ДАРГЫГ ХЭН ТОМИЛОХ ВЭ?

Улс төрийн хүрээнд болон хөшигний ард хамгийн их тэмцэл АТГ-ын даргын суудалд “өөрийн”  хүнээ тавих гэсэн том амбиц ҮАБЗ-ийн хоёр гишүүнд бий. Хуулийн дагуу УИХ-ын дарга санал болгох ёстой ч энэ томилгоо маш чухал, ялангуяа ирэх 2020 оны сонгуулийн өмнөх улс төрийн өнгийг тодорхойлно гэх яриа ч бий.

Өнгөрсөн хугацаанд АТГ-ын дарга, дэд даргад хэн томилогдох, хэн нь хэнийг дэвшүүлж байгаа талаар /ЭНД дарж уншина уу/өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ хүрээнд Ерөнхийлөгчийн зүгээс Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа С.Ганбат, Хурандаа Б.Ууганбаяр, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхан,  Ж.Ганбаатар нарын нэрс яригдсаар байгаа. Харин Ерөнхий сайдын зүгээс ЦЕГ-ын дэд дарга З.Дашдавааг зүтгүүлж байгаа гэх мэдээлэл бий. Тэгвэл сүүлийн үед эдгээр нэрсээс хурандаа Б.Ууганбаяр, З.Дашдаваа нарын нэрс “тунаж” үлдсэн гэх мэдээлэл байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж