-Монголын баг тамирчид нэг алт, мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр V байрт оров-
Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн ХХҮIII, эмэгтэй чөлөөт бөхийн ХҮIII дахь аварга шалгаруулах тэмцээн Катарын Доха хотын “Aspire” спорт цогцолборт тавдугаар сарын 6-9-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд БНСУ, БНХАУ, БНАСАУ, АНЭУ, Казахстан, Иран, Тайвань, Энэтхэг, Япон, Монгол зэрэг 23 орны 110 бөх хүч сорилоо.
Манай бөхчүүдээс өнөөдөр хамгийн сүүлийн бөх болох эмэгтэйчүүдийн 75 кг-д Б.Одончимэг барилдаж, мөнгөн медаль хүртлээ. Түүний жинд Япон, БНСУ, БНХАУ, Энэтхэг, Казахтан, Энэтхэгийн нийт зургаан шилдэг бөх барилдсан юм. Б.Одончимэг эхний тойрогт БНХАУ-ын бөх, 2014 оны ДАШТ-ий хүрэл медальт Чянь Жоүг цэвэр, хагас шигшээд БНСУ-ын бөх Энжу Хванг ялж, мөнгөн медалийн болзол хангаад байсан юм. Тэрээр аваргын алтан медалийн төлөө Японы Сүзүкит 3-1-ээр ялагдлаа.
Ийнхүү манай улс энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль авлаа. Тодруулбал эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Бэхбаяр алтан медаль, эмэгтэйчүүдийн 75 кг-д Б.Одончимэг мөнгө, эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд ОУХМ Б.Номин, 65 кг-д Гавьяат тамирчин Г.Мандахнаран, 85 кг-д П.Өсөхбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-д Э.Цэвэгмэд нар хүрэл медаль хүртсэн юм.
Багийн дүнгээр Монгол Улсын эрэгтэй баг 4, эмэгтэй баг 5-р байр эзэлж байна. Энэ удаагийн тивийн аваргад Япон улс түрүүлж, БНХАУ, Казахстан, Энэтхэг, Монгол эхний байруудад орлоо.
БАГШ НАР ТАМИРЧДЫНХАА ӨМНӨӨС БАРИЛДАЖ, БАГТАА ОНОО АВЛАА
Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн ХХҮIII дахь, эмэгтэй чөлөөт бөхийн ХҮIII дахь аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Монгол Улсын баг тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ Дохаг зорьсон ч зарим тамирчид замаасаа буцсан юм.
Шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, 74 кг-ын тамирчин Д.Гомбодорж, 97 кг-ын тамирчин Д.Хүдэрбулга, 125 кг-ын тамирчин Н.Золбоо нар тавдугаар сарын 4-ний даваа гаригт Катарын виз зөрчилтэй хэмээн саатуулагдсан. Визний зөрчлийн асуудлаас болж хил дээр саатуулагдан, Катарт болох ААШТ-дээ оролцож чадаагүй тэд өнгөрөгч баасан гаригт(V.08) эх орондоо ирсэн юм. (Холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу.)
Ингээд дээрх гурван жинд дасгалжуулагч багш нар барилдлаа. Учир нь Азийн аваргад бүтэн багаар оролцож байж ирэх намар болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бүтэн багаар оролцох эрхтэй болох. Өөрөөр хэлбэл, манайхан Дохад 74, 97, 125 кг-ын жинд тамирчнаа барилдуулахгүй бол ирэх намар ЛасВегаст болох ДАШТ-д эдгээр жинд бөхөө илгээх боломжгүй болох байсан юм. Тиймээс 74 кг-ын жинд шигшээ багийн дасгалжуулагч Л.Энхбаяр, 97 кг-д эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр, 125 кг-ын жинд эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр нар барилдахаар бүртгүүлж, жингээ үзүүлсэн. Тэднээс 97 кг-д Ц.Цогтбаяр, 125 кг-д Б.Батбаяр нар барилдаж, шагналт VII, VIII байрт орж, багтаа шагналын оноо авсан билээ.
Азийн АШТ-д өрсөлдсөн Монголын баг тамирчид:
ЭРЭГТЭЙ:
57 кг: Э.Бэхбаяр (Алтан медаль)
61 кг: Б.Номин (Хүрэл медаль)
65 кг: Г.Мандахнаран (Хүрэл медаль)
70 кг: Г. Идэрхүү (IV байр)
74 кг: Д.Гомбодорж (Визний зөрчилтэй. Дасгалжуулагч Л.Энхбаяр сугалаанд багтаагүй)
86 кг: П.Өсөхбаатар (Хүрэл медаль)
97 кг: Д.Хүдэрбулга (Визний зөрчилтэй. Дасгалжуулагч Ц.Цогтбаяр VIII байр.)
125 кг: Н. Золбоо (Визний зөрчилтэй. Дасгалжуулагч Б.Батбаяр VII байр.)
Дасгалжуулагчид: Ц.Цогтбаяр, Б.Баяраа
ЭМЭГТЭЙ:
48 кг: Ц.Бямбазаяа (IV байр)
53 кг: Э.Даваачимэг (VII байр)
55 кг: П.Орхон (VI байр)
58 кг: Э. Гантуяа (VIII байр)
60 кг: Т.Мөнхтуяа (IV байр)
63 кг: Э.Цэвэгмид (Хүрэл медаль)
69 кг: Ш.Түмэнцэцэг (V байр)
75 кг: Б.Одончимэг (Мөнгөн медаль)
Дасгалжуулагчид: Б.Батбаяр, Т.Сүхбаатар
Эмч: Ч.Насанбат
Шүүгч: Л.Болормаа
Ч.БОЛОР