“Фашизмыг дарсан хамтын баяр” болохыг онцоллоо

Хуучирсан мэдээ: 2015.05.09-нд нийтлэгдсэн

“Фашизмыг дарсан хамтын баяр” болохыг онцоллоо

-Монголын Зэвсэгт хүчний  бие бүрэлдэхүүн Улаан талбайд 260 орчим секундэд 360 орчим алхаа хийсэн байна. Бүрэлдэхүүнийг зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Батболд ахалж,  Монгол Улсын тугийг ахлах дэслэгч Ж.Баярцогт, дэслэгч А.Алтантүлхүүр, хошууч А.Төгс-Эрдэнэ нар залан алхсан юм-  

 

“Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа” гэдгийг ОХУ  өнөөдөр жинхэнэ утгаар нь харууллаа.  Москва хотын зүрх болсон Улаан талбайд Дэлхийн II дайны Ялалтын 70 жилийн ойд зориулсан сүрт жагсаал орон нутгийн цагаар 10:00 цаг /Улаанбаатарын цагаар 16:00 цаг/-т эхэлсэн юм. Кремлийн цагийн зүү 10.00 цагийг заан дуугарах тэр агшныг дэлхий нийт нүд, сэтгэл чилээн хүлээсэн. Тэр дундаа дайны эхний өдрөөс л ахан дүүсийн барилдлагаар зүтгэсэн монголчууд Улаанбаатар хотынхоо төв талбайд цаг зав гарган цуглаж, Ялалтын парадыг сэтгэл догдлон үзлээ.

70 жилийн ойн парадыг ОХУ-ын Хуурай замын цэргийн ерөнхий командлагч, хурандаа генерал Олег Салюков командалж, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд хүлээлгэн өгсөн юм. Харин 70 жилийн тэртээх Ялалтын анхны парадыг маршал Константин Константинович Рокосовский командалж, маршал Георгий Жуковт хүлээлгэн өгч байсан билээ.

Ялалтын сүрт жагсаалын эхэнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэлсэн үгэндээ “Өнөөдөр фашизмын эсрэг ялалт байгуулсны баярыг тэмдэглэж байна. Дэлхийн хүн амын 80 хувь энэ дайнд оролцсон гэсэн тоо баримт бий. ЗХУ дайсны хамгийн том цохилтыг өөр дээрээ хүлээж авсан. Ийм болохоор Улаан армийн байгуулсан ялалт түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон. Хамтдаа ариун ялалтыг байгуулсан. Дэлхийн II дайнд бид цэг тавьж, дэлхийн бусад улсуудын ард иргэдэд эрх чөлөөг авчирсан. Аугаа эх орны дайны ялалт манай улсын хамгийн том ялалт хэвээр үлдэнэ.  Ялалтын баяр- бидний хамтын баяр, Аугаа Эх орны дайн бол бүх хүн төрөлхтний ирээдүйн төлөө дайн байсан юм. Бидний эцэг өвгөд хүнд хэцүү цаг үеийг туулсан. Тэд маань эцэж цуцахыг мэдэхгүй, хүний хүч чадлын хязгаарт тултал ажиллаж байлаа. Тэд амь биеэ үл хайрлан, өгөөмөр сэтгэл, жинхэнэ эх оронч чанарын үлгэр жишээг үзүүлсэн билээ. Эд бол Азербайжан, Армени, Белорусь, Киргиз, Казахстан, Тажикистаныхан. ЗХУ-ын нэгэн адил олон сая хүнээ дайнд алдсан Хятадын ард түмэн, фашистуудад харьцуулшгүй ширүүн эсэргүүцэл үзүүлсэн Сербичүүд. Дайны турш үргэлжийн дэмжлэг үзүүүлсэн  Монголын ард түмэн” гэж  В.Путин онцоллоо.

Ялалтын баярын 70 жилийн ойн өдөр  1945 оноос хойш өнөөг хүртэлх хугацааны хамгийн олон  буюу 16 мянга гаруй цэргийн албан хаагчид оролцлоо. Хуурай замын цэргийн 194 техник, 143 онгоц, нисдэг тэрэг оролцуулж байна. Ялалтын баярын жагсаалд гадаадын 11 орны 1500 гаруй цэрэг дайчид парадад хөл тавьсны дотор Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөлөл 75 цэрэг дайчид багтсан юм.  Манай бие бүрэлдэхүүн Улаан талбайд 260 орчим секундэд 360 орчим алхаа хийсэн байна. Бүрэлдэхүүнийг зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Батболд ахалж,  Монгол Улсын тугийг ахлах дэслэгч Ж.Баярцогт, дэслэгч А.Алтантүлхүүр, хошууч А.Төгс-Эрдэнэ нар залан алхсан юм.   

ОХУ ялалтын баярын энэ өдөр  цэргийн сүрт жагсаал, цэрэг техникийн шинэчлэлээ дэлхий нийтэд  гайхуулаад амжсан юм. Ялалтын баярын парадыг Армата тэргүүтэй орчин цагийн дэшилтэт технологийн танк, автомашинууд Улаан талбайд сүр хүчийг үзүүлсний дээр агаарын хөлгүүдийн үзүүлэх тоглолтууд гайхамшигтай байлаа. Цэнэглэгч онгоц Ил-78, бөмбөгдөгч онгоц Су-74 болон байлдааны онгоцууд нь агаарт ОХУ-ын төрийн далбааны өнгөөр мэндчилсний сацуу довтолгооны нисдэг тэргүүд нь зэрэглэн нисч 70 гэсэн тоог дүрслэн үзүүлэв.

Оросууд Ялалтын баяртаа эртнээс бэлтгэж, амгалан тайван байдлыг хамгаалахад онцгой анхаарсан байдаг. Москвад цугласан хүндэт зочид хийгээд олон мянган жуулчдын амар амгаланг хамгаалахын тулд 2000 гаруй цагдаагийн ажилтнууд, төдий тооны тусгай ажилтнууд хамгаалалтад гарчээ. Мөн 100 гаруй цэгт мэргэж буучид байрласан байх юм. Москвагийн тэнгэрийг цэлмэг байлгах үүднээс өглөөний зургаан цагаас эхлэн үүл сарниулах ажиллагааг явуулсан байна. Ийнхүү Ялалтын 70 жилийн ойд зориулсан бэлтгэл, баярын сүрт жагсаалаараа  ОХУ сүр хүчээ дэлхий нийтэд бататгаж чадлаа.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж