Яг одоо Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богд ууланд гал гарч байна. Галыг унтраахаар Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газрын гурван анги ажиллаж буй юм. Гал түймэр ойролцоогоор гурван га талбайг хамарсан бөгөөд шигүү уулын орой хэсгээс эхлэн гарчээ.
Нийслэлийн ногоон бүсэд автомашинтай болон явган аялж зугаалахыг зургадугаар сарын 15 хүртэл хориглоод байсан хэдий ч тамхины иш, арц хүжээс үүдэн гал гарсан байх магадлалтай аж. Уг түймэр нь 2019 он гарснаас хойш нийслэлийн ногоон бүсэд гарсан гурав дахь түймэр юм.
Мөн дөрөвдүгээр сарын 2-ны өдөр мухар сүсэгт автсан хоёр эмэгтэй Богд хан уулын Хүрэл тогоотын аманд арц уугиулж байгаад гал алдсан байдаг. Улмаар хэргийн газраас зугтах гэж байхад нь тэднийг байгаль хамгаалагч нь зогсоож, улмаар урьдчилсан байдлаар 50 сая төгрөгийн торгууль ногдуулсан билээ.
НЭМЭЛТ: 2019.04.18. 16.52
Галын голомтод ажиллаж байгаа НОБГ-ын албан хаагчийн хэлснээр “Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд 15.17 цагт "Хийморийн овоо"-нд гал гарч байна гэсэн дуудлага ирсэн. Мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс аврах 14 дүгээр тасаг галын голомтод ажиллаж байна.
Мөн Нийслэлийн аврах ангийн 18 дугаар тасгийг нэмэлт хүчээр илгээж, нийт 30 гаруй алба хаагч, найман автомашинтайгаар, ус зөөж унтраах ажиллагаа явуулж байна. Урьдчилсан байдлаар иргэдийн болгоомжгүй байдлаас болж түймэр гарсан гэж үзэж байна” гэв. Мөн цагдаагийн байгууллагынхан гал тавьсан этгээдийг тогтоохоор ажиллаж байна.
НЭМЭЛТ: 2019.04.18. 17.30
Яг одоо галын голомтод НОБГ-ын дөрвөн ангийн алба хаагчид галыг цурамд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна. НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга хурандаа Д.Мөнхсайхан “Битүү модон дотор гал түймэр гарсан байна. Мөн өнжмөл өвс ихтэй байгаа учраас түймрийг бүрэн унтраахад цаг их орох байх. Түймрийг өнөөдөртөө багтаж унтраахаар шуурхай ажиллаж байна.
Эгц дээш газар болохоор техник явах боломжгүй. Зөвхөн гар ажиллагаа буюу ус зөөж галыг цурамд орууллаа” гэлээ. Мөн гал алдсан гэх хоёр хүний нэгийг цагдаагийн байгууллагаас саатуулаад байна. Үлдсэн хүн нь машинаа эзэнгүй орхиод алга болжээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ