Содномзундуйн Эрдэнэ. УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга. Адармаатай түүхтэй, адайр ааштай. Магтъя гэвэл туйлбартай, муулъя гэвэл гөжүүд. Муутгая гэвэл Баянголын “хаан”. Муулаад суухад үг нэмэхээс татгалзахгүй тоймгүй олон дайсантай.
Магадгүй магтаалын үг хэлхэж, талархал илэрхийлэхээс татгалзахгүй ойрын дэмжигч ч олонтой. Аль аль дүгнэлт нь бусдад итгэл төрүүлэхүйцээр өрнөдгөөс нь харвал тэр зарим хүний хувьд гайхалтай сайн, заримынх нь хувьд тоймгүй муу хүн. Хоёр туйл гэмээр энэ сонин дүгнэлт болоод харилцааны ар руу өнгийж харах нь ээ С.Эрдэнэ гэдэг улс төрч яах аргагүй сонин бас содон дүр төрх.
Ардчилсан намд элссэн он, жил нь тэртээ 1990 онд Багануур дүүргийн Ардчилсан намын дарга болсноор эхэлдэг бол улс төрийн уг гарвал нь Монголын үндэсний ардчилсан нам. Ардчилсан намын тухай үзэл баримтлал нь “Ардчилсан нам бол баруун төвийн үзэл баримтлалтай улс төрийн хүчин байх ёстой” гэдэг ганц өгүүлбэрт зангидагддаг. Үүнийгээ баталж нотлох дүрмийн өөрчлөлтийг өнгөрсөн жил намынхаа дүрэмд тусгаж өгсөн.
Социал демократ үзэл баримтлалтай холилдож, олон жилийн турш баруун ч биш, зүүн ч биш элдэв олон лидерийн эрх ашгийг нэгтгэсэн үйл хэргийн бантан зутан маягтай явж ирсэн Ардчилсан намын хувьд энэ нь яах аргагүй аврал. Ахиад харах нь ээ, уг дүрмийн өөрчлөлтөөр Ардчилсан нам цаашид нийгмийн халамж, татвар, төрийн үйлчилгээ гээд олон чиглэлд улс төрийн намын хувьд тов тодорхой байх ёстой чиг баримжаанаас давж гишгэх эрхгүй болсон. Нэг ёсны “Татвар хөнгөлж, түмнээ аваръя. Халамжийн үйлчилгээгээр ард түмнээ хайрлая” гэх мэт нялуун үгээр мөрийн хөтөлбөрөө гоёхгүй гэсэн үг.
Үүнтэйгээ хамт “Үндэсний үйлдвэрлэгчдийг татвараар зодъё. Гадаадын хөрөнгө оруулалтыг хуулиар бооё” гэх мэт популист улс төрчдийн поп уриаг хэлэх битгий хэл дурсах ч эрхгүй болсон гэж ойлгогдоод байгаа. Хамгийн сонирхолтой нь, энэ үзэл баримтлалын чиг шугамыг тодорхой болгох гэж Ардчилсан намын өнгөрсөн үеийн дарга нар олонтаа ярьсан ч яриагаа хэрэгжүүлэх дээрээ хаалганы араар ороод нуугдчихдаг байсан нь үнэн.
Тэр битгий хэл “Үзэл баримтлал гэж үлийгээ яриад байгаа юм бэ. Би тийм юм ойлгодоггүй” гэдэг эрх ашгийн эрэмбээр Ардчилсан намын бодлогыг тодорхойлдог ааль сайтай ч, ашиг хөөгч даргатай байсан нь саяхных. Алсдаа тэр янзаараа явсан бол Ардчилсан нам МАН-ын үсэрсэн эрх ашиг, үндэс нэгтэй улс төрийн гар хөл төдийхнөөр ирээдүйн түүхээ үргэлжлүүлэх гэмтэй байсан нь ч үнэн.
Гэхдээ мэдээж энэ уналтыг С.Эрдэнэ эрийн сайндаа эс бол ганц дайчин ганцаардахгүй гэдгээр хийчихсэн юм бас биш. Эсвэл мундаг зоригтойдоо ч Ардчилсан намын үзэл баримтлалыг баринтаглаж үлдсэн хэрэг биш байх. МҮАН дээр түшиглэсэн үнэт зүйлийн эрэл Ардчилсан намын гишүүдийн дотор байсаар ирснийг нь нэхэн сэргээж, нэгтгэн дүрэмжүүлсэн нь түүний тус юм. Ингэснээрээ тэрбээр мөн л олонх гишүүндээ тус, цөөнгүй гишүүндээ ус болсон байх жишээний.
Яг л дэмждэг, дэмждэггүй гэсэн хоёр туйлд хуваагддаг түүний тухай тодорхойлолттой энэ нь адилхан гэсэн үг. Учир нь, Ардчилсан намын дүрэмд өөрчлөлт орсноор Үндэсний бодлогын хорооны гишүүдийг сонгох дотоод сунгаанд нэр дэвшээгүй бол намаасаа УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвших эрх нь автоматаар хаагдана. Нэг ёсны намынхаа жирийн гишүүдийн сонголтыг хүндэтгэж, улс төрийн болон эдийн засгийн ямар нэгэн эрх ашиггүй дотоод сонгуульд оролцох замаар үүрэг хариуцлага үүрэхээс татгалзсан бол УИХ-ын гишүүн болох, орон нутгийн удирдлагад ажиллах боломжгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, үүрэхийг нь гишүүд нь үүрч, аахилах буюу эрх ашиг болоод албан тушаалын хуваарилалт болохоор уухилаад гүйчихдэг нэр бүхий лидерүүдийн сайн дурын тоглоомын хэрэгсэл нь Ардчилсан нам байхаа больсон хэрэг л дээ.
Үүнд нь бухимдсан зарим фракцууд С.Эрдэнийн дарангуйллаас Ардчилсан намыг аврах гэдгээр зорилгоо тодорхойлсон хөдөлгөөн байгуулж, хэвлэлийн хурал хийсэн ч дүрмийн өөрчлөлтөд дүрэмдүүлээд эцсийн бүлэгт намаасаа гарахдаа тулж байх жишээний. Ингэхдээ тэд нөгөө л “Ардчилсан нам бол Баянгол дүүрэг биш. Ардчилсан намын Баянголын нам болголоо, арай ч дээ” гэдэг үгээ хэлэхээ мартаагүй. Ер нь бол мартаж ч бас болохгүй л байх. Учир нь, Баянголын Ардчилсан нам бол яах аргагүй С.Эрдэнийн улс төрд бүтээсэн капитал нь.
Одоо ирж МАН-ын лидерүүд “Н.Энхбаярыг хаан байхад би л өөдөөс нь хашгирч явлаа, халзагнаж байлаа” хэмээн хашгираад байгаа болохоос бус, яг нарийн дээрээ ёстой Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай сайн дураараа өрсөлдөж, сөрж явсан хүн нь яах аргагүй л С.Эрдэнэ гишүүн байсан түүхтэй. Н.Энхбаяртай өрсөлдөх нь бүү хэл, өмнүүр нь ч хөндлөн алхах эрхгүй намынхан нь ч, улс төрийн хүрээнийхэн ч хөөрхийлөлтэйгөөр жижгирч байхад С.Эрдэнэ УИХ-д хоёр удаа нэг тойрогт нэр дэвшиж өрсөлдөөд зогсохгүй тойргоо сольж, солбиж зугтсан удаа үгүй.
“Тойргоо солихгүй. Н.Энхбаяртай өрсөлдөнө” хэмээн сөргөлдөж явсаар тэрбээр Баянголын Ардчилсан нам гэдэг нугаршгүй улс төрийн овоог босгож чадсан. Сүүлийн гурван ч удаагийн УИХ болон орон нутгийн сонгуульд Баянголын Ардчилсан намыг МАН ялан дийлж чадаагүй, цаашид ч чадах эсэх нь эргэлзээтэй гэж бодохоор энэ бол яах аргагүй улс төрийн арга барилын хувьд үлгэр болж судлагдахуйц сонин бүтэц, үр дүн. Ийм бүтцийг өнөөдөртөө аль ч аймаг дүүргийн аль ч улс төрийн намын хороо бүтээж дөнгөөгүй гэж бодохоор С.Эрдэнэ гэдэг улс төрчид нөлөөллийг үүсгэх, түүнийгээ багцалж, баталгаажуулах хувь улс төрчийн нууц байна аа гэсэн үг.
Гол нь, энэ арга барил нь зөвхөн С.Эрдэнийг УИХ-д ялуулж, эс бол Баянголын Ардчилсан намыг ялалтад хүргээд зогссон хэрэг бас биш юм. Ардчилсан намын дарга болсон даруйдаа тэрбээр Ерөнхийлөгчид нар дэвшигчдийн дунд сунгаа зарласан. Нэр бүхий таван нэр дэвшигч өрсөлдөж, Ерөнхийлөгч Х.Баттулга ялалт байгуулснаар өнөөдөр Монгол Улсын төрийн тэргүүний бүрэн эрхийг эдэлж буй. Энэ нь дотоод ардчилал болоод нийт намын гишүүдийн санал жинхэнэ том сонгуулийн ялалтад ямар том баримжаа болдгийг батлах улаан гэрэл болж асдаг гэдгийг үлгэрлэсэн улс төрийн шинэ менежментийг нутагшуулсан байх жишээний. Орон нутгийн сонгуульд гэхэд Баянгол дүүрэгт Ардчилсан нам ялбал С.Одонтуяаг Засаг дарга болгоно гэдэг тов тодорхой амлалт тавьж орсон нь ч тухайн үедээ шинэ өөрчлөлт болж байсныг бас мартаж болохгүй. Нэг ёсны энэ бол улс төрийн тодорхой менежмент тодорхой үр дүнг авчирдаг гэдгийг баталсан юм.
Харин өөрийгөө тойруулж хүрээ үүсгэсэн өөр нэг шинэ менежмент нь Ардчилсан хүчний холбоо болоод “Шонхор” фракцийг байгуулж, 2012- 2016 оны хооронд улс орон даяар идэвхжүүлсэн явдал. Үүнийхээ хүчинд ч тэрбээр Ардчилсан намын дарга болж чадсан. Гишүүн тус бүрийн идэвхийг сэргээхээр нийлбэр дүн нь ялалт байж болдог гэдэг улс төрийн арга барилын үр дүн нь өөрөө энэ.
Тэгвэл одоо цагийн тухайд буюу өнөөдрийн улс төрийн зөрчил тэмцлийн тухайд ч тэр тодорхой байр суурь баримталсан хэвээр. УИХ-ын гишүүн Лу.Болд, Ж.Батзандан нарыг гуйж улс төрийн буулт хийсэнгүй. Ерөнхийлөгч Х.Баттулга болон эрх баригч намын хоршсон улс төрд холбон тоглогч хийх бус харин хөндлөнгийн сөрөг дүрээр үлдэхийг хүссэн. Тэр хүсэл, зорилгоос хазайсангүй.
УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах хуулийн төслийг хэлэлцэхэд хүртэл “Хуулиар ингэж тоглож болохгүй” гээд хөдлөөгүй байх жишээний. Эрх баригч намын сүүдэрт нуугдаж, улс төр хийж тоглодог сөрөг хүчний сул дорой лидерийн дүрийг тэрбээр үргэлжлүүлсэнгүй. Ардчилсан нам баруун төвийн нам байна. Ардчиллын амин сүнс нь болсон хуулиар тоглож болохгүй. Эрх баригч намтай бүлэггүй болсон ч эвлэлдэж эвсэхгүй… Энэ бол С.Эрдэнийн тодорхой байр суурь. Магадгүй энэ байр суурь нь өөрийг нь томоор харагдуулж байгаа, Ардчилсан намыг бие даасан ардчилсан байлгаж чадуулж байгаа тодорхой өнцөг.
“Айсан хүнд аргал хөдөлнө” гэдэгчлэн эрх баригч хүчний УИХ дахь 65 суудлын өөдөөс тэрсэж босоод сайныг үзэхгүй гэдэг улс төрийн гашуун үнэнээс чичрэхгүй тэрсэлдэж яваа тийм л сөрөг хүчний удирдагч. Ерөнхийлөгчийн удирддаг МоАХ хүртэл Ардчилсан намаас зохион байгуулсан жагсаалд оролцохгүй, сонирхлоо татсан. Гэсэн ч Ардчилсан нам жагссан. С.Эрдэнэ жагсаалаа зохион байгуулсан. Яг энэ хандлага нь өнөөдөр олон олон хүнийг “С.Эрдэнийг дэмжих цаг ирдэг юм байжээ” хэмээн өөрсдийн зүгээс дэмжлэгээ илэрхийлэхэд хүргэж байна. Цаг хугацаа өнгөрөхөд сөрөг хүчний үнэ цэнтэй лидер болохоо, ардчилсан үзэл баримтлалд үнэнч үлдэх Ардчилсан намын лидерүүд дунд ховордсон ардчилсан капитан болохоо тэр батлан харууллаа. Үг нь, цаашлаад үзэл бодол нь өөрчлөгддөггүй, өөрчлөгдөхгүй байна гэдэг цаг хугацаандаа үнэ цэнтэй байдгийн жишиг болоод жишээ нь энэ биз ээ.
Холбоотой мэдээ