Манай “галзуугийн тасаг”

Хуучирсан мэдээ: 2019.04.18-нд нийтлэгдсэн

Манай “галзуугийн тасаг”

Манай “галзуугийн тасаг”

Саяхныг хүртэл цоо эрүүл байсан Л.Болд гишүүн танигдахын аргагүй өөрчлөгджээ. “Манай хувьсгалын удирдагч Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийг хана, таазандаа бичиж өлгөх ёстой” гэж хадууртлаа популизм хийх болсон тэрбээр лавтайяа “могойн хорлол” тусч. Монголчууд “Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол” гэдэг сэн.

Харин “Туул голын бүх загас эм сүвтэй болчихсон” гэж суугаа амьтан судлаач, аварга А.Сүхбатын хувьд бол “бөх бол төр”. Түүнээс хууль ёс, эрдэм мэдлэг, мэргэжил боловсрол шаардаад ч нэмэргүй. “Өвөл болохоор хүйтэн болдог” тухай үнэнийг хэлсэн М.Билэгтийг шоолж, эсвэл “умаа гэж уйлаад ммм гэж үхдэг” хорвоогийн амьдралыг дуугаар уяраах ёстой С.Жавхлангаас хууль нэхээд хэрэггүй. Энэ мэтээр сонгогчдодоо үргэлж “инээд хөөр” бэлэглэж явдаг, “эрүүл бус” харагддаг гишүүд Г.Занданшатарын парламентад цөөнгүй. Ийм “эрүүл бус” хүмүүсээр төрөө бариулчихаад элэглэж, шоолж суугаа сонгогч бид өөрсдөө бүр ч эрүүл бус юм. Учир нь, ийм эрүүл бус сонголт хийсэн нь бид өөрсдөө шүү дээ.

Популизм бол Монголын улстөрчдийн хоргодох, амиа аврах сүүлчийн ганц газар болжээ. Хэн бодлоготой, мөрийн хөтөлбөртэй нь биш хэн сайн популизм хийж байгаа нь алга ташуулдаг болж. Ямар сайндаа л Монголын топ 10 улстөрчдөд У.Хүрэлсүх, Х.Баттулга, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Ц.Нямдорж, С.Жавхлан нар багтах вэ дээ. Ийм хүмүүсийг Монголын "топ 10 улстөрч" гэж нэрлэчихээд “Бид ядуу, тэд баян амьдарч байна” гэж халаглаж суугаа бол бидний хохь юм. Монголчууд ямар байна, Монголын төр тийм л байна гэсэн үг.

Товчхондоо, Г.Занданшатарын парламент “галзуугийн тасаг” болчихсон нь Монголын нийгэм бүхэлдээ галзуу тусчихсаны шинж тэмдэг юм. Монголчууд сонгогчийн боловсролгүй, сонголтдоо хариуцлагатай хандаж чаддаггүй учраас л “Дээдэх нь гүйдлээ олохгүй, доодох нь суудлаа олохгүй”-д хүрсэн хэрэг. Хэрэвзээ, монголчууд сонгогчийн боловсролтой бол С.Жавхлан дуугаа дуулаад, Ж.Батзандан жагсаалаа удирдаад, А.Сүхбат бөхөө барилдаад, Б.Наранхүү бизнесээ хийгээд явж байх байлаа. Өнөөдрийн хувьд тэд бол төр. Хууль санаачлах, батлах эрхтэй хүмүүс. Үндсэн хуулийн өөрчлөлтийг өнөөдрийн 75 гишүүн батална.

Гэвч Г.Занданшатарын парламентаас баталсан зарим нэг хууль эхнээсээ л эдийн засаг, хөрөнгө оруулалт болоод Үндэсний аюулгүй байдал айдас, болгоомжлол дагуулж байна. ҮАБЗ-ийн дагуу гэх үгээр хуулийг ч, тогтоолыг ч өөрчилдөг болсон. ҮАБЗ-өөс өгсөн чиглэлээр хэн дуртай гишүүн гарч ирээд “Гэрээг цуцална, лицензийг нь хураана” гэх зэргээр мэдэгдэл хийдэг болсны хамгийн сүүлийн жишээ нь УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагвын “Оюутолгойн гэрээг цуцална” гэсэн үг. Араас нь салбарын сайд нь гарч ирээд “Гэрээг цуцлахгүй” гэж хэлсэн ч энэ мэт зөрүүтэй байр суурь, мэдэгдэл нь хөрөнгө оруулагчдад эргэлзээ үүсгээд зогсохгүй эдийн засагт ч хүлээлт бий болгодог.

Тиймээс Монголын парламент 76 гишүүнтэй ч Монголын төр нэг амтай байх цаг болжээ. Д.Тэрбишдагвын үг бол хувь хүний байр суурь биш юм. Учир нь, Оюутолгойн гэрээг ахалж байгаа ажлын хэсгийн ахлагчийн хувиар түүний үгийг Монголын парламентын байр суурь гэж хүлээж авах хүмүүс олон. Өнөөдрийн хувьд аль нь сайд, аль нь гишүүн, хэн нь Ерөнхийлөгч, хэн нь Ерөнхий сайд болох нь ялгагдахаа больсон.

Үнэндээ өнгөрсөн 2016 онд сонгогч бид галзуу хүмүүсийн гарт “буу атгуулчихсан". Ядаж байхад тэд Үндсэн хуулийг өөрчлөх эрхтэй болчихсон.

Ямартай ч өнгөрсөн 2018 оны аравдугаар сард Л.Болд гишүүн "Үнэндээ манай парламентын нэг ч гишүүн Үндсэн хуулиа бүрэн гүйцэд уншаагүй. Нэг ч удаа Үндсэн хуулиа дагаж хууль гаргаж байгаагүй. Жишээ нь, аливаа нэг хууль өргөн барилаа гэхэд хамгийн эхэнд Үндсэн хуулиар тухайн хуулийг зохицуулж байгаа заалтуудыг чухалчлах ёстой л доо. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиас бусад хууль урган гардаг. Тэгтэл нэг ч хүн Үндсэн хуулиа сөхөж харахгүйгээр өөрсдийнхөө хүссэнээр хууль гаргачихдаг. Үндсэн хуультайгаа авцалдаагүй хуулиуд батлаад байсны уршгаар Цэц дээр хуулиуд унаад байгаагийн шалтгаан энэ шүү дээ. Хэрэв Үндсэн хуулиа харж, уншсан бол олон асуудал буруу шийдэгдэхгүй байх байсан" гэж ярилцлага өгч байжээ. Тэгэхээр ядаж л үүнийгээ ангийнхандаа тайлбарлаж өгөөсэй. Монгол Улсын Үндсэн хууль бол төр-ард түмний хоорондын гэрээ гэдгийг тэд маань мэддэг л байгаа даа.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж