Э.Цэвэгмэд хүрэл медаль хүртжээ

Хуучирсан мэдээ: 2015.05.09-нд нийтлэгдсэн

Э.Цэвэгмэд хүрэл медаль хүртжээ

-Манай баг тамирчдаас одоогоор нэг алт, дөрвөн хүрэл медалийг хүртээд байна-

Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн ХХҮIII дахь, эмэгтэй чөлөөт бөхийн ХҮIII дахь аварга шалгаруулах тэмцээн Доха хотын “Aspire” спорт цогцолборт үргэлжилж байна.

Өчигдөр буюу тавдугаар сарын 8-ны өдөр манай таван эмэгтэй бөх дэвжээнд гарснаас 63 кг-ын жинд ОУХМ Э.Цэвэгмэд хүрэл медаль хүртлээ. Түүний жинд 7 бөх барилдсан бөгөөд тэрээр нэгдүгээр тойрогт БНХАУ-ын бөх Зхоу Ма Хулиог 10:0 оноогоор, улмаар хүрэл медалийн төлөө Энэтхэгийн бөх Анеетаг 8:8 онооны харьцаагаар ялсан юм. Тэрээр Азийн аваргын хошой хүрэл медальтан боллоо.

Э.Цэвэгмэдийн энэхүү медаль ААШТ-ээс эмэгтэй бөхчүүдийн хүртэж буй анхны, Монголын багийн тав дахь медаль болоод байна.

Тодруулбал, манай баг тамирчдаас эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Бэхбаяр алтан медаль, 61 кг-ын жинд ОУХМ Б.Номин, 65 кг-д Гавьяат тамирчин Г.Мандахнаран, 85 кг-д П.Өсөхбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-д Э.Цэвэгмэд нар хүрэл медаль хүртсэн юм.

Э.Цэвэгмэд, Энэтхэгийн бөх Анеета.

Тэмцээний дөрөв дэх өдөр буюу өнөөдөр манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох 75 кг-д ОУХМ Б.Одончимэг барилдах юм. Түүний жинд зургаан орны бөхчүүд барилдах бөгөөд тэрээр эхний тойрогт БНХАУ-ын бөх, 2014 оны ДАШТ-ий хүрэл медальт Чянь Жоүтэй барилдана.

Барилдааныг https://unitedworldwrestling.org-с үзнэ үү.

НЭМЭЛТ: (21.00 цаг.)

75 кг-ын жинд барилдаж буй ОУХМ Б.Одончимэг БНХАУ, БНСУ-ын бөхчүүдийг дараалан ялж, мөнгөн медалийн болзол хангаад байна. Тэрээр аваргын алтан медалийн төлөө Японы Сүзүкитэй барилдах юм.

Ч.БОЛОР


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж