17:30
Төрийн тэргүүнүүд хүндэтгэл илэрхийлэв
Улаан талбайд нэр нь үл мэдэгдэх цэргийн хүндэтгэлийн бамбар асч байдаг. Тэрхүү мөнхийн галт бамбарт Ялалтын 70 жилийн ойн баярт оролцсон дэлхийн олон орны төрийн тэргүүнүүд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв. Тэрхүү хүндэтгэлт ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцсон юм.
17:25
Цэргийн командлагчтай мэндчилэв
ОХУ-ын ерөнхийлөгч Ю.Путин болон Ялалтын баярын сүрт жагсаал хүлээн авагч Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, жагсаал командлагч ОХУ-ын Хуурай замын цэргийн ерөнхий командлагч, хурандаа генерал Олег Салюков нар жагсаалд оролцсон цэргийн баг бүрэлдэхүүний ахлагч нартай мэндчилэв. Тэдний дотор Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөлөл бүрэлдэхүүнийг ахлан явсан зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Батболд байлаа. Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн сүрт жагсаалд оролцохын өмнө тавдугаар сарын 4,7-ны өдрүүдэд шөнийн нэгдсэн бэлтгэл хийсэн байна.
17:05
Цэргийн техник явж өнгөрсний дараа Улаан талбай дээгүүр 200 метрийн өндөрт онгоц, нисдэг тэрэг, стратегийн бөмбөгдөгч онгоц, тээрийн онгоцнууд, агаарт шатахуунаар цэнэглэгч зэргийн зэвсэглэлд байгаа 21 төрлийн онгоц, нисдэг тэрэг нисэн өнгөрөв. Анх удаагаа парадын нисэхийн үзүүлбэрт сайжруулагдсан цохилтын нисдэг тэрэг Ми-35М, сургуулийн нисдэг тэрэг "Ансат-У", сөнөөгч онгоцнууд Су-30, Су-35 нислээ. Парадын төгсгөлд 15 МиГ-29, Су-25 онгоцнцууд "70" гэсэн тоог, Зургаан Як-130, зургаан Су-25 онгоцнууд Оросын төрийн далбааны өнгийг тэнгэрт гаргалаа.
Цэргийн парадад 16 мянган цэргийн албан хаагч, 194 цэргийн техникийн нэгж, 143 онгоц, нисдэг тэрэг оролцлоо. Парадын хөгжмийн дагуулгыг Москвагийн гарнизоны оркестр гүйцэтгэн 50 орчим марш аяыг тогложээ.
16:40
Явган цэргийн жагсаалын дараа дайнаас хойшхи бүх он жилүүдийн 194 нэгж техник талбайд гарч ирэв. Жагсаалыг эх орны дайны домогт зэвсэг болох Т-34-85 дунд танк, өөрөө явагч их буу СУ-100 зэргийн техникүүд толгойлов. Эдгээр машинуудыг түүхийн клубуудын идэвхтнүүд засч сэргээсэн байна.
Орчин үеийн хуягт авто машин "Тигр" (пуужингийн шинэ "Корнет-Д" цогцолборт энэ машин байгаа), хуягт тээвэрлэгч БТР-82А, нэмэгдүүлсэн хамгаалалт бүхий хуягт автомобиль "Тайфун-У", десантын байлдааны машин БМД-4М, десантлагдахад зориулагдсан хуягт тээвэрлэгч БТР-МДМ "Ракушка", "Курганец-25" гэх ирээдүйтэй гинжит суурин дээр бүтээгдсэн БТР ба БМП, “Армата” гинжит хүнд суурийн БМП Т-15, байлдааны үндсэн танкууд Т-90 болон ирээдүйтэй Т-14 "Армата" дунд танк, ирээдүйн өөрөө явагч их буу "Коалиция- СВ", "Искандер" гэх пуужинт цогцолбор, ТОР-М2У, БУК-М2, "Панцирь-С", С-400 маркийн агаараас хамгаалах пуужинт төхөөрөмжүүд, тив алгасан нисэх "Ярс" пуужин, "Бумеранг" гэх дугуйт сурийн хуягт тээвэрлэгч Улаан талбайгаар дайран өнгөрлөө. Одоо зэвсэглэлт байгаа мөн ирээдүтэй гэх загварууд гадаадын цэргийнхний анхаарлыг татаж байна. Цэргийн атташе нарын гэрэл зургийн аппаратууд техникийг өнгөрч байхад амс хийсэнгүй.
16:10
Ерөнхийлөгч В.Путин милитаризмтай тэмцэхэд асар их хохирол үзсэн Хятадын ард түмнийг онцлон тэмдэглэв. Дайны турш үргэлжийн дэмжлэг үзүүлж ирсэн Монголыг ч мөн нэрлэв. Владимир Путин Агуу эх орны дайнд амь үрэгдэгсдийн дурсгалд минутын гашуудлыг зарлав.
Ерөнхийлөгч баярын үг хэлсний дараа Оросын төрийн дуулал эгшиглэн түүнийг Кремлийн Александровын цэцэрлэгт байрлуулсан их бууны ёслолын буудлага дагалдлаа. Ингээд парадын явган цэргийн жагсаалаар үргэлжилж байна.
Хамгийн эхэнд Агуу эх орны дайны фронтын цэргийн сүр хүчийг билгэдсэн штандартуудыг (сүлд) авч явав. Дараалаад дайны үеийн явган цэрэг, далайчид, нисгэгчид, сайн дурын журамт цэрэг, морин цэрэг, казахуудын хувцастай түүхэн анги нэгтгэл жагсчээ.
Тэдний дараа индрийн өмнүүр Хуурай замын цэргийн хороо, Тэнгисийн цэргийн хороо, Агаарын десантын хороо, Агаарын болон сансрын цэргийн суман, Стратегийн пуужинт цэргийн суман болон цэргийн бусад төрлүүдийн анги нэгтгэл, Зэвсэгт хүчний хүндэт харуулын болон ерөнхийлөгчийн хорооны морин цэргийнхэн, цэргийн сургуулийн курсантууд парадыг үргэлжлүүлэв.
Ялалтын 70 жилийн ойн сүрт жагсаалд Монгол,Энэтхэг, Хятад, Туркмен, Казахстан, Армен, Серб, Киргиз, Белорусь, Азербайжан зэрэг орнуудын нийт 730 орчим хүнтэй парадын арваад бүрэлдэхүүн анх удаагаа Улаан талбайд жагслаа.
16:05
Оросын нэн шинэ түүхийн хамгийн өргөн цар хүрээтэй Ялалтын парад
Агуу эх орны дайны Ялалтын 70 жилийн ойд зориулсан орчин үеийн Оросын хамгийн өргөн цар хүрээтэй цэргийн парад Москва хотын зүрх болсон Улаан талбайд эхэллээ.
Ялалтын парад Москвагийн цагаар 10:00-д эхэлж, Ялалтын туг, ОХУ-ын төрийн далбааг Улаан талбайд залснаар эхлэв. Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу задгай “ЗиЛ” маркийн машинаар Кремлийн Спаскийн цамхгийн хаалгаар талбайд гарч ирмэгц парад командлагч бөгөөд ОХУ-ын Хуурай замын цэргийн ерөнхий командлагч, хурандаа генерал Олег Салюков сайдыг угтан очиж, цэргийнхэн парадад бэлэн болсныг илтгэв. Дараа нь тэд Москвагийн гарнизоны анги нэгтгэлийн дайчидтай мэндчилж, баярын жагсаал эхэлснийг мэдэгдлээ.
Парадын эхэнд уламжлалын дагуу хөгжмийн оркестр анх удаа 1945 оны Ялалтын парад дээр тоглосон Михаил Глинкийн "Иван Сусанин" дуурийн “Алдарштугай” гэсэн эх оронч дууг эгшиглүүллээ. Батлан хамгаалахын сайд индрийн зүг хүрэлцэн ирээд ОХУ-ын Зэвсэгт хүчний Дээд ерөнхий командлагч бөгөөд ерөнхийлөгч Влимир Путинд цэрэг парадад бэлэн болсныг илтгэв.
В.И. Лениний бунхныг чимэглэн хаагаад зэрэгцүүлэн баярын индрийг зассан байв. Индэрт ахмад дайчид гадаад орнуудын зочид төлөөлөгчид 2,3 мянга гаруй хүмүүс Путины хамт байлаа.
Владимир Путин Агуу эх орны дайнд амь үрэгдэгсдийн дурсгалд минутын гашуудлыг зарлав. Ерөнхийлөгч баярын үгэндээ нэн түрүүнд ахмад дайчдад баяр хүргэн талархлаа илэрхийлээ.
16:00 /Монголын цагаар/
“Улаан талбай”-д ялалтын баярын жагсаал эхэллээ
Эх орны дайны ялалтын түүхт 70 жилийн ойн баяр Моксва хотноо албан ёсоор нээлтээ хийж, Улаан талбайд цэргийн сүрт жагсаал эхэллээ. Ялалтын баярын 70 жилийн ойн энэ өдөр 1945 оноос хойш өнөөг хүртэлх хугацааны хамгийн олон буюу 16 мянга гаруй цэргийн албан хаагчид оролцож байгаагаараа онцлог юм. Мөн хуурай замын цэргийн 194 техник, 143 онгоц, нисдэг тэрэг оролцуулж байна. Ялалтын баярын жагсаалд гадаадын 11 орны 1500 гаруй цэрэг дайчид парадад хөл тавьж байгаагийн дотор Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөлөл 75 цэрэг дайчид байгаа юм.
Америкийн “Абрамс”, Британийн “Челленжер”, Германы “Леопард” танкуудыг ардаа хол орхисон ОХУ-ын хуягласан капсул, алсын удирдлагатай цамхаг бүхий “Армата” танк ялалтын 70 жилийн ойн баярын гайхамшигт нэгэн сюрприз болж байна. Түүхт ялалтын ойд Оросын тал дэлхийн 68 улсын төрийн тэргүүн болон олон улсын байгууллагуудын дарга нарыг урьсан бөгөөд тэднээс 27 нь Москвад очоод байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хамгийн анхны урилга илгээсэн нь эх орны дайны ялалтад Монголын оруулсан хувь нэмрийг үнэлсэн хэрэг болж байна. Манай улсын Ерөнхийлөгчөөс гадна ялалтын баярт оролцохоор БНХАУ-ын дарга Си Зинпинь, Куба улсын төрийн тэргүүн Рауль Кастро, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар Улаан талбайд очоод байна. Францыг төлөөлөн Москвад тус улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус оролцох боловч цэргийн парад үзэж амжихгүй гэдгээ урьдчилан мэдэгджээ.
Харин АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Германы канцлерь Ангела Меркель, Японы ерөнхий сайд Шинзо Абэ, Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху, Туркийн ерөнхийлөгч Режеп Тайып Эрдоган, Беларусын төрийн тэргүүн Александр Лукашенко нар оролцож амжсангүй.
Ш.МЯГМАР, Д.ЦЭЭНЭ