Салхин ширэлдээ задарч эн тэлэв

Хуучирсан мэдээ: 2015.05.09-нд нийтлэгдсэн

Салхин ширэлдээ задарч эн тэлэв

Ш.Энхбаярынхаа номыг би мөн ч олон жил хүлээлээ дээ. Их хүлээсэн. Сурагч ахуйн гэнэн балчир наснаасаа өдгөө хүртэл амьдрал аяны саруул гэгээн замд сэтгэл зүрхний амин анд явнаа, бидэн. Г.Мөнхцэцэг бид гурав есдүгээр ангидаа "Бэхэн цэнхэр өдрүүд" хэмээх бяцхан номоо гаргачихаад дэгдэж явсан минь он жилийн цаана дурсамж болон үлдэж түүнээс хойш гэрэлт замаасаа хазайсангүй, андын журам хэлтийлгэсэнгүй.

Эгээрэл, гэгээрлийн шүлгүүдээ эрт эхэлсэн Энхбаяр маань өөрийн унаган аажуу зан, тайвуу төрх, нухацтай, юмыг эргэцүүлэн хэдэнтээ тунгаах тулхтай араншингаасаа ч болсон уу, ийн оройтож "Зүрхний хураангуй", "Сэтгэлийн хураангуй" хоёр номоо хос бичгээр уншигч олны алга, сэтгэлийг тэнийлгэн тавьж байгаад түмний өмнөөс би баярлаж суунаа.

Түүний яруу найргийн тухай бодол, алс чиг зүгийн баримжаа, санаа хэт нь аль эрт тодорхойг мэдэх хүн нь би билээ. Гэвч тайлбарлахын аргагүй. Зөвхөн шүлгүүдээс нь мэдрэмжтэй, ухаантай хүний л хүртэж чадах эсэх мэднэ. Би Энхбаярыгаа, шүлгүүдийг нь хэтэрхий сайн мэднэ. Сайн мэддэг хүнийхээ тухай хүн бичиж чаддаггүй юм байна. Шүлгүүдээс нь мөр бадаг сугалан татахын аргагүй, үгийн тэнхээтэй, ухааны цараатай, нягт нямбай, угаас аливаад хандах түүний хандлага тийм билээ.

"Цэцэгсийн шүүдэрт унасан оддыг би

Ингэний буйлаанд уяран байж түүлээ

Цэцэгсийн үнэрт нялхарсан оддыг чи

Тэнгэрийн бидрээнд харамсан байж цацлаа" гэсэн хүүхэд насны нь дөрвөн мөрт санаанд орж байна.

Сурагч ахуйн бид гурвын бяцхан номын Энхбаярын бүлэг "Салхин ширэлдээ" нэртэй. Одоо түүний салхин ширэлдээ задарч эн бүрэн тэлжээ. Тэрээр амьдралын мөн чанар, цаг хугацаа, орчлон ертөнцийн явдлыг талбиун цээлхэн тунгаасан утга учрын нандин шүлгүүдээ "Зүрхний хураангуй", "Сэтгэлийн хураангуй" болгон танд барилаа. Энэ номын баринтагийг Монгол Улсын Хүний гавьяат эмч, зохиолч, бидний номын багш Хандын Цэрэндорж задлах байсан биз ээ. Би багшийнхаа өмнөөс, уншигч олныхоо өмнөөс сэтгэлийн минь хаяа хярхаг бүрэн тэнийв.

Д.Нацагдоржийн шагналт,
"Болор цом"-ын эзэн яруу найрагч, ангийн анд
Арлааны ЭРДЭНЭ-ОЧИР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж