Монгол улсын Ерөнхийлөгч 2010 онд 63 тоот зарлиг гаргаж, нийт ард иргэд, айл өрх, төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд мод тарих, түүнийгээ арчлан хамгаалах амьдралын шинэ хэв маягийг хэвшүүлэн ажиллах талаар уриалга гаргасанаас хойш улс даяар жил бүр мод тарих ажлыг зохион байгуулдаг болсон.
Энэ жилийн "Бүх нийтээр мод тарих өдөр” нь Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ой өдөртэй давхцаж байгаа бөгөөд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт “Сонгодог төгөл” ногоон байгууламжийг Улаанбаатар хотын иргэдэд зориулан барих ажлыг эхлүүллээ.
Төслийн хүрээнд Сүхбаатар дүүрэгт байрлах Тусгаар тогтнолын ордны урд Монгол-Туркийн цэцэрлэгийн ногоон байгууламжийг сайжруулан, өргөтгөх зорилгоор 2500 мод, бут нэмж суулгах аж. Мөн театрынхаа гадна талбайг зүлэгжүүлэх ажлыг “Стандарт майниниг Брос” ХХК-аар гүйцэтгүүлэн ажиллаж байна.
“Ногоон төгөл” байгуулах төслийн нээлтийн ажиллагаа өнөөдөр(V.09) болсон бөгөөд энэхүү арга хэмжээнд УДБЭТ-ын захирал Ч.Мөнхзул, театрын үе үеийн уран бүтээлчид, Турк улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагез, “ТИКА” байгууллагын суурин төлөөлөгч, ноён Экрем Клан болон СБД-ийн ЗДТГ-ын даргын орлогч Л.Амарзаяа нарын албан хүмүүс оролцсон юм.
УДБЭТ-ын захирал Ч.Мөнхзул хэлэхдээ: “УДБЭТ-ын хамт олон сонгодог урлагийн үзэгчиддээ шинэ, содон уран бүтээлээр үйлчлэх нөр их хөдөлмөрийнхөө хажуугаар нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор театрын нэрэмжит ногоон төгөл байгуулах төслийг хэрэгжүүлэн ажиллаж эхэллээ. Энэхүү “Сонгодог төгөл” хотын төвийн нэгэн гол хэсэгт болж байгаагаар ихээхэн онцлог болж байна. Театрын хамт олны хувьд Улаанбаатар хотын ард иргэд болон улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ улам сайжруулж, нийгмийн хариуцлагаа биелүүлж ажиллаж байгаагийн минь нэгэн хэсэг болж байна. Өнгөрсөн жил бид театрынхаа урд 11 модыг тарьсан байгаа. Энэ жил театрын гадаа талбайг зүлэгжүүллээ. Театрын ойр орчмыг ногоон байгууламж болгох нь бидний хувьд гарцаагүй үүрэг байгаа. Энэ жил Сүхбаатар дүүргийн Тамгын газартай хамтраад Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэнд өөрсдийн төгөлтэй больё гэж шийдсэн юм. Энд бид 2000 гаруй шар хус суулгаад байна.” гэсэн юм.
СБД-ийн ЗДТГ-ын даргын орлогч Л.Амарзаяа: -“Бид бүхэн өнөөдөр нэгэн онцгой үйл явдлын гэрт боллоо. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр тэр дундаа хотын төвийн гол хэсэгт байрлах Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид, ажилчдын санаачлагаар “Сонгодог төгөл” болгож байгаад би хувиасаа болон нийт нийслэлчүүдийнхээ өмнөөс талархаж байгаагаа хэлмээр байна. Энэхүү сайхан санаачлагыг дүүргийнхээ 140 мянган иргэн болон нийслэлд амьдарч байгаа 1,3 сая иргэдийнхээ өмнөөс талархаж байна. Монголдоо төдийгүй дэлхийд улс орныхоо нэрийг өндөрт өргөж яваа нийт уран бүтээлчид та бүхэнд дуу хуур эгшиглэсэн, үзэсгэлэнтэй ногоон төгөл бүхий газрыг хийнэ гэдэг бол сайхан санаа. Энэ хэсэг нийслэлийн хамгийн сайхан гэгээлэг, урлагийн орчин бүрдсэн, хүний сэтгэл санааг гэгээрүүлэх, оюун ухаан тайвширсан, инээд хөөр бэлэглэсэн нөхцөл бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна.” гэлээ.
Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагезтай цөөн хором ярилцлаа.
-Дуурийн театрын уран бүтээлчдийн санаачилсан арга хэмжээнд оролцож байгаа танд талархаж байна. Сэтгэгдлээ Монголын үзэгчдэд хуваалцаач.
-Би Туркийн Стамбул хотын хүн. Дунд сургуульд сурч байхдаа скаутын байгууллагын гишүүн болсон. Тэр үед бид хотоос зайдуу гараад мод тарьдаг байлаа. Мөн оюутан болсон хойно ч иймэрхүү арга хэмжээнд оролцож байсан. Харин сүүлийн жилүүдэд мод тариагүй юм. Өнөөдөр миний амьдралд бас онцгой өдөр тохиолоо. Монгол ард түмэнтэй хамт мод тариад зогсож байна гэдэг надад үнэхээр бахархууштай байна. Өнөөдөр бол үнэхээр сайхан өдөр байна. Цаг агаар тийм ч хүйтэн биш байна. Энэхүү үйл явдлыг зохион байгуулж байгаа хүмүүст их талархаж байна.
-Манай улсад Туркийн нэрэмжит олон газар байдаг. Тэр дундаа бид нарын сайн мэдэх Анкарын гудамж юм. Гэтэл одоо "Ногоон төгөл"-өөр дамжуулан Монгол-Туркийн цэцэрлэгийг мэддэг болж байна.
-Ойрын өдрүүдэд мод тарих ажил өрнөж байна. Турк улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамныхан ч бас энэхүү уриалгад нэгдсэн. Бид Элчин сайдын гудамжинд байдаг Өргөө барилгын дэргэд мод тарьсан. Хамгийн гол нь Улаанбаатар хотод Монгол-Туркийн найрамдлыг бэлгэдсэн олон газар байдаг. “Зоос гоёл”-ын уулзвараас Соёл урлагийн их сургууль хүртэлх 2,8 га газрыг Анкарагийн гудамж гэж нэрлэсэн. Мөн Ататуркийн нэрэмжит V дунд сургууль, Сүхбаатар дүүрэгт тэр дундаа хотын төвд Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэн, урд талд нь Цус сэлбэх төв байна. Энэ бүгд Монгол-Туркийн хамтын ажиллагааны нөхөрлөлийг харуулж байна. Ялангуяа өнөөдөр уран бүтээлчид санаачлаад хотын төвд байрлах цэцэрлэгт "Сонгодог төгөл" болгож байгаад талархаж байна. Энэхүү цэцэрлэгийг улам сайхан гэгээлэг болгоно гэдэгт итгэж байна. Яагаад гэхээр монголдоо төдийгүй дэлхийд алдартай Дуурь, бүжгийн театрын хамт олон энэ ажлыг хийж байгаад сэтгэл сайхан байна. Энэ орчин цаашид улам сайхан болно гэдэгт итгэлтэй байна.
-Та ер нь театрт хэр их ирж байна вэ?
-Би урьд нь театрт очдог. Харин Монгол Улсад ирээд илүү их театрын зорих болсон. Монголын уран бүтээлчид маш чадварлаг. Өнгөрсөн оны 9-р сараас эхлээд дуурийн театрын үзэгч болоод байна. Долоо хоногийн бямба, ням гаригт тоглогдох тоглолтын аль нэгийг үздэг болсон. Энэ нь Дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Ч.Мөнхзул бид нарын хамтын ажиллагаа сайн байгаагийн илрэл болов уу. Тиймээс би театрын үзэгч болсондоо баяртай байдаг.
-Ирэх сард Туркийн соёлын арга хэмжээ болно гэсэн. Мөн Туркийн дэлхийд алдартай уран бүтээлчид ирэх юм байна.
-Өнгөрсөн онд Монгол-Турк хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиосон. Энэхүү түүхэн үйл явдлын үеэр маш олон арга хэмжээ болсныг бид бүхэн мэднэ. Харин ирэх зургадугаар сард Улаанбаатар хотод Туркийн соёлын өдрийг зохион байгуулах гэж байна. Үүнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас болон олон байгууллага дэмжин ажиллах юм. Энэ үеэр Туркээс дэлхийд алдартай төгөлдөрч хуурч ирж тоглолтоо сонирхуулна. Энэхүү арга хэмжээ зургадугаар сарын 9-13-ны өдрүүдэд болох юм.
Ч.БОЛОРЧУЛУУН