"Сүхбаатарын талбайн 1/3 банкны барьцаанд тавигдаагүй"

Хуучирсан мэдээ: 2019.04.18-нд нийтлэгдсэн

"Сүхбаатарын талбайн 1/3 банкны барьцаанд тавигдаагүй"

Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Захирагчийн ажлын албанаас өнөөдөр /2019.04.18/  мэдээлэл хийлээ. Тодруулбал, Нийслэлийн засаг дарга дөрөвдүгээр сарын 17-ны өдөр “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээг хангамжийг нэмэгдүүлэх” захирамж гаргасан байна. Энэ хүрээнд зөвшөөрөлгүй баригдсан хашаа, хайс сурталчилгааны самбар зэргийг буулгахаар болжээ.


НАРИЙВЧИЛСАН СУДАЛГАА ГАРГААД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛНЭ. ШААРДЛАГА БИЕЛҮҮЛЭХГҮЙ БОЛ АЛБАДАН БУУЛГАНА

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга Э.Болорчулуун “Нийслэлийн засаг дарга хоёр захирамж гаргасан. Эхнийх нь орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор хашаа, хайс буулгах ажил зохион байгуулах тухай. Харин хоёр дахь нь газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргасан. Бид эхний ээлжид өнгөрсөн жил явагдсан явган хүний зам арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулна.

Иргэдээс болон холбогдох байгууллагуудаас ирсэн саналуудыг хэлэлцээд, 30 байршил дээр ажиллаад, 25 газрыг өнгөрсөн долоо хоногт чөлөөлсөн. 25 байршлын ихэнхэд нь явган хүн явах боломжгүй шон, төмөр хашаа зоосон байсан. Хашааны эзэд тодорхойгүй байсан учраас албадан чөлөөлөх арга хэмжээ авсан. Газар чөлөөлөхөд 4.1 сая төгрөгийн зардал гарсан.

Хариуцах эзэнтэй, объекттой тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж буруутай этгээдээс зардлаа нөхөж гаргуулна. Цаашид өөрсдийнхөө сайтаар иргэдээс санал авна. Өнөөдрийн байдлаар 45 санал ирсэн байна. Газрын  зөрчлийг арилгах арга хэмжээний хүрээнд авто замын орц гарц явган хүний зам чөлөөлөх зөвшөөрөлгүй баригдсан хайс, хашааг болон өөрийн эзэмшил газраас илүү хашаа барьсан газруудыг буулгахаар төлөвлөж байна.

Эхний ээлжинд Их тойрууд байрлах Сүхбаатар дүүргийн 1-8 хороо, Чингэлтэй дүүргийн 1-6 хороо, Баянзүрх дүүргийн 1, 3, 6, 15, 18, 25 дугаар хороон дээр нарийвчилсан судалгаа явуулаад, ирэх долоо хоногт холбогдох байгууллагууд зөрчлийг арилгаад явна. Нарийвчилсан судалгаа гаргаад шаардлага хүргүүлнэ. Шаардлага биелүүлэхгүй бол албадан буулгана” гэв.

АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУД ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГЫН ЗӨВШӨӨРӨЛ АВАЛГҮЙГЭЭР ТУЛГУУРТ РЕКЛАМЫН САМБАРУУДЫГ ХҮССЭН ГАЗРАА БАЙРШУУЛЖ БАЙНА

Хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр " Гадна зар сурталчилгааны самбарыг нийслэлийн нутаг дэвсгэрт байршуулахад иргэдийн хурлын журмыг мөрддөг. Энэ журмын дагуу холбогдох арав гаруй байгууллагуудаас бүрдсэн зөвлөл байдаг. Зөвлөлийн хурлаар нийслэлийн нутаг дэвсгэрт ямар хэлбэр загварын самбарыг аль, аль гудамжинд байршуулах вэ гэсэн шийдвэр гаргадаг.

Иргэдийн хурлаар баталсан  журамд тулгуур хөлтэй хоёр бүхий гурван талтай хулдаасан хэвлэмэл самбарыг Энхтайван өргөн чөлөө, Чингэсийн өргөн чөлөө, бага болон их тойруугийн нийт 23 гудманд байршуулж болохгүй гэж заасан. Нэр дурдагдсан гудмуудад орчин үеийн шийдэл бүхий лед болон электрон үсгэн хэлбэрээр гүйдэг мэдээллийн самбар байршуулж болно.

Гэтэл хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд холбогдох байгууллагын зөвшөөрөл авалгүйгээр тулгуурт рекламын самбаруудыг хүссэн газраа байршуулж байна. Засаг даргаас өгсөн үүргийн дагуу өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд журам зөрчсөн хориглосон бүс газар төлбөр хураамжаа төлдөггүй тулгуурт рекламын самбаруудыг буулгасан. Цаашид ч гэсэн журам зөрчсөн самбаруудыг буулгах ажлыг үргэлжлүүлнэ. Тэгэхгүй бол янз бүрийн хэлбэр загвартай, стандартын бус, өнгө үзэмжгүй, аюулгүй байдал нь алдагдсан самбаруудаар дүүрэх нь” гэв.

Тэд дараа нь сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Гал гарлаа гэхэд орц, гарц хааж барилга барьснаас, эсвэл мухар гудмаас үүдээд цаг алдах тохиолдлууд гардаг. Эдгээрийг хэрхэн цэгцлэх вэ?

-Энэ төрлийн асуудал гэр хороолол болон зуслангийн бүсэд их яригддаг. Бид онцгой байдлын газар болон эрүүл мэндийн газрууд руу судалгаагаа ирүүлэхийг шаардаж байгаа. Бидэнд байгаа бүртгэлээр энэ төрлийн 110 газрын мэдээлэл ирсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ч  тэр  гэр хорооллын  эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо зөрчлийг арилгаж байж шийдвэрлэж байгаа. Захирамжид заагдсанаар зуслангийн газрыг орц гарцтай болгохыг хамтын шийдвэрээр хийнэ гэж заасан. Хашааг зөөгөөд шилжүүлэх боломжтой учраас хашаанд хамт амьдарч байгаа хөршүүд хоорондоо тохиролцоод, орц гарц гаргах ажлыг хамтарч хийе гэсэн саналтай байгаа. Гэр хороололд хууль зөрчсөн хашаа барьсан тохиолдолд албадан буулгах арга хэмжээ авч ажиллана.

Зөвшөөрөлгүй хашаа хайсыг буулгахдаа дан ганц иргэдийн мэдээлэлд тулгуурлаад байгаа юм уу? Тодорхой нэгэн судалгаа бий юу? Нарны гүүр даваад барилгын компаниуд ихэвчлэн явган хүний зам дээр хамгаалалтын хашаагаа барьсан байдаг. Энэ асуудлыг яах вэ?

-Бид нэгдсэн сүлжээний мэдээллийн сантай. Гүүглийн сансрын зурган дээр давхцуулаад бүх зөрчлийг тодорхойлсон байгаа. Мэдээллийн санд оролгүй сүүлд баригдсан явган зам хааж хайс барьсан газруудыг иргэдийн мэдээлэлд тулгуурлаж авч байгаа. Бид судалгаа шинжилгээний үндэслэлтэй ажиллаж байна.

Сүхбаатарын талбайн 1/3  банкны барьцаанд 22.5 тэрбум төгрөгөөр тавьсан гэх яриа байна. Энэ үнэн үү?

-Тийм асуудал байхгүй. Банкны барьцаанд байлаа гэхэд тухайн иргэн өөрсдөө л хариуцлага хүлээнэ. Гэхдээ дээрх шийдвэрийг Засаг дарга хүчингүй болгосон.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж