Төв цэвэрлэх байгууламжид уржигдар /2019.04.16/ ноцтой осол гарч, дөрвөн хүний амь нас эрсэдсэн. Нийслэлээс Төв цэвэрлэх байгууламжийг хэвийн үйл ажиллагаанд оруулж, ослын шалтгааныг тогтоохоор ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй. Уг асуудлаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөс тодруулга авлаа.
-Төв цэвэрлэх байгууламжид осол гарч, дөрвөн хүн амиа алдлаа. Үүгээр ч зогсохгүй Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдлоо шүү дээ. Өнөөдрийн байдлаар тус газрын үйл ажиллагааг хэвийн горимд оруулсан уу. Осолтой холбоотой цаг үеийн мэдээлэл өгөхгүй юү?
-Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид ноцтой осол гарч, дөрвөн хүний амь нас эндлээ. Засаг даргын захирамжаар бид ослын газар хоёр хоног ажиллаж, 48 цагийн дотор Төв цэвэрлэх байгууламжийг хэвийн горимд нь оруулсан. Төв цэвэрлэх байгууламж дөрвөн тунгаагууртай. Нэг тунгаагуурт цагдаа, прокурор, мэргэжлийн хяналт болон холбогдох байгууллагууд осол юунаас болж гарсныг тогтоохоор ослын газар дахь тоног төхөөрөмжийг битүүмжлэн үзлэг хийж байна.
-Ослын газарт 50-60 сантиметрийн лаг хуримтлагдсан талаар албаны хүмүүс мэдээлсэн. Тэнд хуримтлагдсан лагийг соруулсан уу?
-Нэгдүгээр тунгаагуурт байгаа лагийг бүрэн соруулаад хоёр, гурав, дөрөв дэх тунгаагуур луу шилжүүлсэн. Хүмүүсийн яриагаар ажилчид тунгаагуур дотор унасан хэдийгээ татаж авахаар ар араасаа лаг руу живж амиа алдсан гэсэн мэдээ тухайн өдөр тарсан байна лээ. Тус газарт түүхий эдийн насосын станц гэж бий. Насосын станц нь газрын түвшнээс доошоо гурван метр орчим, газрын түвшнээс нэг давхар орчмын өндөрт байдаг.
Тэр станцын дөрвөн талд тунгаагуур бий. Ахуйн хог, үйлдвэрийн хог, шууд орж ирээд түүхий эдийн насосоор цэвэрлэгдэж, бохир ус нь шүүгдээд дараачийн тунгаагуур луу орж, дахин цэвэрлэгдээд, хамгийн сүүлд нь гол руу хаягдах процесс явдаг. Насос дээр ажиллаж байсан ажилчид хорт хийнд хордож маш богино хугацаанд амиа алдсан. Тэднийг ажиллаж байхад өвдөгний доод үеэр татсан бохир, хоёр дахь бүс рүү орж ирсэн бололтой.
Улмаар горимын зөрчил алдагдаж, нойл түвшний хэмжээнд буюу гурван метр орчимд 10×12 хэмжээтэй под станц лагаар дүүрч, ажилчид лаганд угаартаж, унасан хэрэг гарлаа. Одоо хэргийн газарт үүссэн лагийг бүгдийг нь соруулаад холбогдох мэргэжлийн байгууллагад үзлэг хийж байна.
-Осол гарсан өдөр эмнэлэгт нийт хэчнээн хүн хүргэгдсэн юм бол?
-Осол болсон өдөр эмнэлэгт таван хүн очсон. Хордлогод орсон хүмүүст хүчилтөрөгчийн аппарат зүүж, зүрх судасны болон амьсгалын замыг дэмжих ажиллагааг бүтэн өдрийн турш хийсэн бөгөөд тэдний биеийн байдал шөнөдөө тогтворжсон.
-Амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд туслалцаа үзүүлэхээр ажлын хэсэг байгуулагдлаа. Ямар туслалцаа үзүүлэх вэ?
-Талийгаачдын ар гэрт дэмжлэг туслалцаа үзүүлэх чиглэлээр УСУГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Нийслэлийн удирдлагууд талийгаачдын ар гэрийнхэнтэй өнөөдөр үдээс хойш уулзахаар болсон. Саяын осол бол үйлдвэрлэлийн осол учраас Монгол Улсын хууль дүрэмд заагдсан бололцоогоор ар гэрийнхэнд нь дэмжлэг үзүүлнэ.
Мөн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу төсвийн мөнгөнөөс хуульд заагдсан хэмжээгээр мөнгөн туслалцаа олгох, оршуулгын ажилд нь туслалцаа үзүүлэх зорилгоор ажлын хэсгийнхэн ажиллаж байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ