Солонгосчууд монгол хэлийг 500 жил үзэж байжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.18-нд нийтлэгдсэн

Солонгосчууд монгол хэлийг 500 жил үзэж байжээ

Яг одоо “Монголчуудын соёлын өв: гар бичмэл ба архивын баримт цуглуулга” сэдэвт олон улсын хурал болж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн хурлыг Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Оросын ШУА-ийн дорно дахины гар бичмэлийн ба Олон улсын Монгол судлалын холбооноос хамтран зохион байгуулж байна.

Ийнхүү хөрш зэргэлдээ орны олон улсын эрдэм шинжилгээний ажилчид нэгэн дор манай улсад цуглаж буйн ач холбогдол нь дэлхийн улс орнуудад тархсан Монголын соёлын үнэт өвүүдийг олж тогтоох болон XIII зууны Их Монгол Улсаас орчин цагийн монголчуудын түүхийг хамтдаа хэлэлцэх юм.

Энэ үеэр монголчууд бол гар бичмэлийн соёлоороо дэлхийд гайхагдахгүй ч аман уран зохиол, үеэс үед уламжлагдан ирсэн соёлын биет бус өвөөр гайхагддаг гэж зарим эрдэмтэд хэлж байв. Түүнчлэн залуу эрдэмтэн Х.Цогтнаран “Монголын нууц товчоон”-ы гар бичмэл дэвтрийг Японоос шинээр илрүүлсэн тухай илтгэлдээ дурдсан. Гэхдээ энэ нь одоогоор бүрэн нотлогдоогүй, цаашид судлах шаардлагатай аж.

Дөрөв дэх удаагаа зохиогдож буй энэ удаагийн хуралд Түүх, археологийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Архивын Ерөнхий газар, Монголын Үндэсний музей болон ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, Дорно дахины судлалын хүрээлэн, Сибирийн салбарын Монгол, төвд, буддын судлалын хүрээлэн гэх мэт шинжлэх ухааны олон байгууллага оролцож байгаагаараа онцлог.

Энэхүү хурлаар монголчуудын түүхэнд холбогдох гадаад эх сурвалжид тэмдэглэгдсэн сонирхолтой түүхүүдийг эрдэмтэд дэлгэж, танилцуулсан юм. Тухайлбал, ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч Ц.Цэрэндоржийн ярьснаар Солонгосын Чусонь улсын үед монгол хэлийг 500 жилийн турш үзэж судалж байжээ. Учир нь Монголын эзэнт гүрэн уналтад орсон үед дахин  хүчээ авах байх гэсэн болгоомжлолоос үүдэн монголчуудыг судлах зорилгоор заавал үзэх дөрвөн хэлний хоёрт монгол хэл багтаж байсан аж. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт Монголын түүх, монгол хүний тухай баримт материал, түүхэн эх сурвалж, соёлын биет хосгүй үнэт өв тархсан гэдэгтэй гадны эрдэмтэд ч санал нэг байна.

МОНГОЛЧУУДЫН ТҮҮХТЭЙ ХОЛБООТОЙ ГАР БИЧМЭЛИЙГ ТООЛЖ, ТОГТООХ АРГАГҮЙ

Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.РЭГДЭЛ: 

-“Монголчуудын соёлын өв: гар бичмэл ба архивын баримт цуглуулга” олон улсын хурлаар монголчуудын түүхтэй холбоотой архивын баримт бичиг материалыг хэлэлцдэг. Энэ хурлыг анх 2013 онд зохион байгуулсан. Хоёр жилд нэг удаа болдог хурлыг ОХУ болон Монгол Улсад ээлжилж зохион байгуулдаг. Энэ жил манай улсад болж байна. Монгол судлалын гол эх сурвалжийг авч үзье гэвэл архивт хадгалагдаж буй баримт цуглуулга чухал үүрэгтэй. Монголчууд бол XIII зуунаас эхлэн дэлхийд хоёр том даяарчлалыг эхлүүлсэн агуу түүхтэй.

Дэлхийд ийм түүхтэй улс орон байхгүй. Зөвхөн монголчуудын түүхтэй холбоотой ном судар зохиол улс орны өнцөг булан бүрт байна. Энэ бүхнийг тоолж тогтоох арга байхгүй ч эхнээс нь илрүүлэн судалж байгаа. Бидний энэ агуу түүхийг судлах гэсэн гаднын олон эрдэмтэн, судлаач бий. Үүнийг маш сайн судлах ёстой. Хоёрдугаарт, археологийн олдворууд түүхийн чухал эх сурвалж болдог. Эдгээрийг сайн судалбал бид өнгөрсөн түүхээ үнэн зөв мэдэх үндэслэл болно. Өнөөдөр зохион байгуулж буй энэ хурал цаашид илүү цар хүрээгээ тэлж дэлхийн монгол судлаачдын их хурал болж өргөжих байх гэж бид харж байна.

II НИКОЛАЙ ХААНЫ ҮЕД ӨМНӨД МОНГОЛЧУУДАД ОЮУН САНААНЫ НӨЛӨӨ ТОГТООХЫГ ЭРМЭЛЗЭЖ БАЙЖЭЭ

ОХУ-ын Санкт Петербургийн тэнгисийн техникийн их сургуулийн Тэнгисийн флотын түүхийн тэнхимийн эрхлэгч Г.А.ГРЕБЕНЩИКОВА:   

-Монгол Улсад анх удаа ирж байна. Энэ удаагийн хурлаар 1903-1913 оны Хаант Оросын болон тэнгисийн цэргийн флотын төлөвлөгөөн дэх Монгол Улс гэсэн илтгэлийг танилцуулна. Ингэхдээ ОХУ-ын томоохон түүхийн архивуудаас Монгол Улстай холбогдох түүхийг судалсан. Энэ хугацаанд их сонирхолтой түүхийн маш олон сонирхолтой баримт байдгийг олж мэдсэн. Тэр тусмаа XX зууны эхэн үед ОХУ-ын эзэнт гүрний гадаад бодлого, алс Дорнодын геополитикийн үйл ажиллагаа онцгой байр суурь эзэлж байсан юм. Энэ хүрээнд хөрш Монголын хаад ноёд, ард түмэнтэй найрсаг харилцаа тогтоох бодлого баримталж анхаарлаа хандуулж байж. Та бүхний мэдэх II Николай хааны үед холбогдох сонин түүх бий. Энд ОХУ-ын Жанжин штабын офицерын тэмдэглэл Санкт Петербург дахь томоохон архивт хадгалагдаж байсан нь маш сонирхолтой баримтуудын тоонд орно. Тэмдэглэлд 1903-1905 оны хооронд Хаант Оросын Жанжин штабын ерөнхий газрын зүгээс монголчуудтай найрсаг харилцаа тогтоохдоо улс төрийн нөлөөг биш оюун санааны нөлөө тогтооход илүү анхаарч байсан. Тухайн жилүүдэд Монголын Удай ванд ихээхэн тусламж үзүүлж байж. Удай ван бол Өмнөд Монголд хамаарна. Энд Ар Монголын тухай асуудал огт хөндөгдөөгүй гэдгийг тодотгоё.

МОНГОЛЧУУДЫН ҮЛДЭЭСЭН  ГАР БИЧМЭЛ ЦӨӨХӨН. БИЧГИЙН СОЁЛДОО ТААРУУХАН ХҮМҮҮС БАЙВ 

ШУА-ийн  Түүх, археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч Ц.ЦЭРЭНДОРЖ

-Бидний зүгээс БНСУ-ын түүхийн эх сурвалжаас Монголтой холбогдох 10 орчим том түүхэн баримт мэдээ, зохиол байна гэж үзсэн. Тухайлбал, Чусонь улсын тэмдэглэл хэмээх асар том хэмжээний зохиол байдаг. 1894 оны үед хамаарах эдгээр ботийг давхарлаж өрвөл 11 давхар байшинтай дүйцнэ. Энэ бол БНСУ-ын хааны өдөр тутмын хэрэг явдлыг сударч, түүхч түшмэлүүд дагалдан явахдаа нэг бүрчлэн бичсэн байдаг учраас эдгээр ботид Монгол Улстай холбоотой маш олон баримт мэдээлэл байх үнэн магадлалтай зүйлс бий. Ер нь бол манай улсын эртний түүх ихэвчлэн Хятадын эх сурвалжид тулгуурладаг. Монголчуудын бичиж үлдээсэн баримт бичиг их бага учраас тэр юм. Үүнээс гадна солонгос эх сурвалжид тулгуурлан судалгаа хийдэг. Учир нь Монголын эзэнт гүрэн нурсны дараа Монголын түүх соёлын бичгийн эх сурвалж устаж ховордсон байдаг.

1394-1910 онд оршин тогтнож байсан Чусонь улсын эзэн хааны түүх баримтад монголчуудын түүхтэй холбогдох мэдээ баримт бий. Жишээ нь, дээр дурдсан Монголтой холбогдох 10 орчим түүхэн баримт эх сурвалжийн нэгд нь гэхэд 400 орчим баримт агуулагдсан байдаг. Монголчуудын ахуй амьдралын тухай буюу гэр тэрэг 1590 оны үед байсан гэх солонгос хүний тэмдэглэл бий. Солонгосчууд Монголын эзэнт гүрэн уналтад орсон үед 1394-1890 он хүртэл 500 жилийн турш монгол хэлийг үзэж судалж байсан. Учир нь монголчууд дахин хүчээ авахаас айж байсантай холбоотой, тэднийг судлахын тулд дипломат ажилтнууд нь заавал сурах ёстой хоёр хэлний нэгд Монгол хэлийг үзэж байсан юм.

Түүнчлэн Эзэн Чингис хааны дараа энэ тэрэг нь устаж үгүй болсон байдаг. Үүнийг одоогоор судалж тогтоох боломж алга.  Түүнчлэн 1630 оны үед монголчууд манжийн цэрэгтэй хамтран солонгосчууд руу дайрч, хараат улс болгосон гэж тэмдэглэсэн дөрвөн метр өндөртэй чулуун хөшөө БНСУ-ын Сөүл хотод байна. Хөшөөнд гурван хэлээр бичиж үлдээсний нэг нь Монгол хэл юм.  Энэ бол Монгол Улсын түүхэн том дурсгал юм. Мөн 1630 оны үед БНСУ-д үхрийн өвчин дэгдсэнээс болж үхэргүй болсноор Монголоос үхэр худалдан авч байсан түүхтэй.

Судалгааны хувьд анхдагч эх сурвалж маш чухал. Үүнд тулгуурлан судалгааг явуулах нь  маш чухал байдаг. Тиймээс биш хэн нэгний хуулбараас сэдэвлэж үндэслэн судалгаа хийх нь маш ноцтой алдаанд хүргэх эрсдэлтэй учраас түүхчид анхдагч эх сурвалжийг уншиж ойлгодог чадвартай байх ёстой. XIII зууны үеийн Монголын түүх дэлхийн хэмжээнд 10 орчим хэлээр бичигдэж байсан. Ерөнхийдөө монголчуудын бичгийн эх сурвалжийг суурин орнуудтай харьцуулахад харьцангуй бага.

Энэ соёлд тааруухан хүмүүс. Яагаад гэвэл нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг учраас тэр олон ном судар бичгийг авч явах, ахуй амьдралдаа хэрэглэх боломжгүй байсан. Эсрэгээрээ аман зохиол нь түүх соёлоо хадгалж үлдэх монголчуудын өвөрмөц соёлын биет бус өвөөр гайхагддаг. Харин сүүлийн үед бичгийн өвийг хамгаалах хадгалж үлдэхэд анхаарч ажиллаж байна гэж бодож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж