АНУ-ын Төрийн департаментаас хэрэгжүүлдэг шинжлэх ухаан технологиор дамжуулан дэлхий дахинд инноваци нэвтрүүлэх GIST хөтөлбөрийг жил бүр хөгжиж буй орнуудын дунд зохион байгуулдаг билээ.
Энэ жилийн “TECH-I 2019” уралдаанд дэлхийн 50 орны 547 төсөл ирснээс сүүлийн шатанд 18 орны 24 оролцогчийн бүтээл үлдээд байсан. Эдгээр оролцогч энэ долоо хоногт Бахрейнд болсон “Global Entrepreneurship congress”-т оролцож, дахин бүтээлээ танилцуулж шилдгүүдээ тодрууллаа.
Сүүлийн шатанд Монголын хоёр оролцогчийн бүтээл шалгарсан. Үүнд А.Ариунтуяа боловсролын, А.Мэнд-Орших мэдээлэл технологийн чиглэлээр оролцсон. Уралдааны эцсийн дүн өчигдөр гарч, А.Ариунтуяа гуравдугаар байранд оржээ. Тэрбээр боловсролын салбарт Brighton англи хэлний ярианы сургалтын төвийг төлөөлөн оролцож, өдөр болгон англи хэлний хичээл хийх зуршлыг бий болгох зорилготой “Oh My English Challenge”-ийг суурь санаан дээр тулгуурласан төслөөрөө оролцсон юм.
Англи хэлний багш А.Ариунтуяа IDEA болон STARTUP төрөлд тус бүр эхний гурван байранд орсон зургаан хүнээс шалгарсан ганц эмэгтэй энтрепрёнёр болж чадсан байна.
GIST хөтөлбөрийг жил бүр хөгжиж буй орнуудын дунд зохион байгуулдаг бөгөөд эндээс шалгарсан бүтээлүүдэд томоохон хөрөнгө оруулалт ирдэг байна. Энэ жилийн шагналын сан нийт 230 мянган ам.долларт багтаж, Стартап болон Идеа ангилалд эхний гурван байрт орсон бүтээлүүдийг 1500-15000 ам.доллараар урамшуулжээ. Мөн 10000-50000 ам.долларын AWS /Амазон Вэб Сервис/ кредитийн шагналыг олгосон байна. Үүнээс гадна сүүлийн шатанд үлдсэн 24 оролцогч AWS 1500 ам.долларын кредитээр шагнагдсан байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.gistnetwork.org-с авна уу.
Холбоотой мэдээ