Улсын гуравдугаар төв эмнэлэг гадаад хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн жилээс анх удаа Япон, Тайвань зэрэг гадаадын өндөр хөгжилтэй орны их, дээд сургуулиудын эмнэлгийн мэргэжсэн сувилахуйн мэргэжилтнийг 1-6 сарын хугацаатай урьж ирүүлэн, туршлага солилцон, хамтран ажиллаж байгаа аж.
Энэ хүрээнд Япон улсын Гүнма их сургуулийн сувилахуйн тэнхимийн нийгмийн эрүүл мэндийн сувилагч, сувилахуйн ухааны доктор Огава Шоота гурван сарын хугацаатай ажиллахаар хүрэлцэн ирсэнбайна.
Тэрбээр тус эмнэлэгт ажиллах хугацаандаа, арга зүйч мэргэжилтнүүдэд сувилахуйн удирдах түвшний менежмент, насанд хүрэгсдийн халдварт бус өвчний үеийн зөвлөгөө өгөх, сувилахуйн судалгааны чиглэлээр дадлага сургалт хийж, ажлын байран дээр чадавхижуулж, зөвлөгөө өгөх ажээ.
Мөн эрүүл мэндийн боловсрол болон эх нярайн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр Улаанбаатар хотын эмнэлгийн сувилагч мэргэжилтнүүдийн дунд “Тамхины хэрэглээ ба эх, нялхас”, “Жирэмсэн эмэгтэйчүүдийн суудлын бүс ашиглалт” сэдвээр тус эмнэлгийн сувилахуйн албатай хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг явуулахаар төлөвлөсөн байна.
Б.ЖАРГАЛ