Перу улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллаж байсан Алан Гарсиа өчигдөр авлигын хэргээр баривчлагдахаасаа өмнө өөрийгөө буудан хөнөөжээ. Ерөнхийлөгчийн албыг 1985-1990, 2006-2011 онд тус тус хашиж байсан Гарсиа бүрэн эрхийнхээ хугацаанд нийслэл хотод метроны шугам барих төсөлтэй холбоотойгоор Бразилын “Odebrecht” барилгын компаниас 30 сая ам.долларын авлига авсан хэмээн буруутгагдаж байжээ.
Цагдаа нар түүнийг баривчлахаар гэрт нь орж ирэхэд тэрээр утсаар ярих шаардлагатай байна хэмээн өрөөндөө ороод хаалгаа хаасан аж. Хэдхэн минутын дараа буун дуу гарч, цагдаа нар хаалгыг хүчээр нээхэд Гарсия өөрийгөө толгойн тус газартаа буудсан байжээ. Хараахан амьсгал хураагаагүй байсан учир түүнийг эмнэлэгт хүргэхээр авч явсан ч замдаа нас барсан байна. Түүний гэрт нэгжлэг хийхэд 4-5 галт зэвсэг илэрчээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Уругвайн засгийн газраас улс төрийн орогнол хүсээд татгалзсан хариу авсан Гарсиа авлигын хэргээ хүлээхээс татгалзан, улс төрийн гүтгэлэг хэмээн үгүйсгээд байсан юм. Гэсэн ч “Odebrecht” компани түүнд авлига өгснөө хүлээн зөвшөөрчээ.
Эх сурвалж:BBC
Холбоотой мэдээ