УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд буй. Олон парламент дамнасан Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ удаад МАН хийж чадах болов уу гэдэг хүлээлт бий. Үндсэн хуулийн өөрчлөлт болон бусад асуудлаар МУИС-ийн дэд профессор, доктор Ч.Өнөрбаяртай ярилцлаа. Тэрбээр Үндсэн хуулийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байснаар нь ч таних болов уу. Ч.Өнөрбаяр 2017 оноос Оксфордын их сургуулийн Хуулийн факультетэд зочин судлаачаар ажиллаж байгаад эх орондоо ирж, МУИС, Санхүү, эдийн засгийн дээд сургуулиудад багшлахаас гадна хэд хэдэн судалгааны бүтээл дээр ажиллаж байгаа юм.
–Юуны өмнө танд энэ өдрийн мэнд. Таныг зөвлөхийн ажлаа өгөөд Оксфордын их сургуульд багшилж байгаа гэж сонссон. Монголдоо ирээд юу хийж байна вэ?
-2017 онд Английн Оксфордын их сургуулийн Хуулийн факультетэд зочин судлаачаар уригдаж, Үндсэн хуулийн чиглэлээр хамгаалсан докторын зэргээ илүү гүнзгийрүүлж, судалгаа хийж байгаад ирсэн. Оксфордын их сургууль өөрөө дэлхийн хэмжээний сургууль хэр нь Монголын хуульч, эрдэмтдийн ном бүтээл байдаггүй юм билээ. Тиймээс тус улсад суугаа Элчин сайдын яамныхантай хамтраад Монголын хуульч эрдэмтдийн бүтээлүүдийн дээжээс номын санд нь бэлэглэсэн. Мөн Монголын хуульчдын номын каталог үүсгээд ирсэн. Үндсэн хуулийн эцэг гэгддэг Б.Чимид багшаас эхлээд хуулийн салбарын нэрт эрдэмтдийн бүтээлүүд багтсан. Цаашид энэ номын сан илүү их баяжаад явах байх. Одоо МУИС болон санхүү эдийн засгийн сургуульд хичээлээ заагаад явж байна. Ерөнхийдөө багшлах, эрдэм шинжилгээний ажлаа л хийж байна. Өнгөрсөн хугацаанд бас ажлынхаа хажуугаар амжуулсан нэг зүйл бол хэд хэдэн ном гаргасан. “Хуулийн сургуульд сурсан 101 жил”, Үндсэн хуулийн чиглэлээр салбарынхаа эрдэмтэдтэй хамтарч бүтээл гаргасан байгаа. Мөн 2014 онд “Эрх зүйт” сан байгуулж байсан. Энэ сангийн хүрээнд хэд хэдэн ном гаргасан. Дэлхийн том сургуулиудад Монголын бүх залуучууд суралцаж чадахгүй. Гэхдээ эх хэл дээрээ тэнд үздэг, судалдаг бүтээлүүдийг залуучууддаа уншиж, судлах боломж олгох үүднээс энэ санг байгуулж байсан. Сангийн шугамаар хэд хэдэн сургуулиуд, тэр дундаа Оксфордын их сургуулийн бүтээлүүдийг хэвлэн нийтлэх эрх авч, нийтдээ 20 гаруй ном гаргасан байгаа. Одоогоор “Популизм” гэх шинэ бүтээл дээр ажиллаж байна, удахгүй уншигчдад хүрэх байх.
“ОЛОН НИЙТИЙН ДЭМЖЭЭГҮЙ ЗААЛТУУДЫГ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨС ХАСАХ ХЭРЭГТЭЙ”
-Үндсэн хуулийн чиглэлээр доктор хамгаалсан, сая бас гүнзгийрүүлж судлаад ирсэн гэлээ. Яг энэ цаг үед эрх баригч МАН Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар бэлтгэж, удахгүй УИХ-аар хэлэлцэх төлөвлөгөөтэй байх шиг байна. Энэ төсөлтэй нь танилцаж үзэв үү?
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн эрдэмтдийн багт хэсэг хугацаанд ажилласан. Үндсэн хуулийг огт өөрчилж болохгүй зүйл бас биш. Гэхдээ олон салбар, чиглэлд, томоор нь өөрчлөх ёстой гэдэгтэй би санал нийлдэггүй, өмнө нь ч ийм байр суурь илэрхийлж байсан. Б.Чимид багшийн хэлснээр “Алгын чинээ энэ хуульд Монгол Улс улс бүхэлдээ багтдаг юм шүү” гэж хэлдэг байсан. Магадгүй тодорхой хэсэгт нь нэмэлт өөрчлөлт хийх шаардлагатай байх. Тэр нь юу вэ гэхээр Засгийн газрын УИХ-тай харилцах харилцааны асуудал байдаг. Монголын Засгийн газар дунджаар 1,5 жилийн настай байгаа нь тогтворгүй байдал үүсгэдэг. Энэ асуудал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол цөм нь байх ёстой. Мөн 2000 оны долоон өөрчлөлтийг дордохын долоон өөрчлөлт энэ тэр гээд янз бүрээр ярьж, шүүмжилдэг. Тухайлбал, уг өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн олонх нь ирснээр буюу 39 гишүүний ирцтэйгээр чуулган эхэлж, тэдний олонхиор буюу 20 гишүүн хууль батлах боломжтой болсон. Гэтэл энэ 20 гишүүний 10-15 нь давхар дээлтэй сайд нар байхад хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагдана гэсэн Үндсэн хуулийн заалт эргэлзээтэй болж байх жишээтэй. Нөгөө талаар УИХ бол байнгын ажиллагаатай, хууль тогтоох байгууллага байх ёстой. Дээрх нэмэлт өөрчлөлт үүнийг үгүй хийсэн. Өөрөөр хэлбэл, 75-аас доошгүй ажлын өдөр чуулдаг байсныг болиулсан. Энэ бол гишүүд чуулгандаа суудаггүй болсонтой холбоотой. Эдгээрийг засч, залруулах ёстой. Мөн өнгөрсөн хугацаанд явж ирсэн асуудал бол Ерөнхий сайд кабинетаа бүрдүүлж чаддаггүй явдал. Ерөнхий сайд, сайд нарыг УИХ-аар хүн нэг бүрээр нь хэлэлцэн томилдог явдлыг засах ёстой. Ерөнхий сайд танхимын сайд нараа бүрдүүлэх томилгоонд оролцох өргөн эрх мэдэлтэй байх ёстой гэж боддог. Одоогийн Үндсэн хуулийн дагуу бол парламентад суудалтай улс төрийн намуудын фракциуд Ерөнхий сайдад шахалт үзүүлэх боломжийг бий болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, таныг Ерөнхий сайд болоход дэмжье, хариуд нь та энэ хүнийг сайд болго гэх боломж Үндсэн хуулиар нээлттэй байгаа. Тиймээс энэ бүгдийг засахад чиглэсэн нэмэлт, өөрчлөлтийг бол би дэмжинэ. Одоохондоо үүнээс өөр зүйл рүү ч орох гээд хэрэггүй. Алдсан ч бага алдая, хэрэвзээ нэмэлт өөрчлөлт оновчтой болвол дараа нь бусад хэсгийг нь өөрчлөөд явж болох байх. Оньсон тоглоомыг салгах амархан, эвлүүлэхэд арга ухаан шаарддаг. Яг түүнтэй адил бид Үндсэн хуулийг бүх талаар нь задлаад орхиж болохгүй.
–Нэг нам дангаараа байхдаа Үндсэн хуульд “гар” хүрэх нь буруу, зөв. Олон намын төлөөлөл байх үедээ батлах нь зөв, нэг нам дангаараа эрх барьж байхдаа өөрчлөх нь буруу гэх мэт дүгнэлтүүд байдаг. Гэхдээ өнгөрсөн парламентын үед олон намын төлөөлөлтэй байхдаа хийж чадаагүй. Одоо олонх хийсний дараа бас л дордохын долоо шиг өөрчлөлт хийвэл яах вэ гэсэн болгоомжлолтой ч хүмүүс байна?
-Үндсэн хууль бол нийгмийн зөвшилцлийн баримт. Тэгэхээр бүх улс төрийн хүчин, иргэдийн оролцоог хангасан зөвшилд хүрч байж нэмэлт, өөрчлөлтийг хийх ёстой. Энэ удаагийн эрх баригчид “Зөвлөлдөх ардчилал” гээд олон нийтийн санал асуулга, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тэндээ гарч ирсэн саналуудыг энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөд тусгаагүй юм байна гэж ойлгосон. Тэнд хэлэлцэгдээгүй, иргэдийн санал өгөөгүй асуудлыг тусгасан бол энэ нь өөрөө ёс суртахууны хувьд 60 тэрбум, ЖДҮ-д холбогдсон УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх ёс суртахууны эрхтэй юу гэдэг асуудалтай өөрийн эрхгүй тулгарах л байх. Учир нь Үндсэн хуулийг тогтоогч нь мөн чанартаа ард түмэн байдаг. Тиймээс парламент судлаач эрдэмтэд, иргэдийн оролцоог бүрэн утгаар нь хангах үүрэгтэй. Хэрэв одоогийн боловсруулсан төсөлд “Зөвлөлдөх санал асуулга”-д тусгагдаагүй зүйлүүд байгаа бол хасах ёстой гэж харж байгаа. Түүнээс гадна зайлшгүй нэг харах ёстой зүйл бол Монгол Улс парламентын засаглалаар цаашид явах ёстой бол сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх ёстой. Үндсэн хуулийн Цэц сонгуулийн тогтолцоог мухарласан, гарах гарцгүй болгосон. Тиймээс сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр илүү уян хатан зохицуулах нь зөв. Жижиг тойргоор сонгууль явуулах нь жалга, довны үзлээс салгахгүй. Жишээлбэл, 1500-2000 хүн амьдардаг газар спортын ордон, соёлын төв барина, өндөр хүчдэлийн шугам тавих нь өртөг ихтэй л болох байх. Ийм бүтээн байгуулалт хэзээ ч эргэж нөхөгдөхгүй. Гэтэл иймэрхүү асуудлыг илүү ухаалаг, үр ашигтай байдлаар шийдэж болно. Сонгуулийн жижиг тойргын зовлон бол манай тойргын 3 сум, 5 баг гэдэг сэтгэлгээ рүү л хөтлөөд байх шиг санагддаг. Үүнээсээ болоод томоохон бүтээн байгуулалт хийж, Монгол Улс том утгаараа урагшаа алхаж чадахгүй байна.
Би судлаач хүний хувьд 2012 оны 28/48 систем бол Монголын парламентын ардчиллын хамгийн байж болох зөв хувилбар гэж боддог.
“АРД ТҮМЭНД ТААЛАГДАХЫН ТУЛД ҮНДСЭН ХУУЛЬ РУУ НУЛИМЖ, ДАВЖ ГАРЧ БОЛОХГҮЙ”
-Та Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байхдаа Шүүхийн шинэтгэлийн багц хуулиудыг батлуулж байсан. Тухайн үедээ энэ шинэчлэлийг хийх ёстой, зөв гарц гээд хийж байсан. Харин одоо бол энэ шинэтгэл хамгийн буруу нь л болоод хувирчих шиг. Таны зорьж, хүсч байсан шинэчлэлийг үгүйсгээд байхаар “өөрийн” гэж харахаас илүү хуулийн талаас нь яаж харж байна вэ?
-Аливаа төрд бодлого нь залгамж халаатай байх ёстой гэж боддог. Хэний үед, хэн хийсэн гэдгээс илүүтэй зөв санал санаачлагч, бодлогыг цааш болохгүй зүйлийг нь засч сайжруулаад л явах ёстой. Шүүхийн шинэтгэл нь зөвхөн Ч.Өнөрбаяр, хуучин Ерөнхийлөгчийн ажил байгаагүй. Тэр шинэтгэлийг хийхийн тулд 1000 гаруй хуульч, эрдэмтэд, судлаач, иргэний нийгмийн төлөөлөл оролцсон үндэсний хэмжээний хурал зөвлөгөөн хийж байсан. Энэ худлаа түүх юм уу. Үүний үр дүн болж шүүхийн шинэтгэл хийгдсэн. Үүнийг зангидсан Шүүхийн шинэтгэлийн үндэсний хөтөлбөрийг тухайн үед Үндсэн хуулийн эцэг Б.Чимид гуай ҮАБЗ-өөр оруулж батлуулсан. Үүний дагуу шүүхийн шинэтгэлийн багц таван хууль батлагдсан. Ч.Өнөрбаяр хийсэн зүйл биш Монголын урдаа барьдаг хуульч, эрдэмтэд оролцож хийсэн.
Шүүхийн шинэтгэлийн багц хуулийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Хууль зүйн сайдаар Ц.Нямдорж ажиллаж, МАН олонх байхдаа баталсан, одоо тэгээд юу ярих гээд байгаа юм бол.
Шүүхийн шинэтгэл бол маш том ололт. Бид заримдаа дэлхий нийтээр шалгарсан, туулсан туршлагуудыг авч хэрэгжүүлдэг байх ёстой. Шуудхан хэлэхэд өөрсдөө дахиж сонгогдохын тулд улс төрийн оноо авахын тулд Монголоо хорлож болохгүй. Үндсэн хууль руу халдаж болохгүй. Даргын хүүхэд дарга болохгүй, сайдын хүүхэд сайд болохгүй бүгд Монгол Улсын иргэн. Иргэн хүн л эрх чөлөөтэй амьдардаг, тэдний зөрчигдсөн эрхийг хамгаалж чаддаг хууль шүүхийн тогтолцооны үндсийг бүрдүүлэх нь уг шинэтгэлийн зорилго байсан гэж хардаг. Түүнээс биш хэсэг улстөрч өөртөө нэмэх оноо цуглуулахын тулд жоомоо алах гээд гэрээ шатаав гэдэг шиг зүйл хийж болохгүй юм. Улс төр хийж болно, ойлгож байна. Ард түмэнд таалагдах гэж акц хийж болно, улстөрч л юм чинь. Тэглээ гээд Үндсэн хууль руу нулимж, давж гарч болохгүй. Үндсэн хуулийн хүрээнд улс төрөө хийх нь ардчиллын зарчим.
-МАН олонх байсан үедээ баталсан хуулиа ч үгүйсгэж, одоо өөрчлөх гээд байна. Ялангуяа энэ хууль батлагдахад Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдорж сайд одоо ч шүүхийн шинэтгэл бол хуулийн салбарыг завхруулсан л гэж яриад байгаа шүү дээ?
-Аливаа шинэтгэл өөрчлөлтөд өөрийн гэсэн өнгө аястай сорилт бэрхшээл тулгардаг. Үүнийг бид битгий хэл хүн төрөлхтөн тойрч гараагүй юм. Цаасан дээр сайн хууль хийж болох ч түүнийг амьдралд хэрэгжүүлэхэд явцад алдаа оноо гардаг. Хуулиасаа бус хэрэгжүүлж байгаа хүмүүсээсээ болох нь ч бий. Тэгэхээр үүнийг засч, залруулаад л цаашаа явдаг жамтай. Шүүхийн шинэтгэлийн үр дүнг шүүхээс үйлчилгээ авч байгаа жирийн иргэд л хэлнэ. Шүүхийн тогтолцоо өөрөө Монголын ардчиллын баталгаа гэдэгт би итгэдэг. Заримдаа бидний санах ой маш богино болсон юм уу даа гэж бодож байна. Шүүх бол ардчиллын дархлаа. Буруутай, хууль зөрчсөн ганц нэг хүмүүс үнэхээр байдаг бол хуулийн дагуу л хариуцлага тооцох ёстой болохоос тогтолцоог нь үгүйсгэж, харлуулж, нурааж болохгүй. Ирээдүйн олон хуульч залуучууд энэ тогтолцоонд ажиллана. Тэдэнд шударгаар ажиллах итгэл сэтгэл, мэдлэг чадвар байж л таараа.
“ӨМНӨХ УИХ-ЫН БАТАЛСАН БҮХ ХУУЛИЙГ ДАРААГИЙН УИХ ҮГҮЙСГЭДЭГ БАЙЖ ТААРАХГҮЙ”
-Шүүхийн шинэтгэлийн хүрээнд батлагдсан нэг хууль бол Захиргааны ерөнхий хууль. Гэвч энэ хууль бас л болохгүй байна, Засгийн газрыг шүүхийн хяналтад авах гээд байна ганц заалттай хууль оруулж ирээд л хэлэлцэж байна, яг энэ цаг үед. Тухайн үед батлахдаа ямар үндэслэл, шаардлага дээр тулгуурлаж баталсан юм бэ?
-Монгол Улс 2005 онд Захиргааны хэргийн шүүхтэй болсон бөгөөд голлох үүрэг гүйцэтгэсэн хүн нь Б.Чимид багш. Гэхдээ Захиргааны хэргийн шүүхийн гол хэрэглэдэг, гартаа барьдаг хуулийг батлаагүй байсан. Жишээлбэл, Эрүүгийн шүүх Эрүүгийн хууль, Иргэний шүүх Иргэний хууль барьж шийдвэрээ гаргадаг. Түүн шиг Захиргааны хэргийн шүүх гартаа барьдаг хуульгүй явсаар ирсэн. Гааль, татвар, даатгал гээд 200 гаруй хуулиар энэхүү харилцааг зохицуулж ирсэн. Захиргааны ерөнхий хууль бол энэ бүхнийг нэг стандартад оруулж өгсөн. Гэвч төсөл 2008 оноос хойш олон парламент, Засгийн газар дамжиж явсаар 2015 онтой золгосон. Тиймээс уг хуулийн төслийг 2015 онд тухайн үеийн Ерөнхийлөгч өргөн барьж батлуулсан. Энэ бол Монгол Улсад эрх зүйт төрийг бий бий болгоход томоохон ололт болсон гэж хардаг. Үүнийг би ч биш Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, захиргааны хуулийн чиглэлийн том эрдэмтэн Ц.Сарантуяа “Монгол Улс Захиргааны ерөнхий хуулийг баталсан нь өөрөө эрх зүйт төртэй, хуулийн засаглалтай болоход том алхам хийлээ” гэж дүгнэж байсан. Уг хуулийн төслийг боловсруулахад энэ чиглэлийн нэртэй эрдэмтэн, судлаач, салбарын хуульчид оролцсон.
Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа хуулийн хяналтанд, хуулийн дор байна уу гэдгийн баталгаа нь Захиргааны ерөнхий хууль. Түүнээс гадна Засгийн газрыг Захиргааны ерөнхий хуулийн хяналтаас гаргалаа гэхэд шүүхийн хяналтаас гарч, дураараа дургих юм шиг яриад байгааг нь би ойлгохгүй байгаа юм.
Тийм зүйл болохгүй. Захиргааны хэргийн шүүх байхгүй байсан ч иргэний шүүх хянана. Хуулийн засаглалтай улсад шүүхийн хяналтын гадна Засгийн газар байна гэж огт байдаггүй. Ер нь улстөрчид ирдэг, буцдаг. Сайн хууль бол ард түмэнтэйгээ хамт үлддэг юм шүү. Бидний өвөг дээдэс хууль, цаазыг дээдлэх арвин баялаг уламжлал, соёлтой ард түмэн. Жишээ нь “Зуд нэг жилийнх, журам 1000 жилийн” гэх хэлц ч бий. Өмнөх Ерөнхийлөгч хуулиараа дамжуулж хойч үедээ өв үлдээе гэж Шилэн дансны тухай, Нийтийн сонсголын тухай хууль, Ирээдүйн өв сангийн тухай хууль зэрэг 30 гаруй хуулиудыг батлуулсан. Одоо улстөрчид баялгийн сан байгуулах тухай яриад байх юм. Өмнө нь Сингапур, Казакстан, Норвеги зэрэг бусад улсын Баялгийн санг судалж, Монголд тохирох хувилбараар нь Ирээдүйн өв сангийн тухай хуулийг өргөн бариад батлуулж байсан. Эсхүл өмнөх УИХ-ын баталсан бүх хуулийг дараагийн УИХ нь заавал үгүйсгэдэг байх ёстой юм уу. Айлаас ирэхээр авдраа ух гэж үг бий. Одоо байгаа хуулиудаа судлах ёстой. Хууль гэдэг бол өргөн барьсан, баталсан хэн нэгний хувийн өмч биш. Бүгд л Монгол Улсын хуулиуд. Монголын төрийн гаргасан шийдвэр гэж харах ёстой. Би Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байхдаа хувь хүнд биш Монголын төрд зүтгэсэн гэж өөрийгөө боддог.
“НИЙТИЙН СОНСГОЛЫН ХУУЛИЙГ БАТЛААГҮЙ БОЛ ӨНӨӨДӨР ТОМИЛГООГООР СОНСГОЛ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙСАН”
-Өмнөх өө үгүйсгээд байгаа ч тухайн үед баталсан Нийтийн сонсголын тухай хуулийг одоогийн энэ улстөрчид барьж “гүйгээд” байна л даа. Ялангуяа томилгоон дээр ашиглаад байгаа нь хуулийн үндсэн зорилгыг гажуудуулаад байх шиг?
-Нийтийн сонсголын тухай хууль анх өргөн барьсан хувилбар нь өөр байсан. Ард түмнээс сонгогдсон гишүүд шар хэвлэлийн мэдээлэлтэй бус бодит мэдээлэлтэй байх ёстой гэдэг үүднээс одоо энэ маргаантай байгаа 60 тэрбум, ЖДҮ шиг олон түмний анхаарал орсон асуудлуудыг тодруулах зорилготой тийм төсөл байсан. Мэдээжийн хэрэг одоогийнх шиг УИХ-ын Ажлын хэсэг гэж улс төрчид орохгүй. Харин холбогдох албан тушаалтнуудыг байлцуулан, мэргэжлийн экспертүүд, шинжээч, иргэний нийгмийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн төлөөллийг оролцуулан УИХ дээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар тусгасан байсан. Гэвч тухайн үеийн УИХ-ын гишүүд УИХ-ыг шүүхийн байгууллага болгох гэлээ гээд л тэр заалтыг хасч байсан. Гэтэл өнөөдөр УИХ хууль, шүүхийн байгууллагын ажилд илүү ихээр хутгалдаж байна ш дээ. Энэ заалтыг авсан нь Нийтийн сонсголын тухай хуулийн амин сүнсийг авсан л гэж би боддог. Энэ заалт байсан бол энэ олон эргэлзээтэй асуудлыг зөв арга замаар нэг талдаа гаргаж болох байсан гэж хардаг. Нөгөө талдаа ямар ч гэсэн энэ хуулийг амьд байлгаж, томилгооны асуудлаар сонсгол хийе гэж байгаа нь сайн хэрэг. Ямартаа ч Нийтийн сонсголын хууль Монголын ардчилалд хэрэгтэй хууль болсон. Өөрсдөдөө зориулж хийсэн хууль гээд зарим хүмүүс яриад байгаа. Нэг зүйл асууя, энэ хууль тэгээд тухайн үед өргөн барьсан бидэнд, надад ашигтай хууль байсан юм бол одоо яагаад УИХ-ын 19 гишүүн гарын үсэг зураад томилгооны сонсгол хийе гээд явж байгаа юм бэ. Тэгэхээр хуулийг хэн санаачилсан нь чухал биш үр дүнтэй хэрэгжүүлдэг байх нь л чухал. Жишээлбэл, Шилэн дансны хууль бол маш сайн хууль болсон гэж боддог. Ер нь бол төрийн ажил хэн нэг даргын амаар ярьснаар бус цаасаар явдаг. Хуулиар бодлого шийдвэр болж хэрэгждэг. Түүнээс нэг дарга хууль ямар хамаатай юм гээд асуудал шийддэггүй биз дээ.
-Өнгөрсөн хугацаанд хийсэн бүхэн буруу, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж буруутай гээд л Ц.Нямдорж гишүүн их л ярьж байна. Та бас энэ хүний хуулийн зөвлөх байсан. Шүүхийн шинэтгэл, хуулийн салбарын завхрал, одоо эрх баригчдын тэмцээд байгаа бүхний буруутан нь л өмнөх төр барьж байсан нам, хүмүүс л болоод байна л даа?
-Хүний сайныг ханилан байж мэднэ, морины сайныг унаж байж мэднэ гэж ардын зүйр үг бий. Хүнтэй хамтарч ажиллаж, бүтээж, нөхөрлөж байж л хүний ямар хүн бэ гэдгийг мэддэг. Түүнтэй адил би Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой таван жил ажилласан. Энэ хүн ямар ч гэсэн Монголоо гэсэн сэтгэлтэй, зарчимтай, улс орныхоо төлөө олон зүйлийг хийсэн л гэж боддог. Гадаад бодлого, хууль, шүүхийн салбар, түүх өв соёлын чиглэлээр чамгүй олон ажил хийсэн. Хүмүүс одоо мартсан л байх, “Ардын үг” гээд хийсэн ажлынхаа тайланг тавьж байсан. Хийсэн зүйлээ ярьсан. Энэ хүний үед ядаж бодлогын маргаан өрнөдөг байж дээ. Цаазын ялыг халах тухай, шүүхийн шинэтгэлийг явуулах нь, авлига, албан тушаалын хэрэгт хориг тавих нь зөв, буруугийн тухай бодлогын маргаан өрнөдөг байлаа. Энэ бол эрүүл үзэгдэл. Тэр утгаараа энэ хүнээс авах, сурах зүйл их бий. Тэр хүн бол Монголын ардчиллын бүтээгдэхүүн. Бид хоёрыг янз бүрээр холбох гэдэг, гэтэл хоёр өөр аймаг, төгссөн сургууль, мэргэжил ч өөр. Гэхдээ биднийг нэгтгэж, хамтарч баг болж ажилласан зүйл бол үнэт зүйл, зарчим нэг байсан гэж боддог. Түүнээс гадна манай улстөрчид улс төрийн оноо цуглуулахын тулд заавал нэг үндэсний дайсан бүтээх хэрэгтэй юм шиг байгаа юм.
-Та хуульч бас багш хүн. Гэхдээ та улс төрд оролцдоггүй, сонирхдоггүй хүн биш. Өнөөдрийн Монголын улс төрийн энэ олон үйл явцад дүгнэлт хийж байгаа байх. Популизм, попуудын улс төр өрнөж байна гэх хүмүүс ч бас байх?
-Монгол хүн шинэ зүйлийг хүлээж авахдаа маш сайн. Популизм, дарангуйлал гээд шуураад туйлд нь хүртэл явна гэж бас бодохгүй байна. Гэхдээ нөгөө талдаа ардчиллын зарчим, үнэт зүйлээ хамгаалж дугарч байхгүй бол боломгүй байна. Магадгүй жилийн дараа попилизм биш байж, ажил хэрэг ярь гээд сууж байхыг үгүйсгэхгүй.Ардчилал бол Монголын тусгаар тогтнолын дархлаа, ялангуяа парламентын ардчиллыг илүү сайжруулаад явах ёстой. Гэхдээ энэ бодит сорилтыг бид давж гарах ёстой. Ямар нэг зүйл хязгаартай байдаг. Ядаж л Үндсэн хуулийнхаа хүрээнд байх. Хуулийн арга хэрэгслээр Үндсэн хуульд нийцсэн зарчмаар улс төрөө хийх ёстой. Түүнээс хууль ямар хамаатай гэдэг үгийг төрийн хүмүүс хэлж байгааг ойлгохгүй байгаа юм. Сонгогдохдоо Үндсэн хуульдаа үнэнч байна гэж тангараг өргөчихөөд гарсныхаа дараа нулимдаг байж таарахгүй. Энэ бүхнийг хараад заримдаа Монголын ардчилалд тулгарах ёстой л сорилт юм байлгүй л гэж бодож байна. Ардчилсан тогтолцоонд өөрийн гэсэн өнгө аястай, сорилт бэрхшээл одоо ч цаашид ч тулгарна.
Ардчилал бойжихын тулд хуулийн дээгүүр гишгэх, мөнгөтэй хүмүүс самрах, буруу тийш нь турхирах гээд зөндөө л зүйлийг туулна. Ардчилал бол алдаагаа засч, улам сайжруулах боломжтой систем гэж би хардаг.
Нэг удирдагч, дарангуйлал гарч ирэхэд асуудал шийдэхэд амархан. Гэхдээ өнгөн дээрээ асуудлыг шийддэг боловч бодит байдал дээр шийдэлгүй үлддэг. Тэгээд хэзээ нэгэн цагт маш том уналт руу улс орно оруулдаг бөгөөд харамсалтай нь төлөөсийг нь удирдагч биш ард түмэн үүрдэг жамтай. Тэр утгаараа ардчилалд одоо ч итгэл үнэмшилтэй байдаг. Жишээлбэл, Герман улс Гитлер гэх дарангуйлагчийг бий болгож, үр дүнд нь юу болж хувирав. Ийм л төлөөс ирдэг. Ер нь зөв зүйлийн төлөө хүмүүс юу ч хийхгүй байхад үргэлж муу муухай нь ялан дийлдэг гэж үг бий. Хэвлэл мэдээлэл, судлаачид, эрдэмтэд өөрийнхөө зөв гэж бодсон зүйлийн талаар дуу хоолойгоо илэрхийлж байх л ёстой. Тэгэхгүй бол нэг мэдэхэд ардчилал ямар нэгэн зүйлд идэгдээд, дарангуйлал гэх зүйлээр зүсээ хувиргасан байхыг үгүйсгэх аргагүй.
-Олон улсын, дотоодын гээд олон судлаачид дэлхий нийтийг популизм “нөмөрсөн”, Монгол ч тойроогүй гэх. Өрнөж буй үйл явдлууд ч илүү тодотгож байгаа байх. Та ярилцлагын эхэнд “Популизм” гэдэг ном гаргаж байгааг цухас дурдсан. Та номоороо юу илэрхийлэхийг хүсэв?
-Төлөөллийн ардчиллыг дагаж явдаг сүүдэр нь популизм. Ямар цаг үед хүчтэй, сул илрэх вэ гэдэг л асуудал. Одоо бол ганц Монгол биш дэлхий дахинд популизмын давалгааны үе болж байна. Европ, Турк, Венесуэл гэх мэт. Ер нь популизм эргээд ардчиллын хөнөөлт дайсан болдог тухай өгүүлэх гээд байгаа юм. Популизм өөрөө ардчиллын эмгэг.
Зөв онош тавихгүй бол популизм өөрөө ардчиллыг “оршуулчих” аюултай тийм зүйл.
Миний хувийн байр суурь гэхээс илүүтэй олон улсын судалгаа, дэлхийд дахинд өрнөж буй үйл явцыг судлаачын хувиар нэгтгэн дүгнэхийг оролдсон тийм бүтээл гаргахыг зорьж байна.
Ярилцсанд баярлалаа.
Холбоотой мэдээ