БНАСАУ тактикийн шинэ зэвсэг туршсан бөгөөд удирдагч Ким Жон Ун туршилтын талбайд зочилсон тухай тус улсын төв мэдээллийн агентлаг “KCNA” мэдээлжээ. Уг шинэ зэвсгийн талаар өөрөө нислэгээ удирдах чадвартай, хүчирхэг хошуутай гэхээс өөр тодорхой мэдээлэл байхгүй байгаа ба ойрын зайн тусгалтай пуужин байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Ким Жон энэхүү зэвсэг нь улсын зэвсэгт хүчний салбарт маш том дэвшил болсныг сайшаасан тухай мөн мэдээлжээ.
Энэ мэдээ цацагдахаас өмнө АНУ-ын стратегийн болон олон улсын судалгааны төвийн мэргэжилтнүүд Пёньяныг Йонбен дахь цөмийн байгууламждаа цөмийн түлш боловсруулах ажиллагаа сэргээн явуулж байна хэмээн хардаж байгаагаа илэрхийлсэн. Мэргэжилтнүүд энэ сарын 12-нд сансрын хиймэл дагуулаас авсан зураг сэлтэд дүн шинжилгээ хийсний дүнд дээрх дүгнэлтэд хүрсэн гэдгээ онцолж байв.
Умард Солонгос 2017 онд дараалан пуужин, цөмийн зэвсгийн туршилтууд хийснийхээ дараа АНУ-тай хэлэлцээр хийхээр түр завсарлаад байгаа билээ. Гэвч өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Вьетнамын нийслэл Ханой хотноо гурав дахь удаа уулзсан уулзалт нь таагүй уур амьсгалтай өндөрлөсөн нь түүнийг хилэгнүүлсэн байж магадгүй гэж ажиглагчид дүгнэж байна. Уулзалтаар хоёр тал тодорхой зөвшилцөлд хүрээгүй ба БНАСАУ-ын талаас АНУ-ыг “дээрэмчин” шиг санал тавьсан, “алтан боломжийг алдлаа” гэх зэргээр буруутган хандлагаа өөрчлөхийг зөвлөсөн билээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ