М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг УЕП-ын орлогчоор томилохыг дэмжлээ
Пүрэв гаригийн чуулганы үдээс хойших хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэнээр өнөөдрийн чуулганыг хаалаа.
Хуулийн төслүүдийг баталлаа
Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа.
Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтээр Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3 14 дэх заалт, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн холбогдох заалт, түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 112 дугаар зүйлийн 112.9 дэх хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Уг дүгнэлтийг УИХ хүлээн авсантай холбогдуулан Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.
Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Үргэлжлүүлэн Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн 67.9 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
“Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолын хавсралтын 5.4 дэх хэсэгт заасан “Чанд сахилга бат, дэг журамд суурилсан хүнлэг, иргэндээ ээлтэй, улсдаа түшигтэй, хууль хэлбэрэлтгүй мөрдөгдсөн хуулийн байгууллагыг бэхжүүлэх зарчмыг баримтлах” зорилгын хүрээнд “Өмгөөллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах” арга хэмжээг тусгасан хэмээн УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулгадаа дурдсан юм. Тэрбээр, Өмгөөллийн тухай 2002 оны хуулийг хүчингүй болгож, өмгөөлөгчдийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх зүйн байдал зохицуулалтгүй болсон. Энэхүү хуулийн зохицуулалтыг сайжруулах, боловсронгуй болгох зайлшгүй шаардлага байгаа талаар дурдав. Гишүүдийн зүгээс уг хуулийн төслийг чамбай боловсруулж оруулж ирэх хүссэн юм.
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, 86.2 хувиар М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилохыг дэмжлээ.
УИХ-ын гишүүн О.Батнасан:
-Нэр дэвшигчдийг дэмжиж байна. Дэмжиж байгаагийн гол шалтгаан нь системийн хүмүүс орж ирснийх. Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон, анхаарна биз. Бид эрх зүйт төрд ажиллаж байгаа. Шүүхийн засаглалд итгэнэ. Үүнийг бий болгох гол хүмүүс нь прокурорууд. Та нар хариуцлагатай ажиллаарай. Өнөөдөр нийгэмд цахим хэрэгслээр гарсан мэдээллээр ялладаг болсон. Ийм эрх зүйт төр байхгүй шүү. Эцсийн цэгийг хуулийнхан тавина. Шүүхийн шийдвэрийн тогтоолоор хүнийг яллана. Үүнд гол үүрэг гүйцэтгэдэг хүмүүс нь прокурорууд. Энэ талд анхаарч ажиллаарай. Та нар гүйцэтгэх ажил хийдэг хүмүүс.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:
-Хууль шүүхийн байгууллагын нэр хүнд унасныг хүн бүхэн ярьж байгаа. Шүүх, прокурорын байгууллага Монголд оршин тогтнохын аргагүй болсон мэтээр ч ярих болсон. Хууль шүүхийн байгууллагын систем бүхлээрээ чадамжгүй болсон гэдэгтэй би санал нийлэхгүй. Унасан нэр хүндээ сэргээхийн төлөө та бүхэн сайн ажиллаарай. Улстөрчид бид ч гэсэн анхаарах хэрэгтэй. Бид та бүхний ажилд дэм болж ажиллах ёстой. Улс төрөөс ангид ажиллах ёстой. Улс төрчдөөс ангид байж чадаагүйн улмаас хууль шүүхийн байгууллагын нэр хүнд унасан. Цаашид улс төрчидтэй та бүхний нэр холбогдоод эхлэх л юм бол унасан нэр хүндээ сэргээх боломжгүй шүү. Олны анхааралд байгаа хэргүүдийн талаар мэдээлэл өгч баймаар байна, хуулийнх нь хүрээнд хэргийн явцыг мэдээлдэг байх ёстой. Шударга ёс зүйтэй, хараат бус байдлаа хадгалж ажиллахыг хүсье.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
-Дэмжиж байна. Прокурорын орлогчид анх удаа цагдаагийн бус хүн томилогдох гэж байна. Эрүүгийн хэргийг үүсгэх үндэслэлүүдээ сайн хараарай. Захиалгат мэдээллээр гүтгэлгийн шинжтэй мэдээллээр, иргэний гомдлоор хэрэг үүсгэчихдэг шүү. Энэ байдлыг өөрчлөөрэй.
Прокурорууд урдаа хэргийн материалаа тавиад, цатгалан бар шиг суудаг болсон
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Нэр дэвшигчид иргэдийг сонсож, асуултад нь хариулсан. Бидний таван гишүүн нээлттэй хэлэлцүүлгээс гарсан бүх асуудлыг та хоёрт илгээнэ.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Бид прокурорын байгууллагад өмнө нь ажиллаж байсан. Бидний үед ажиллаж байснаас эрх зүйн орчин өнөөдөр өөрчлөгдсөн. Бид улс төрийн гашуун туршлагыг давсан хүмүүс. Яллах, цагаатгах асуудлыг эн тэнцүү авч үзэх ёстой гэсэн зарчим баримталдаг байлаа. Өнөөдрийн тогтолцоонд хүртэл их зам туулжээ. Прокурор хяналт тавих шүүлтүүр болох ажил. Гэтэл хэрэг бүртгэл, мөрдөн байцаагчийн үйл ажиллагааг удирдагч, зааж зааварлагч болж байна гэж шүүмжлэл дагууллаа.
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан:
-Дэмжиж байна. Шүүх прокурорын байгууллагыг төр Засгаас нэлээд анхаарсан. Эхлээд шүүхийн байгууллагын цалин хөлсийг нэмсэн, дараа нь прокурорын байгууллагын цалинг нэмэгдүүлсэн. Гэхдээ өнөөдөр нийгэм тэр чигтээ хуулийн байгууллага шударга бус гэдэг ойлголттой болчихсон. Нийгмийн хүсэмжлэл бол хууль шүүхийн байгууллага шударга ажиллаж, хэргийг үнэн мөнөөр нь шийдээсэй гэдгийг л хүсдэг. Тэр утгаараа энэ салбарын удирдлагуудыг сольж байгаа. Үндсэн хуулийн шинэчлэлээр хууль шүүхийн байгууллагын шинэчлэлд өөрчлөлт оруулах шаардлага байна уу, прокурорын байгууллагад хяналт тавихаа больсон гэж ярьж байгаа.Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа прокурорын байгууллага энэ хэмжээнд байх ёстой, алдаа нь эндээ байна гэдэг талаар саналаа хэлээч. Ер нь шударга ёсыг яаж тогтоох вэ.
Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигч С.Алиманцэцэг:
-Прокурорын байгууллага шүүх засаглалын байгууллагад ордог нь зөв гэж би хувьдаа үздэг. Прокурорын байгууллагын дэргэдэх мөрдөн байцаах алба зайлшгүй байх ёстой. Үүнийг дахин байгуулах асуудалд санал нэг байдаг.
Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигч М.Чинбат:
-1992 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр прокурорын байгууллагыг шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага гэж оруулсныг би бас дэмждэг. Прокурорын байгууллагын дэргэдэх мөрдөн байцаах албыг сэргээх ёстой гэдэгтэй санал нэг байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:
-Надад асуух зүйл алга. Амжилт хүсье. Би бүлгийн хурал дээр та хоёрын талаар шүүмжлэлтэй үг хэлсэн, бодвол та хоёрын чихэнд хүрээ байлгүй дээ. Цаашдаа харгалзан ажиллах байх гэж найдаж байна. Ажлаа сайн хийх хэрэгтэй дээ. Завхрал ер бусын ихээр гарсан. Эрүүгийн байцаах хуулийн дэлхийн жишгийн гурван гол зарчим мөрдөгдөхөө больсон. Нэгдүгээрт, гэм буруугүй хүнийг эрүүгийн хариуцлагад татаж болдоггүй заалт сүүлийн хэдэн жил байхгүй болсон. Дуртай хүнээ уураа хүрсэн үедээ хорьж байгаад гаргадаг олон асуудал бий. Энэ талаар дорвитой арга хэмжээ авах ёстой. Хоёрдугаарт, мэтгэлцэх зарчим байхгүй болсон. Өмгөөлөгчийг юу ч биш болгосон, мөн хуулийг нь байхгүй болгосон. Шаардлагатай гэвэл нууц задруулахгүй гэсэн баталгаа гаргаж аваад, амыг нь скочдоод, ариун цэврийн өрөө рүү ороход нь хар масктай, буутай хүн дагаж явдаг болсон. Прокурорууд нь урдаа хэргийн материалаа тавьчихаад цатгалан бар шиг суудаг болсон. Гуравдугаарт, аливаа асуудлын талаар эргэлзээ гарах юм бол яллагдагчийн талд ашигтай шийдвэрлэнэ гэсэн алтан зарчим алдагдсан. Энэ бүх алдааг засах байх гэж та хоёрт найдаж байна. Гэм буруугүй хүн нэг ч минут ял эдлэх ёсгүй.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-Маш хариуцлагатай албан тушаалд залуу хүмүүс очиж байгаагийн хувьд зарчимч, хуульдаа захирагдаж ажиллах байх гэж харж байна. Өөрчлөлтийн төлөөх ард түмний итгэлийг яаж хариулж ажиллах вэ гэдэгт байр сууриа илэрхийлээч.
Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигч М.Чинбат:
-Нийгэмд болж буй үйл явдал, иргэдээс хүсч буй шударга ёсны зарчимч байдлыг мэдэрч байна. Прокурорын үйл ажиллагаа хууль ёсны, шударга ёсны зарчимд тулгуурлах нь Үндсэн хуулийн зарчмыг хангаж ажиллах болно.
Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигч С.Алиманцэцэг:
-Нийгмийн хандлагыг мэдэрч ажиллахаас гадна хуульд захирагдаж олны анхааралд байгаа хэргүүдийг яаралтай шуурхай шийдвэрлэхийн төлөө ажиллана. Прокурорын байгууллага хуульд захирагдахаас гадна гарч буй шийдвэр нь ил тод байх ёстой. Хэрвээ би энэ албан тушаалд томилогдвол Ерөнхий прокурорын бодлогыг дэмжиж хамтран ажиллах болно.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
-Нэр дэвшигчдийн хуульд шаардлага хангасан ажлын туршлагатай хүмүүс. Прокурорын байгууллагын тогтолцоо, харьяаллын асуудлыг ярих цаг болсон. Прокурорын байгууллага ихэнх оронд гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад хамаарагддаг ч манайд бол Прокурорын байгууллагыг шүүх эрх мэдлийн харьяанд оруулсан. Уг нь бол прокурор шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэггүй. Нийгмийн хэв журмыг хамгаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг гүйцэтгэх байгууллага.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:
-Та хоёрыг би мэдэхгүй. Сайнаар нь ч тэр, муугаар нь ч мэдэхгүй. Онцлог үед томилогдох гэж байгаагаа та хоёр ойлгож байгаа байлгүй дээ. Их том шинэчлэл хийх гэж ирж байгаа гэдгээ бодоорой. Та нарын өмнөх хүмүүсийг бөөн юм болж байж, төрийн эргэлт хийх шахуу байж өөрчилсөн. Онцлог үед маш том үүрэг хүлээж томилогдож байгаа гэдгээ ойлгоорой. Ажлаас нь харъя. Цаашдаа дэмжих эсэхийг та хоёр л харуулна. Шударга, эрч хүчтэй ажиллаад өөрсдийгөө харуулах байх. Эрүүдэн шүүсэн гэх асуудал ил гарсан нэг л хэрэг, хэсэг нь. Олон нийтийг түгшээж, дургүйцлийг нь хүргэсэн асуудлууд Прокурорын байгууллагад байгаа гэдгийг нь би мэдэрч байна.
Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигч М.Чинбат:
-Хуулийн байгууллагуудын дунд гарсан шударга бус явдал дахин монголын шүүх гарах ёсгүй. Хүнийг эрүүдэн шүүж, хүнлэг бус байдлаар харьцаж хэрэг хүлээлгэдэг явдал дахин гарах ёсгүй. Үүний төлөө ажиллана.
Ерөнхий прокурорын орлогч нарыг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ
УИХ-ын үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг томилох тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг тус тус үндэслэн Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга танилцуулгадаа дурдлаа.
Томилгоотой холбогдуулан нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
"Б.Содномдаржаа, Т.Чимгээг суллах боломж бий ч замд нь саад болоод байна"
“Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн төслийг хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлснээр чуулганы хуралдаан завсарлав.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуусан юм.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Түр хорооны хийх гол ажил нь олон нийтийн эргэлзээг тайлах явдал шүү. Мөн захиалагчийг олоход та бүгд яаж ажиллах вэ. Энэ талаар судалж төлөвлөсөн үү.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:
-Энэ хэргийг нууцаас гаргах гэж найман сарын ажил болсон. Асар их эсэргүүцэлтэй тулгарсан. Хоёр удаа Засгийн газрын хуралдаанаар оруулж байж арай гэж нууцаас гаргасан. УЕП-ын архивд өгчихсөн. Ил болгов гэсэн дардастай, тэгсэн атлаа шатны шүүхийн шийдвэрийг УЕП-ын хуучин удирдлагууд үзүүлж харуулахгүй гээд хав дарж хэвтээд өнөөдрийг хүрсэн. Нууцаас гаргасан асуудлыг шинэ удирдлага нь хууль журмынх нь дагуу танилцуулах байлгүй дээ. Гурван шатны шүүхийн шийдвэртэй танилцчихвал худлаа гэдгийг дотор нь биччихсэн байгаа. ил болсных нь дараа би дахин дахин уншсан. Ингэж энэ хэргийг будилаантуулсан хүмүүс хариуцлагаас зугтаж одоог хүртэл хав дараад байгаа. Гурван шатны шүүхээр аваад хүмүүс нь ял авчихсан байхад ил болгоход хууль зөрчих асуудал байхгүй. Ингэж нууцлах нь хуульдаа ч харш. Энэ түр хороо зөвхөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг судалж, хуулийг яаж зөрчив, яаж эрүүдэн шүүж хилээр хэрэг үүрүүлэв гэдгийг судлах зорилготой ажлын хэсэг. Эрүүдэн шүүсэн нь үнэн, хуурамчаар материал бүрдүүлсэн нь ч үнэн. Хэлмэгдүүлсэн нь үнэн. Үүнээс илүү аймшиг гэж байдгийг би мэдэхгүй. Энэ ажлын хэсэг мөн УИХ дахин Монголын түүхэнд балмад явдал гарахыг таслан зогсоох ёстой гэж бодож байна. 1937 оны буудахаас бусад бүх аргыг хэрэглэсэн. Зөвхөн ял эдэлж байгаа гурван хүнийг ч бус тэдний ар гэрийнхнийг дарамталж, утсыг нь тагнаж чагнаж гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Ийм аймшиг байж болох уу.
УИХ-ын гишүүн О.Содбилэг:
-Бичлэгийг хэнд үзүүлж, хэнд үзүүлж болохгүйг хэн нь шийдээд байгаа юм. Яагаад олон нийтэд ил болгох байгаа юм бэ. Шинэ нөхцөл байдал бий болж эрүүдэн шүүж энэ хүмүүс ял үүрүүлсэн байна гэдэг нь ойлгомжтой байхад энэ хүмүүсийг яагаад суллахгүй байгаа юм бэ. Манай Орхон аймгийн иргэд.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:
-Олон нийтэд бичлэгийг үзүүлэх эсэх асуудлыг Түр хороогоор дахин авч хэлэлцэх юм байлгүй дээ. Миний хувьд олон нийтэд үзүүлэхэд гэмгүй л гэж хэлнэ. Мөн хуулийн шүүхийн байгууллагын ажилчдад энэ бичлэгийг үзүүлнэ гэж бодож байгаа. Том зааланд нэг дор цуглуулж үзүүлээд дахин ийм зүйл хийхгүй шүү гэдгийг нь хатуу анхааруулах шаардлагатай. Ял эдэлж байгаа хоёр хүнийг суллах боломж байгаа. Энийг хийлгэхгүй нэг ч гэсэн өдөр хожих гэсэн сонирхолтой хүмүүс бий. Дээд шүүхийн Эрүүгийн танхимын таван шүүгч хуралдаад энэ шийдвэрийг гаргачихсан. ТЕГ, УЕП-ын хуучин удирдлагууд энэ асуудалд орооцолдчихсон учраас замд нь элдэв саад хийгээд болохгүй байна. Би энэ асуудлыг өдөр бүр ярьж байгаа.Уг нь хуульдаа гэмгүй хүнийг нэг минут ч саатуулах эрхгүй. Болдог бол өнөөдөр ч гэсэн суллах сан.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Түр хороонд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг оногдохгүй. Өмнөх ажлын хэсгээс ямар ялгаатай вэ?
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:
-Түр хороо зарим зүйлд орохгүй. Түр хороо ил болгосон таслан шийдвэрлэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал зэргийг үзэхэд ерөнхийдөө дүн гарчихна.
“Түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна
УИХ-ын чуулганаар Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. ДШХ-ны Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит 26 дугаар их хурал 2016 оны 9 дүгээр сард Туркийн Истанбул хотноо хуралдаж, холбогдох баримт бичгүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь дүрмийн 9 дүгээр нэмэлт протокол юм. Иймээс Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу ДШХ-ны дүрмийн 9 дүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулжээ.
Манай улс тус холбоонд элссэнээс хойших хугацаанд хүлээсэн үүргээ тасралтгүй биелүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бүс нутгийн болон олон улсын түвшинд зохиогддог үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн. Тухайлбал, тус холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр 2003 оноос “Олон талт" төслийг хэрэгжүүлсний зэрэгцээ Шуудангийн тухай хуулийн төслийг боловсруулах, салбарын боловсон хүчнийг сургах, чадавхжуулах зорилгоор Дэлхийн шуудан холбооны зөвлөх мэргэжилтнүүдийг урьж ажиллуулсан. Мөн тус холбооны зардлаар олон улсын хурал, зөвлөгөөн, богино хугацааны сургалт, семинарт дотоодын мэргэжилтнүүдээ хамруулдаг болсныг төсөл санаачлагч дурдав.
УИХ-ын гишүүн Б.Ундраа:
-Би энэ хуулийн төслийг дэмжиж байна. Шуудан, харилцааны хүртээмжийг сайжруулах үүднээс хийх ёстой чухал ажлын нэг энэ мөн. Би тойргийнхоо нийт сонгогчдод хүрэхийн тулд шуудангаар мэндчилгээ хүргүүлэхэд 70 гаруй хувьд нь хүрсэн байлаа. Мөн хаяг дээрээ бүртгэлтэй хүмүүс бага байна. Энэ утгаараа хаягийг жигдэлж, төрийн үйлчилгээг бүрэн хүргэх бололцоог хангаж өгөх үүрэгтэй. Хаягжилт, бүртгэл хэр сайн байдаг вэ?
ХХМТГ-ын дарга н.Чинбат:
-Хаягжилтын асуудал тулгамдаж байгаа. Бид ажлын хэсэг байгуулж ажилласан. Үүнд хаягжилтад хууль, эрхзүйн орчныг нь тодорхой болгож өгөх ёстой. Давхардуулж хаяг өгөөд байгаа зүйл ажиглагдсан. Тэгэхээр хаягийн мэдээллийг холбогдох байгууллагууд солилцох өгөгдөл солилцооны системтэй болгох асуудлыг тусгаж өгсөн.
Үргэлжлүүлэн “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
“Зарим газар нутгийг улсын хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж санал хураалтаар гишүүдийн олонх дэмжсэн тус эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Гишүүдийн зүгээс иргэдийн суурьшлын бүсийг тэлэхтэй холбогдуулан тусгай хамгаалалттай газраас зарим хэсгийг гаргах асуудлыг хэрхэн шийдвэрлэх, тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хамгаалалтын талаар илүүтэй лавлав. Мөн тусгай хамгаалалтад байгаа газар нутагт байгаа өвөлжөө хаваржааны талаарх судалгаа, тухайн бүс нутагт мал аж ахуй эрхлэх боломжийн талаар тодруулсан.
Одоогийн байдлаар тусгай хамгаалалтад авсан газар нутагт нийтдээ 3500 орчим өвөлжөө, хаваржаа байгааг дурдаад, дархан цаазат газрын онгон бүсэд малын тоо толгойг хязгаарласнаас бусад газар, байгалийн цогцолбор, дурсгалт газруудад мал аж ахуй эрхлэх боломжтой гэдгийг ажлын хэсэг хэллээ.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-БОАЖ-ын яам, Уул уурхайн яам, ХХААХҮЯ зэрэг гол яамд бодлогоо нэгтгэж байж асуудлаа шийдэхгүй бол маргаан үүсэх тал байна шүү. Тиймээс маргаантай байгаа асуудлуудаа цэгцлээд оруулж ирмээр байна. Улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөж буй 22 газрыг судлаад үзэхэд дийлэнх газар нутаг нь уул уурхай тусгай зөвшөөрөл зэрэг замбараагүй лиценз олголт, хариуцлагагүйн уул уурхайгаас газар нутгаа хамгаалах гэж оруулж ирж байгаа асуудал бий шүү. Энэ нь арга ядсан эрүүл бус тогтолцоо шүү. Хариуцлагагүй уул уурхайгаас үүдэж газар нутгаа хамгаалдаг байдал бий болчихоод байна. Энэ асуудалд холбогдох яамд нь анхаармаар байна. Хүн амын төвлөрөл хамгийн ихтэй, эсвэл хөдөө аж ахуй, газар тариалангийн бүс нутаг, байгалийн үзэсгэлэнт газар нутгуудад тусгай зөвшөөрөл зэрэгцүүлж олгоод байгаа учраас ард түмний эсэргүүцэлтэй тулгардаг. Мөн аялал жуулчлал, хот суурин, ундны усны бүстэйгээ зэрэгцүүлж тусгай зөвшөөрөл олгож байна. Өнөөдөр аль ч салбар хөгжихгүй байна. Байгаль экологио ч бид хамгаалж чадахгүй байна. Энэ асуудалд нэгдсэн цогц бодлого гаргаж өгөөч. Урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулж бодлогоо гаргах шаардлага зайлшгүй бий болж байна. Энэ эрүүл бус тогтолцоог даруй өөрчлөх хэрэгтэй. Та хэд замбараагүй лиценз олгодог, эргээд тэр газар нутгаа хамгаалахын тулд улсын тусгай хамгаалалтад авдаг эрүүл бус бодлогоо засах хэрэгтэй. Хоёрдугаарт, 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд бараг 28 орчим удаа өөрчлөлт орсон. Энэ нь уул уурхайн бодлого тогтвортой бус байгааг шууд харуулж байна.
А.Сүхбат: Туул голыг гаталсан малын арьс өмөрч унаж байна
Зам, тээврийн хөгжлийнийн сайд Б.Энх-Амгалан:
-2010 онд Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого батлагдаад, 2014 онд Эрдэнэт-Овоотын төмөр зам барих концесс хийгдээд, 2015 онд гэрээ хийгдсэн байна. Төмөр замын чигийг техникийн боломж, эдийн засгийн үндэслэлийг батлагдсан юм байна. Үүнээс гарвал концесс эзэмшигч, хөрөнгө оруулагчаас нөхөн төлбөр шаардах юм билээ. Таван газарт 21 км тунель баригдах юм билээ. Үүнийг УИХ-аас чиг авч шийдвэрлэгдэнэ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ асуудалгүй гэдэг бичиг БОАЖЯ-наас ирсэн юм билээ. 7.4 сая ам.долларын өртөгтэй концессын энэ гэрээг 2015 оны Засгийн газрын үед байгуулсан.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Цэрэнбат:
-Байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Шинэ Идэр, Булнайн нурууг авахад ард иргэдэд хүндрэл учрахгүй.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Туул голыг хэзээ хамгаалалтад авах вэ?
УИХ-ын гишүүн А.Сүхбат:
-Туул гол бол монголчууд бидний амин сүнс болсон гол мөрөн. Туул голд хорлон сүйтгэх ажиллагаа хийсэн гэж шууд хэлж болно. Туулын бохирдол Тэрэлжээсээ эхэлсэн. Тэрэлжид аялал жуулчлалын бүсийн зөвшөөрөл олгосон байдаг. Тэнд модон жорлон хийж байна. Нэг тохой ухаад л ус боргилж гарч байгаа. Улаанбаатар хотын Гачуурт тосгоноос эхлээд гол дээр хог, үнсээ хаядаг. Хавар энэ нь Туул гол руу орж, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн бохирдол дийлэнх хувийг эзэлж байна. Өнөөдөр 70 хувийн бохирдолтой усыг Туул голд нийлүүлж байна. Улаанбаатар хотоос доош орших Төв аймгийн Алтанбулаг, Өндөрширээт, Заамар, Лүн сумд асар өндөр хордлогод байна. Өнөөдөр Туул голыг гаталсан малын арьс өмөрч унаж байна. Тэр малын мах, сүүг ард иргэд идэж байна. Бид Туул голоос ундаалсан малын мах, ногоог идэхийг хориглож чадаагүй байгаа. Туул голыг улсын тусгай хамгаалалтад авах асуудал удахгүй орж ирнэ. Асуудал яригдаж байгаа. Туул голыг бие даасан хуультай болгож, улсын тусгай хамгаалалтад авах асуудал удахгүй орж ирнэ.
Ажлын хэсэг:
-Туул голын ай савд байгаа аж ахуйн нэгжүүд, Богд ууланд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргана.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
-УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж байна. Тэс голыг хамгаалалтад авах шийдвэр гаргасан нь маш чухал. Цаашид Хөвсгөл аймгийн газар нутгуудаас тусгай хамгаалалтад авах газрууд цөөнгүй бий. Хөвсгөл аймгийн Эрчимийн нурууг тусгай хамгаалалтад авах талаар судалж байгаа юу. Хэзээ оруулж ирэх вэ?
Ажлын хэсэг:
-Эрчимийн нурууг 2017 оноос эхлэн судалж дуусгаад аймаг, орон нутгийн ИТХ-аас санал авахаар хүргүүлсэн.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
“Эрдэнэт-Овоотын төмөр зам тусгай хамгаалалтад авах бүстэй давхацсан”
УИХ-ын чуулганы хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Уг тогтоолын төслийг Засгийн газраас өргөн барьсан юм.
Тогтоолын төслийн агуулга нь есөн аймгийн 22 газрыг улсын тусгай хамгаалалтад нэмж авах тухай юм. Эдгээр 22 газар нь нийтдээ есөн аймгийн 29 сумын 3.4 сая га талбайг хамарч байгаа ажээ. Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 3.7, ойн сан бүхий газрын 3.2 хувь хамгаалагдах тухай судалгааны дүн гарчээ.
Мөн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 3.4 сая га буюу 2.1 хувиар нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувь нь улсын тусгай хамгаалалттай болох юм байна. Тус тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Монгол Улсын нийт газар нутгийн 70 гаруй хувь нь цөлжилтөд өртөж, 300 гаруй зүйлийн ургамал устаж, олон гол горхи ширгэх аюул учраад байгааг ойлгож байна. Гэхдээ тусгай хамгаалалт авснаар асуудал бүрмөсөн шийдэгдэх үү. Энэ талаар ямар бодлого барих ёстой юм бэ. Тусгай хамгаалалтад авсан газар нутгаас нөхөн сэргээлт хийх шаардлагатай, хууль бусаар олборлолт явуулдаг гэх мэт эргээд тусгай хамгаалалттай газар нутгийг эвдэлж сүйтгэх асуудлыг хэрхэн шийдвэрлэх юм бэ гэсэн асуултад ажлын хэсгийн гишүүн Л.Элдэв-Очир хариулт өглөө. Тэрбээр энэ удаагийн тогтоолоор 22 газар нутгийг тусгай хамгаалалтад авахаар оруулсан. Дараа нь мөн найман газар орж ирнэ. Тусгай хамгаалалтад аваад л байдаг хамгаалалт ямар байгаа вэ гэдгийг тодруулсан нь зөв. Хамгаалалт, ашиглалтын асуудал маш чухал.
Өнөөдрийн байдлаар тусгай хамгаалалттай газар нутаг нийтдээ 365 байгаль хамгаалагч ажиллаж байна. Гэвч 80 байгаль хамгаалагчийн орон тоо дутуу. 2018 оны судалгаанаас харахад, зөрчлийн илрүүлэлт болон зөрчил арилгах хувь өнгөрсөн жилүүдээс 20 хувиар өссөн гэдгийг яамнаас өгсөн. Цаашид нэмж авсан тусгай хамгаалалтын газруудад байгаль хамгаалагчийн орон тоо, төсвийг баталж өгөх шаардлагатай байна.
Тусгай хамгаалалтад авсан ч ухаад, малтаад эхэлдэг асуудал байгаа шүү. Цаашлаад ихэнх газар нутгаа улсын тусгай хамгаалалтанд авчихдаг. тэнд бэлчээрлэж байгаа мал яах вэ? Жишээлбэл, энэ газруудыг тусгай хамгаалалтад авснаар Ховд аймгийн Алтай, Үенч сумдын нийт нутгийн 50 хувь нь тусгай хамгаалалтад орж байна. Үүнийг дагаад орон нутагт зардал нэмэгдэнэ. Үүнийг яаж шийдэх үү? Тусгай хамгаалалтын газрын алба хаагчид мал малчидтай хэрхэн хандах ёстой вэ гэсэн бодлогын асуудал гарна. Эдгээр асуудалд ямар бодлого баримтлах вэ гэдгийг хариулж өгнө үү?"
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Улсын тусгай хамгаалалтад авч байгаа газар нутгаас бэлчээрийн зориулалтаар ашигладаг газар нутаг цөөнгүй бий. Бэлчээрийг нь тусгай хамгаалалтад авчихаар малчид маань өвөлжөө, хаваржаа руугаа орж чаддаггүй, бэлчээрийн хангалтгүйгээс газар нутгийн маргаан их гардаг. Хоёрдугаарт, Эрдэнэт-Овоотын төмөр замын асуудал. Нутгийн ард иргэд, аймгийн удирдлагууд нь мэдээгүй байхад нь концессын гэрээ өгчихсөн. УИХ-аас баталсан Төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигт энэ төмөр зам ороогүй. УИХ-аас зөвшөөрөл аваагүй байж Засгийн газар нь концесс өгчихсөн асуудал бий. Ард иргэд нь босох гэж байна. Тусгай хамгаалалтын газар нутагт орвол тус төмөр зам байхгүй болно гэдэгт олзуурхаж байна.
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:
-Одоо орж ирж байгаа 22 газрыг тусгай хамгаалалтад авах жагсаалтад хоёр газрын давхцал байгаа. Эрдэнэт-Овоотын төмөр замын асуудал, газрын тосны газрын асуудал бий. 2010 онд Засгийн газраар Эрдэнэт-Овоотын төмөр замын концессын гэрээ нь хийгдсэн байдаг. Хууль өргөн барихаас өмнө яамд хоорондоо баахан бичиг баримт шидэлцсэн юм билээ. БОАЖЯ-наас тус газар нутагт төмөр замын давхцал бий гэхээр ЗТХЯ, Уул уурхайн, хүнд үйлдвэрийн яам нь асуудалгүй гээд хоёр ч удаа хариу өгсөн байдаг. Уг хууль өргөн баригдсаны дараа давхцал бий болчихлоо, тодорхой координатыг хэсгийг нь гаргаж өгөөч гэж орж ирсэн. Өчигдөр байнгын хорооны хуралдаан дээр мөн энэ асуудлаар нэлээд ярьсан.Хууль эцэслэн батлагдахаас өмнө ажлын хэсэг дээр, байнгын хороогоор хэлэлцүүлээд хэрэв давхцалыг зайлшгүй арилгах ёстой гэвэл гаргалгаагаа гарга гэсэн үүрэг өгсөн. Энэ асуудал маш хариуцлагагүй, яамд хоорондоо уялдаагүй ажилладаг гэдгийн тод жишээ нь энэ.
Чуулганы хуралдаан эхэллээ
Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Б.Бат-Эрдэнэ гишүүн хаваржилтын асуудлаар асуулга тавилаа. Уг асуулгад мэдээлэл өгч, чуулганы хуралдаанд танилцуулахыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нарт даалгав.
Өнөөдрийн чуулганы хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх асуудал, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хуралдааны эхэнд “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Сүхбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд ажлын хэсгээс асуулт асууж байна.
Холбоотой мэдээ