Аваргуудын лигийн дунд шөвөгт учраа таарсан "Манчестер Сити" болон "Тоттенхэм Хотспур" клубуудын хариу тоглолт “Этихад” цэнгэлдэх хүрээлэнд явагдлаа. Хоёр багийн эхний тоглолт 1-0 харьцаатай "Тоттенхэм Хотспур" клубын ялалтаар өндөрлөөд байсан. “Этихад” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолт маш сонирхолтой, нээлттэй харилцан довтолсон тоглолт болж байсан бөгөөд долоон бөмбөг хаалганы торыг хөдөлгөсөн.
Талбайн эздийн довтолгоо маш аюултай байсан бөгөөд Р.Стэрлинг хоёр гоол, С.Агуэро болон Б.Силва нар тус бүр нэг гоол оруулсан. Харин зочдоос Солонгос тоглогч Сон Хын Мин гайхалтай тоглолт үзүүлж байсан. Тэрээр эхний 10 минутад л хоёр гоол оруулсан бол сэлгээгээр талбайд орж ирсэн Ф.Льоренте багийнхаа гурав дахь гоолыг оруулж, 4-3 харьцаатайгаар "Манчестер Сити" клубын ялалтаар өндөрлөсөн. Гэсэн хэдий ч нийлбэр дүнгээр 4-4 харьцаатай тэнцэж, айлын талбайд гоол оруулсан тул "Тоттенхэм Хотспур" клуб хагас шигшээд шалгарлаа.
- "Манчсетер Сити" 4-3 "Тоттенхэм Хотспур" (гоол: Р.Стэрлинг 4’21’, Б.Силва 11’, С.Агуэро 59’, Сон-Хын Мин 7’, 10’, Ф.Льоренте 73’)
Шар хуудас: М.Сиссоко 41’, Сон-Хын Мин 48‘, Д.Рөүз 54’, В.Ваньяма 77’’’
Улаан хуудас:
Манчестер Сити: Эдерсон, К.Уокер, В.Компани, А.Лапорте, Б.Менди (Л.Сане 84‘), К.де Броне, И.Гюндоган, Д.Силва (Фернандиньо 63’), Б.Силва, С.Агуэро, Р.Стэрлинг
Тоттенхэм Хотспур: У.Льорис, К.Триппер, Т.Алдервейрелд, Я.Вертонген, Д.Рөүз (Д.Санчес 90+3’), М.Сиссоко (Ф.Льоренте 41’), В.Ваньяма, К.Эриксен, Д.Алли, Сон-Хын Мин, Л.Моура (Б.Дэвис 82’)
Багийн гол довтлогч Х.Кейнийг улирлын үлдсэн хугацаанд алдаад байсан ч "Тоттенхэм Хотспур" клубт асуудал алга. Ази залуу Сон Хын Мин аваргуудын лигийн сүүлийн хоёр тоглолтод багтаа чухал гоолууд оруулж чадаж байна. Мөн энэ тоглолтод Испани довтлогч хамгийн хэрэгтэй үед мөргөж гоол оруулав. Түүний гоол гар хүрсэн байх магадлалтай ч VAR-н бичлэгээр гоолыг нь баталгаажуулсан.
Харин "Манчестер Сити" клуб хүчтэй довтолгоогоороо өрсөлдөгч багтаа аюул тарьж байсан ч эцсийн үр дүн тэдний талд гарсангүй. Ийнхүү "Тоттенхэм Хотспур" клуб хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4-4 харьцаатай тэнцэж, айлын талбайд гоол оруулсан үзүүлэлтээр дараагийн шатанд шалгарлаа. Тэдний дараагийн өрсөлдөгч нь Нидерландын "Аякс" клуб байх юм. Энэ тоглолтод ялалт байгуулсан "Тоттенхэм Хотспур" клуб 1962 оноос хойш 57 жилийн дараа аваргуудын лигийн хагас шигшээд шалгарч байна.
Б.БЯМБАБАЯР