“Улстөрчид нь эдийн засгаа боомилоод байна”

Хуучирсан мэдээ: 2015.05.08-нд нийтлэгдсэн

“Улстөрчид нь эдийн засгаа боомилоод байна”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцлээ. Өнгөрсөн оны тухайд дурдахад Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн биелэлт 56.9 хувьтай гарчээ. Биелэлт ийм байгаа нь санхүүжилт бүрдээгүй, хууль эрх зүйн орчин бүрдээгүйтэй холбоотой гэсэн дүгнэлт гарсан аж.

Мөн 2013 оны тухайд “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд 645.8 тэрбум төгрөгийг арилжааны банкуудаар дамжуулан бага хүүтэйгээр зээл хэлбэрээр олгосон бол орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд 470.6 тэрбум төгрөгийг орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлэхэд, 645.6 тэрбум төгрөгийг орон сууцны ипотекийн зээл шинээр олгоход зарцуулсан байна.

Хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа хэлэх үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өмнөх Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, алдааг нь УИХ засах ёстой атал хаацайлж ирсэн хэмээн буруутгалаа. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өмнөх Засгийн газрын үед хийсэн ажил олон байгааг хараар будаж болохгүйг сануулав.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:-УИХ дахь МАН-ын бүлгийг бүлэггүй хавчлагын байдалд байлгаж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ баталсан. Тэр үед ойлголцсон бол бодит хөрсөн дээрээ буух хөтөлбөр батлагдах байсан.

Ажилтай орлоготой Монгол хүн хөтөлбөр хэрэгжиж чадахгүй. Яагаад гэвэл өнөөдөр уул уурхай, барилгын салбарын ажил зогссон, жижиг, дунд үйлдвэр хөгжүүлж олон хүнийг ажилтай болгоно гэдэг ч зогсонги байдалд орсон байна. Энэ хөтөлбөр Монгол хүн яаж ажилтай орлоготой болов гэдгээр дүгнэгдэнэ. Үлдэж буй хугацаанд Засгийн газар гол асуудал дээрээ анхаарч эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг давах. Амьдралаас тасарсан, хийрхсэн бодлого хэрэгжүүлбэл явахгүй.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:-Хулхи Засгийн хөтөлбөр олон гэж энэ. Огцорсон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэх шаардлагагүй. Тавантолгой дээр Л.Эрдэнэчимэг янцаглаад суугаад байх юм, яасан их уддаг юм бэ?.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:– Өмнөх Засгийн газар огцорсон учраас ямар ч хариуцлага ярих боломжгүй. Хийж хэрэгжүүлсэн ажил бол бий, бүх үеийн Засгийн газарт дүн тавьдаг дөрвөн үзүүлэлт бий. Эдийн засгийн өсөлт, ДНБ өссөн үү, ажилгүйдлийн төвшин хэд байна, инфляци энэ дөрөв. 2013 онд эдийн засгийн өсөлт 13 хувь, 2014 онд 7.8 хувь, 2015 онд 5.3 хувь, 2016-2017 оныхыг 5 хувь хүрэхгүйгээр төсөөлж байна.

Эдийн засгийн өсөлт байсан уу, байсан, гэвч залуу баяны цээж өвчнөөр аашилсан. Н.Алтанхуягийн танхим улсын төсвийн 6-7 их наяд төгрөг, Чингис бондын 2.5 тэрбум ам.доллар, Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр 4 их наяд төгрөгийг эдийн засагт хийсэн. Тэгсэн хэрнээ эдийн засаг унасан, мөнгө дутаагүй бялхсан. Төсвийн мөнгөний буруу бодлого явуулсан учраас. Энэ хоёр дээрээ алдаа хийсэн гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Олон улсын валютын сан зөвлөмж өгч байсан, жил бүр. Эцэст нь -3 тавьсан, хоёр тавьсан л гэсэн үг. Үлдэж байгаа хугацаанд алдаагаа засах. Ингэхгүй бол өнөөдөр экспортын бүтээгдэхүүнээ өрсөлдөх чадваргүй болгосон. Найман жил хэрэлдээд 1 м төмөр зам тавьсангүй, гадаадын хөрөнгө оруулалтаа хөөгөөд явуулчихсан, жилд 4.7 тэрбум ам.доллар орж ирдэг байсан бол одоо алдагдалтай гардаг болсон.

УИХ нь, улстөрчид нь эдийн засгаа боомилоод байна. Улс орноо хөгжүүлэх үү, чөдөрлөх үү гэдэг нь УИХ-аас л хамаарна..

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:- “Гудамж” төслийн хүрээнд хэдэн км зам нийслэлд тавигдсан юм, хэдэн аймагт 1000 айл орон сууц хөтөлбөр хэрэгжиж байгаа юм, хэдэн суманд “Шинэ сум” төсөл хэрэгжиж байгаа юм, жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээлд хэчнээн иргэн хамрагдав,  2016 он гэхэд хэдэн айл орон сууцтай болох юм. Экспорыг дэмжих чиглэлээр хэдэн хувийн хөнгөлөлттэй зээл өгсөн юм, хэчнээн аймгийг Улаанбаатар хоттой холбосон юм, Монголбанкинд хэдий хэмжээний алт тушаагдсан юм гээд яривал хийсэн, бүтээсэн юм бий шүү. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:-Зодооноор л ажил эхэлсэн.  Засгийн газрын мөрийн хөтөлбөрт УИХ өөрсөддөө дүгнэлт хийх цаг нь болсон. Засгийн газрын бүтэшгүй мөрөөдлийг 45 хүн хүчээр баталсан. УИХ бүтэн хоёр жил Засгийн газартаа хяналт тавилгүй төрийг самруулсан. Одоо Тавантолгойн гэрээг юу болгож байна, УИХ-ын дарга түүний зөвлөх ийм юм хийж болдог юм уу. Оруулаад ирсэн юм нь буруу байж болно, зөв болгоод гаргаж болно. Ганц бодлого боловсруулаад гаргаж чадахгүй, хий савсуулсан улсууд. Эцэггүй хүүхдийн толгой том гэдэг юм болж байна гэсэн юм.

Ийнхүү гишүүд Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан саналаа хэлж дууссанаар чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж