Хятад эрчим хүчээ атомын цахилгаан станцаар хангана

Хуучирсан мэдээ: 2019.04.18-нд нийтлэгдсэн

Хятад эрчим хүчээ атомын цахилгаан станцаар хангана

Хятад эрчим хүчээ атомын цахилгаан станцаар хангана

Хятадын засгийн газраас цэвэр эрчим хүчний зорилтдоо хүрэхийн тулд үйл ажиллагааг нь туршиж үзээгүй “Хуалон 1” загварын атомын цахилгаан станцаар аз турших гэж байна. Тус улсын засгийн газар удаан хугацаанд хойшлуулаад байсан цөмийн хөтөлбөрөө амь оруулснаар эрчим хүчний хэрэглээгээ хангахыг зорьжээ. Эрчим хүчний хамгийн том хэрэглэгч орны хувьд Хятад улс нь цөмийн хөтөлбөр хөгжүүлэгчдийн хувьд шинэ технологио сурталчлах гол зах зээл аж.

Хятадын эрх баригчид цөмийн эрчим хүчний хөтөлбөрөө Франц, АНУ, ОХУ, Канад зэрэг орнуудаас ирүүлсэн загвар дээр үндэслэн хөгжүүлэхээр төлөвлөжээ. Гэхдээ бүтээн байгуулалтыг олон жил хойшлуулсны дараа АНУ-ын “Westinghouse” эрчим хүчний корпорацийн “AP 1000”, Францын “Хөгжлийн даралтат цөмийн тогоо” загварууд өрсөлдөөнөөс хасагдаж байгааг Бээжингийн албаныхан мэдэгдэв.

Хятадын засгийн газраас дотооддоо нутагшуулсан шинэ технологийг илүүтэй сонирхож байгаа аж. Хятад нь 2006 онд АНУ-тай технологи солилцох гэрээ байгуулж, “AP 1000” загварыг цөмийн эрчим хүчний хөтөлбөрийнхөө гол цөм нь болгосон байв. Гэвч 2011 оны Фукушимагийн атомын цахилгаан станцын ослын дараа аюулгүй ажиллагааны дүгнэлттэй танилцсанаар дотооддоо нутагшуулсан цөмийн эрчим хүчний дэвшилтэт гурав дахь үеийн технологийг ашиглахаар болжээ. Дээрх загварууд өнгөрсөн жил л Хятадад танилцуулгаа хийсэн боловч Бээжин хэдийнэ өөрийн загварыг хөгжүүлж бэлэн болгожээ.

Хятадын “Хуалон 1” цөмийн хөтөлбөр бүрэн болоогүй байгаа ч албаныхан дахин хойшлохгүй гэдгийг баттай хэлж байна. Тэд аюулгүй байдал болон өртөгт бүрэн итгэлтэй байгаа аж. Улмаар Бээжин нь “Хуалон 1” загварыг өнгөрсөн гурван жилд шинээр баталсан гурван цөмийн төсөлд ашиглахаар шийджээ. Тухайлбал, өмнө нь “AP 1000”-ыг барихаар төлөвлөж байсан Жанжоу хотод атомын цахилгаан станц барих бүтээн байгуулалтыг энэ оны сүүлээр эхлүүлэхээр төлөвлөжээ.

“AP 1000”-ыг шууд ашиглахад загвар нь байнга өөрчлөгдөх, нийлүүлэлтийн сүлжээ доголдох, худалдааны асуудал зэрэг асуудал тулгарснаас Хятад нь дотооддоо нутагшуулсан загварыг ашиглахаар болсон байна. Түүнчлэн Хятадад лиценз авах үйл явц нь дотоодын болон дотоодод нутагшуулсан технологийн хувьд илүү давуу талтай байдаг аж. “Хуалон 1” цөмийн хөтөлбөрийн хүрээнд дөрвөн цөмийн тогоо барих ажил хэдийнэ эхэлсэн ба нэг нь Фужянь мужид ойрын хугацаанд баригдаж дуусах аж.

ОЛОН УЛСЫН АМБИЦ

Хятад нь ирээдүйд “Хуалон 1” загварыг олон улсад өргөжүүлэх амбицтай байгаа аж. Үүний анхны алхмыг Пакистанд улсад хийж бүтээн байгуулалтыг эхлүүлсэн бол Аргентин, Их Британид хэрэгжиж буй төсөлд уг загварыг ашиглаж байна. Хятадын Үндэсний цөмийн корпорацийн (CNNC) туслах менежер Ли Шяомин хэлэхдээ “Хуалон 1” бол өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн” хэмээжээ. Үүний технологи нь АНУ, Франц, ОХУ-ынхтай ижил гэдгийг тэрбээр онцолжээ.

Хятад улс нь цөмийн эрчим хүчний дэвшилтэт гурав дахь үеийн технологийг бие даан хөгжүүлсэн цөөн хэдэн орны нэг болсноо тус хөтөлбөрөөр дэлхий дахинд зарлана хэмээн аж үйлдвэрийн салбарын хурлын үеэр Ли Шяомин мэдэгджээ.

Хятадын засгийн газраас ирэх 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний хэрэглээний квот, хүлэмжийн хий ялгарлыг бууруулах зорилтын хүрээнд жилийн дотор найман цөмийн тогоо барихаар ажиллаж байна. Дотоодын хөгжүүлэгч нарыг ашигласнаар бүтээн байгуулалтын явцыг түргэсгэж байгаа аж. “Хуалон 1” болон “AP 1000” загварыг зардал нь бараг ойролцоо тусч байгаа аж. Түүнчлэн Хятадын мэргэжилтнүүд өөрийн загварын зардлыг бууруулах, мөн нүүрс түлдэг станцуудад нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.

Ли Шяомин хэлэхдээ, Хятадын дотоодын цөмийн тогоонууд аюулгүй, найдвартай ажиллаж байвал бид гадаадын технологид түшиглэхгүй гэж мэдэгджээ. Хятад нь цөмийн эрчим хүчний томоохон хөрөнгө оруулагч орон болсноор бохир түлшнээс татгалзах зорилтод маш том дэвшил гарчээ. Хятадын төрийн төлөвлөгөөний агентлагаас өнгөрсөн онд нүүрсний импортыг жилд 280 сая тонн орчим байлгахаар  хязгаарлалт тогтоосныг ‘Financial Times’ мэдээлжээ.

Дашрамд дурдахад, Монгол Улсын нүүрсний экспортын 99 хувь нь Хятад улс руу гардаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж