Б.Жавхлан: Бодлогын баримтууд уялдаатай батлагддаг

Хуучирсан мэдээ: 2015.05.08-нд нийтлэгдсэн

Б.Жавхлан: Бодлогын баримтууд уялдаатай батлагддаг

Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх үеэр төслийг боловсруулахад нь Монголбанк оролцоогүй гэх зарим шүүмж гарч байв. Энэ дагуу Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлангаас дараах тодруулгыг авлаа.

Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулахад Монголбанкны оролцоо ямар байдаг юм бэ?

-Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн тухайд нэмэлт, өөрчлөлт оруулсан Төсвийн тухай хуулийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу төслийг нь Сангийн яам 4 дүгээр сарын 1-ний дотор боловсруулж Засгийн газарт хүргүүлэх, Засгийн газар уг төслийг УИХ-д 5 дугаар сарын 1-ний дотор өргөн мэдүүлэхээр заасан байдаг. Тэгэхээр уг баримт бичгийг Засгийн газар бие даан боловсруулж, УИХ-аар батлуулдаг гэсэн үг.

Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг Монголбанкны оролцоогүйгээр батлах нь зохисгүй, тиймд Монголбанкийг оролцуулах хэрэгтэй гэж зарим гишүүд хэлж байсан л даа. Үүн дээр та ямар тайлбар хэлэх вэ?

-УИХ-аас баталдаг төсөв, мөнгөний бодлого, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл гэх зэрэг гол баримт бичгүүд өөр хоорондоо сайтар уялдсан, бодлогууд нь зөрчилдөөнгүй байх ёстой.

УИХ-аас төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг жил бүрийн намар баталдаг. Энэ бодлогын баримт бичигт Монгол Улсын ирэх гурван жилийн инфляцийн төсөөлөл, зорилтот, зохистойтүвшингтодорхой батлаад өгчихдөг. Тийм учраас зорилтот төсөөллийн хүрээнд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлдараа хавар нь баталдаг болоод байна. 2014 оноос эхлээд ийм дэс дарааллаар бодлогын баримтууд батлагддаг болсон. Тэгэхээр энэ бодлогын баримтуудын гол уялдаа холбоо нь инфляцийн төсөөлөл, зорилтот, зохистой түвшин юм.Түүнээс биш Засгийн газраас хэрэгжүүлж байгаа салбарын яамдын тухайлсан бодлогын асуудал руу Монголбанк оролцох ёсгүй.

УИХ-д өргөн барихаас нь өмнө төрийн байгууллагууд гол баримт бичгийн боловсруулалтад хамтраад ажилласан байх ёстой гэх юм. Энэ талаарх таны байр суурь?

-Тэгж хавтгайруулж ойлгож болохгүй л дээ. Хуулиар төрийн институцийн чиг үүргүүдийг нарийн зааглаад өгчихсөн байгаа. Төрийн байгууллагуудад өөрсдийн чиг үүрэг, хийх ажил, хэрэгжүүлэх бодлогын зааг гэж бий. Жишээ нь, Монголбанкнаас тухайн жилд хэрэгжүүлэх мөнгөний бодлогыг УИХ тусад нь баталж өгдөг шүү дээ. Төрийн мөнгөний бодлогын төсөл боловсруулахад Засгийн газар оролцохгүй. Яг үүнтэй ижилхэн улсын төсвийн төсөл, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл боловсруулахад Монголбанк оролцохгүй. Харин Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл дээр тухайн байгууллагууд боловсруулсан баримт бичгийн төслөө танилцуулах асуудал нээлттэй байгаа. Тэр ч утгаараа Сангийн яам төсвийн төслөө, Монголбанк мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслөө Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр хэлэлцүүлдэг болсон байгаа. Зөвлөл улирал бүр хуралддаг. Шаардлагатай үед ээлжит бус хурал зарлаад, яаралтай асуудлаа хэлэлцдэг.

Б.ХОНГОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж