"Харьж явна" гээд алга болсон охин зөөгч хийж байжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.18-нд нийтлэгдсэн

"Харьж явна" гээд алга болсон охин зөөгч хийж байжээ

Хүүхдийн ордонд чуулганд оролцоно хэмээн энэ сарын 11-ний өдөр гэрээсээ гарсан 17 настай охин алга болжээ. Ар гэрийнхэн нь охиныг хайгаад найм дахь хоногтойгоо золгож байна. Охины ээж Л.Ганпүрэвтэй холбогдоход “Яах учраа олохгүй байна. Шар махтайгаа хатна гэдэг л энэ байх” хэмээн хоолой зангируулан өгүүлж байсан юм. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.


-Таны охин хэдний өдөр алга болсон бэ?

-Дөрөвдүгээр сарын 11-ний өглөө Хүүхдийн ордонд чуулганд урилгаар оролцоно гээд гэрээсээ гараад холбоо тасарчихлаа. Миний охин гэрээсээ гарахдаа хар пальто, сурагчийн дүрэмт хувцастайгаа гарсан. Чуулган нь 14.40 гэж тарсан. Чуулганаа тараад цаг агаар тогтуун байсан болохоор ангийнхаа хоёр хүүхэд болон анги даасан багштайгаа хамт нэг буудал алхаж байна гэж надтай ярихдаа хэлсэн. Удалгүй багш нь над руу яриад н.Алтанцэцэгийг автобусанд суулгасан шүү гэсэн. Охин маань надтай утсаар холбоотой байдаг болохоор 16.40 цагт залгахад “Охин нь автобусанд суусан, гэр рүүгээ явж байна. Дарь эхийн Ганцын буудал дээр явж байна” гэж ярьсан. Орой ажлаа тарж ирээд охиноо гэртээ ирсэн байх гэж бодсон чинь байхгүй байсан. Санаа зовоод утас руу нь залгатал утас нь холбогдохгүй, фэйсбүүктээ ч орж ирэхгүй байсан. Гэтэл өнөөдөр манай гэр бүлийн гурван хүн рүү охины маань фэйсбүүкээс нэг цаг минутад ижил утгатай чат бичсэн.

Ямар утгатай чат байв?

-Өчигдөр/2019.04.17/ 13.43 цагт манай ах, дүү, аавыг хамт байхад охины маань фэйсбүүк хаягаас “Удахгүй очлоо” гэсэн утгатай чат бичсэн байсан. Яг нэг цаг минутад зэрэг ижилхэн утгатай чат бичсэн. Хичнээн хурдан бичдэг байлаа ч нэг хүн гурван зэрэг чат бичихгүй биз дээ. Энэ талаар цагдаагийн байцаагчид мэдэгдсэн байгаа.

Охин тань өмнө нь олон хоног алга болж байсан удаа бий юу?

-Миний охин төлөв даруухан хүүхэд. Хичээл номдоо ч их сайн. Дөнгөж 17-хон настай. Өмнө нь ганц хоёр удаа л 21.00 цаг хүртэл оройтож байсан. Түүнээс биш гадуур хонож өнжөөд явах хүмүүжилтэй охин биш.

Хамгийн сүүлд хамт байсан найзуудтай нь холбогдож үзэв үү? Юу гэж байх юм.

-Мэдээж хамгийн түрүүнд л асуусан. Нийлдэг найзууд, ангийн хүүхдүүдээс нь ганц хүүхэд ч үлдээлгүй асуусан. Чуулган тараад тус тусдаа явсан болохоор мэдэхгүй гэж байна лээ. Ангийнх нь дотно нийлдэг найз нь эмнэлэгт хэвтсэн байсан учраас  ямар  ч мэдээлэлгүй байсан. Тухайн өдөр охины маань сэтгэл санааны байдал энгийн өдрүүдийнх шиг байсан учраас анхаарал татахаар зан араншин гаргаагүй гэсэн. Би гэртээ харих замдаа л ямар нэгэн муу зүйлтэй учирсан гэж хардаж байна. Хамгийн сүүлд 16.30 цагт автобусанд явж байна гэхэд нь цаана нь автобусны буудал зарлах нь сонсогдож байсан. Харьж явна гээд л холбоо тасарсан.

Өнгөрсөн өдрүүдэд тантай ерөөсөө холбоо бариагүй юу?

-Охин минь 2019.04.14-ний 13.44 цагт над руу танихгүй утаснаас залгаад “Ээж ээ, охин нь очиж байна. Та Сансарын колонк дээр охиноо ирээд  авчих” гэж ярьсан. Хоолойны өнгө нь зангираад нэг л зовиуртай сонсогдож байсан. Би цаг алдалгүй колонк дээр очоод, нөгөө утас руу залгатал жоохон хүүхэд утас аваад “Саарал хувцастай охин намайг утсаараа ганц яриулчих гэхээр нь яриулсан. Тэгээд тэр охин яваад өгсөн” гэсэн. Гадны нөлөө байгаа юм болов уу гэж хардаад байна. Над руу өөрөөр нь яриулаад, хүний утас гуйгаад ярьгэж дарамталсан ч юм билүү. Үздэг хардаг хүнээр ч их явлаа. Нэг ижилхэн л юм хэлээд байна. Хүний нөлөөнд, дарамтад байна. Битүү газар амьсгаа нь давчуу байгаад байна гээд байгаа. Эгч нь бүр шар махтайгаа хатаж дууслаа. 

Хэрэг аль дүүргийн цагдаагийн хэлтэс дээр шалгагдаж байгаа вэ?

-Харьяалал нь Сүхбаатар дүүрэг. Гэхдээ манай гэр бүлийнхэн цагдаагийн бүх дүүргийн хэлтэст хандсан байгаа. Хэрэв миний охиныг харсан хүн байвал холбогдож мэдээлэл өгнө үү хэмээн хүсч байна.

НЭМЭЛТ: 2019.04.18. 10:15 цаг

Албаны эх сурвалжийн мэдээллээр, алга болсон охин өчигдөр /2019.04.17/ гэртээ ирсэн байна. Охины ээжтэй утсаар холбогдон лавлахад "Үеийнх нь найзууд ажил хийгээд байхаар охин минь ажил хийж үзэхээр зоогийн газарт зөөгчөөр орсон юм билээ. Тухайн зоогийн газар нь ажилчдаа байрлуулж ажиллуулдаг юм байна. Өчигдөр миний фэйсбүүк дээр тавьсан мэдээллийн дагуу нэг хүн залгаад "Охин чинь "Алтжин бөмбөгөр"-ийн ойролцоох зоогийн газарт зөөгчөөр ажиллаж байна" гэж хэлсэн" гэв. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
176
ХахаХаха
75
БурууБуруу
57
ХарамсалтайХарамсалтай
42
ТэнэглэлТэнэглэл
11
ГайхмаарГайхмаар
6
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж