Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж “Чөлөөлөх санал гаргах тухай” албан бичгийг өчигдөр /2019.04.16/ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Албан бичигт, “… Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино" гэж заасныг Монголбанкны удирдлага ханган ажиллаж чадахгүй байгаагаас төгрөгийн ам.доллартай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2019 оны гуравдугаар сард 2,632.51 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар суларчээ. Монголбанк 2018 онд 1.4 тэрбум ам.долларын интервенц хийсэн боловч төгрөгийн ханшийн хэлбэлзлийг бууруулж чадсангүй. Ийнхүү интервенц хийсэн мөнгөн дүн 2017, 2018 онуудад Монголбанкны худалдан авч, цэвэршүүлсэн нийт алтны нөөцтэй тэнцэж байна…
Дээр дурьдсан бүхэн Монголбанкны ерөнхийлөгч хуульд заасан үүргээ цалгардуулж, улмаар Монгол Улсын банк, санхүүгийн салбарт асар их хохирол учрууллаа гэж дүгнэж болохоор байх тул Н.Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг зохих, хууль журмын дагуу Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн, шийдвэрлүүлж өгнө үү” гэсэн байна.
Эх сурвалж: PARLIAMENT.MN
Холбоотой мэдээ