&#34Өнчин ишиг хургаа тэврээд, өмссөн хувцастайгаа үлдсэн байна&#34

Хуучирсан мэдээ: 2015.05.08-нд нийтлэгдсэн

&#34Өнчин ишиг хургаа тэврээд, өмссөн хувцастайгаа үлдсэн байна&#34

Р.Буд: Түймэрт өртсөн  Сүхбаатар сумынхан  өнчин ишиг хургаа тэврээд, өмссөн хувцастайгаа  үлдсэн байна   

Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд гарсан түймрийн гамшиг арилаагүй байтал Сүхбаатар сумын  хойд хэсэг шатаж, малчид, иргэд хүнд байдалд оржээ. Энэ талаар тус сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Р.Будтай ярилцлаа.

–  Сүхбаатар суманд олон айл, иргэд галд өртсөн мэдээлэл авлаа. Тэнд байдал ямар байна?

– Хөдөө орон нутагт  хуурайшилт их байна. Хэд хоногийн өмнө Түмэнцогт  сумын нутгийн 70-80 хувь нь түймэрт  шатсан. Газар тариалан, тэр дундаа хадлангийн гол нутаг шатсанаар  энэ жил хадлан авах боломжгүй болсон. Гэтэл сая Дорнод аймгийн Булган суманд тариалангийн талбайд ажиллаж байсан хүмүүс түймэр алдсанаас Сүхбаатар сумын хойд хэсэг бүхэлдээ шатлаа.  7-8 хүн түлэгдэж, олон хүн халж, нэг  гэр бүлийн гурван хүн  хүнд зэргийн түлэгдэлтэй хотод хүргэгдэн ирж ГССҮТ-д эмчлүүлж байна. Эхнэр, хүүхэд хоёрт нь хагалгаа хийхээр боллоо гэж эмч нар хэлсэн. Монгол Улсын онцгой комисс, ОБЕГ, аймгийн Онцгой байдлын хэлтэс,  ЗДТГ болон цэргийн ангийнхан, төр, засгийн холбогдох газрууд ихээхэн анхаарч, хамтарч  ажилласнаар  хүний амь эрсдэхээс хамгаалж, галыг цурманд  оруулаад байгаа ч  айлуудын өвөлжөө, бууц ихээхэн  шатсан учраас  амархан унтрахгүй, өнөө хүртэл манаж байна. Ер нь бол Баруун-Уртын нэг багийг оруулбал, нийт таван багийн 70 гаруй айл түймэрт өртөж, 3500 толгой мал шатсан. Түлэгдсэн мал олон байна. Тиймээс үхсэн малын тоо цаашид өсч магадгүй.

-Өвс ихтэй тал газар  учраас нутгийн онцлог байх, нөгөө талаар өмнө нь гарч байгаагүй аймшигт үзэгдэл, байгалийн давагдашгүй байдал үүссэн гэж иргэд ярьж байна?

-Би тухайн үед орон нутагт ажиллаж таарсан юм.  Түймэр гарсны маргааш аймгийн төвөөс сум руугаа очиж айлуудаар орж, малчидтай уулзсан. Байдал үнэхээр хүнд, урд өмнө гарч байгаагүй аймшигт үзэгдэл болсон. Өнөөдөр  50-60 нас хүрч байгаа ахмадууд, ус нутагтаа амьдарч ирсэн буурлууд ч  урд өмнө үзэгдээгүй гамшиг боллоо гэж хэлж байгаа. Тал газар өвс ихтэй, түймэр гарахад хүнд тусдаг ч, цохиод унтрааж  болдог. Гэтэл энэ удаагийнх салхины хүч маш өндөр, хурдтай байсан гэсэн. Дээр нь шороон шуурга болж, уулга нь урд үзэгдээгүй хүчтэй явсан учраас учирсан хохирол нь маш их юм. Манай нутгийнхан бол ажилсаг малч түмэн, тэр дотор Хөдөлмөрийн баатраас өгсүүлээд улс, аймаг, сумын  аварга, мянгат  малчид олон бий. Түймэртэй нүүр тулж байсан туршлага ч бий. Тиймээс баргийн түймрээс сэргийлээд, гэр, малаа аваад гарчихаар. Гэтэл үнэхээр байгалийн давагдашгүй байдал үүсч хүч мөхөсдсөн байна. Тухайлбал, Хөдөлмөрийн баатар, саальчин Л.Осгон, түүний гэр бүлийн хүн н.Арслан нартай замд таарахад  90 гаруй адуу, үхрээ түймэрт шатаачихаад хэдхэн хонь, ямаа туугаад хоёр өнчин тугал тэврээд ирж байна лээ. Унах морьгүй болсон байна шүү дээ.  Улсын аварга малчин Балжинням, Сумъяа  нар дөрвөн гэрээ түймэрт шатааж, мал нь ч багагүй хорогдсон байсан. Тэд түймэр эхэндээ  шороон шуурга  маягтай харагдаж байсан. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан хэдий ч яах ийхийн зуургүй нөмөрч гэр нь шатаж, өмссөн хувцастайгаа үлдсэн гэж ярьж  байсан. Гэр нь шатсан малчид өнчин ишиг, хургаа угжих юмгүйгээс мал нь харангадаж үхэж байна. Энэ мэтчилэн олон айл өрх, малчид орох оронгүй, мал нь шатаж хот нь харласан аймшигтай үзэгдэл тохиолоо.

-Цаашид анхаарч бас сэрэмжлэх  зүйлүүд юу байна?

-Түймэр гарахгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс хэд хэдэн зүйлийг анхаарах ёстой. Түмэнцогт, Сүхбаатар суманд түймэр гарах нь элбэг. Өвс, ургамал ихтэй, хадлангийн нутаг. Нэгд, хүний хайхрамжгүй үйлдлээс, хоёрт намар цагт машины голд ороогдсон хуурай өвснөөс  гал авалцаж түймэр  ихээхэн гардаг. Сүүлийн үед түймрийг дагаад хүчтэй салхи, шуурга гардаг болж. Үүнийг цохиураар цохиод дийлэхгүй. Тиймээс БНХАУ-д үйлдвэрлэсэн бага оврын  үлээлгэдэг төхөөрөмжөөр малчдыг хангаж түймрээс урьдчилан сэргийлэх нь  чухал. Өнөөдөр орон нутгийн хөгжлийн сан гээд мөнгөтэй болсон учраас ийм боломжтой. Мөн сум, багийн төв дээр байлгах биү малчиддаа тарааж өгмөөр байгаа юм.  Түмэнцогт суманд гарсан түймрийн үеэр манай залуус бага оврын тракторт сууж чирэгч дээр  үлээлгэдэг хошуу суулган гал унтраахад ашигласан нь үр дүнтэй байсныг цахим хуудсуудаар гарсан мэдээллээс авсан. Ийм санаачилгыг дэмжиж, хийх нь чухал. Мөн хэрэгтэй, хэрэггүй кино гаргаж байхаар ард түмнээ мэдээллээр хангах  хэрэгтэй байна. Хавар, намарт хөдөө орон нутагт зорчиж байгаа хүмүүсийг удирдамжаар хангах нь бас чухал. Цаашилбал, түймрийн  дараа хадлан тэжээл авах бололцоогүй, малын бэлчээр байхгүй  болчихлоо. Үүнээс үүдээд хэлэхэд,  мичин жилийн зуд, байгалийн давтамж  нүүрлэх вий, түүний угтал  нь энэ түймэр байхыг үгүйсгэхгүй  гэсэн болгоомжлол байна. Түүнчлэн малгүй болсон иргэд яаж амьдрах вэ. Ажилгүйдэл, ядуурал газар авна, малчид, иргэд сэтгэл санаагаар унана. Шатсан дээрээ улам шатна. Тэднийг малжуулах, ажил, орлоготой болгох, түймрийн цурамнаас нүүлгэн шилжүүлэхэд аймгийн удирдлагууд, салбарын яам анхаарах хэрэгтэй. Дээр нь үхсэн малын сэг зэмийг устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийхгүй бол урин дулааны цагт янз бүрийн өвчин гарч мэднэ.  

-Нутгийн зөвлөлийн даргын хувьд та ямар ажил санаачилж, эхлүүлж  байна?

-Түймэрт өртсөн, халсан, шатсан  малчид, иргэдэд бүх талын тусламж хэрэгтэй байна. Миний хувьд цаашид яах вэ гэдэг үүднээс хэд хэдэн санал боловсруулж, аймаг, сумын удирдлага, нутгаа гэсэн сэтгэлтэй хүмүүстэй хамтарч ажиллаж байна. Эхний ээлжинд данс нээж  ард түмэндээ, Сүхбаатарчууддаа хандан  хандив, тусламжийн аян өрнүүлж байгаа. Хувцас, эдлэл, хоол хүнс, эм тариа цуглаж эхэлж байна. Мөн урлаг,соёлынхонд хандсан. Энэ сарын 13-нд “Увертура” хамтлагийн залуус аймгийн Хөгжимт, драмын театрт хандивын тоглолт хийх гэж байна. Тоглолтын орлогыг түймэрт гэр нь шатсан 30-аад айлд хандивлах юм. Дээр нь малжуулах төслийг эхлүүлсэн. Бусад сумдын иргэд сайхан сэтгэлээр хандаж байна.  Мөн Сүхбаатар сумаас хурдан угшлын адуу авч, улс бүсэд айраг, түрүү авч ирсэн уяач нөхөддөө хандлаа. Дэмжиж хүлээж авч байгаа. Аймгийн төвд “Таван эрдэнэ” худалдааны төвд мэдээлэл тараах, түгээх цаг байгуулсан. Энэ бүхний эцэст хэлэхэд, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, ОБЕГ-ын дарга, генерал Т.Бадрал,  Улсын онцгой комиссын дарга М.Энх-Амар,  төр, засгийн холбогдох байгууллагынханд  нутгийнхаа ард түмний өмнөөс талархал илэрхийлье.

Сүхбаатар нутгийнхандаа хандаж хэлэхэд, та бүхэн минь туслаарай. Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байдал үнэхээр хүнд байгаа шүү. Түймэрт гэр орон, унаа мал нь шатсан хүмүүс хэдэн өдөр,  шөнө гал унтраах гэж зүтгээд, зарим нь  эрүүл мэндээрээ хохироод байна. Тэдэнд тал бүрийн тусламж хэрэгтэй байна. “Олны хүч оломгүй далай” гэж үг бий. Энэ хүнд үед монгол түмэн, ахан дүүс та нартаа хандахаас зөвхөн  төр, засгийн гар царайг харах боломжгүй. Тэр болгоныг төр бүгдийг даана гэдэг бас дутагдалтай, ийм  л байна.

Ч.ОЛДОХ

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж