Манай Улсад нас барах шалтгааны эхний 5 байранд сүүлийн хэдэн жил осол гэмтэл, золгүй тохиолдол орж байна. Мөн эндээс аюул, болзошгүй гамшигт өртөгсдөд газар дээр нь үзүүлэх яаралтай тусламж, үйлчилгээ хангалтгүй гол төлөв тээвэрлэх маягаар ажиллаж байгаагаас гадна ард иргэдийн дунд өөрт үзүүлэх анхны тусламжийн мэдлэг хомс, буруу тусламж үзүүлсэнээс болж хөдөлмөрийн чадвараа алдах, нас барах нь цөөнгүй байна.
2019 оны 04 дүгээр сарын 16-нд “Иргэн бүр аврагч” төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын танхимд болж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цэрэн, Засаг даргын орлогч А.Амартүвшин, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч С.Алтансүх, JCI Улаанбаатар байгууллагын 2019 оны ерөнхийлөгч Ө.Мөнхдаваа, Хүрээ ротари клубын 2018-2019 оны ерөнхийлөгч Г.Идэрмаа, Хан-Уул дүүргийн Сургуулийн өмнөх боловсролын 29 цэцэрлэгийн эрхлэгч нар бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Хамтын ажиллагааны санамж бичигт Засаг даргын орлогч А.Амартүвшин, Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч С.Алтансүх, JCI Улаанбаатар байгууллагын 2019 оны ерөнхийлөгч Ө.Мөнхдаваа, Хүрээ ротари клубын 2018-2019 оны ерөнхийлөгч Г.Идэрмаа нар гарын үсэг зурлаа.
Төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв болон Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн яаралтай тусламжийн тасгийг эмнэлгийн багаж хэрэгслээр ханган, Хан-Уул дүүргийн төрийн өмчийн 28 цэцэрлэгт анхны тусламжийн 8 багц хичээл орж, анхны тусламжийн иж бүрдлийг тараан өгөхөөр боллоо.
“Иргэн бүр аврагч” төсөл бүтэн жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд төслийн хүрээнд дүүргийн төрийн өмчийн 29 цэцэрлэгийн багш нарыг анхны тусламж үзүүлэх чадвартай болгох юм.
Эх сурвалж: www.ulaanbaatar.mn