Дуучин Т.Ариунаа “Guys” хамтлагийнхан цуг арлын орныг зорьж, “Хаврын баяр”-т оролцсон билээ. Түүнийг Японд зочилж, японд ажиллаж, амьдарч буй монголчуудад ая дуугаа зориулсанд их аваргууд талархал илэрхийлж, шинэ цомгийн ажилд нь хандив өргөжээ.
Хүчит сүмочдодоо хүндэтгэл илэрхийлж, тэднээр бахархсан дуучин бүсгүй нутгийн дүү нартаа “эрхэлж”, ийм нэгэн хөгжилтэй зураг авахуулжээ.
Тэрбээр мөн цахим хуудаснаа,
“Их наран улсын сүмогийн дэвжээнээ өөрийнхөө өндөр ёс суртахуун, жинхэнэ аварга хүнд байх ёстой чанаруудыг агуулсан 69 дэх их аварга Ёкозуна Хакухо, 70 дах аварга Ёкозуна Харумафужи, 71 дэх аварга Ёкозуна Какурю зэрэг Монголын нэрийг дархалж яваа эдгээр аваргуудаараа ихэд бахархлаа. Тэр тусмаа Хакухо аваргаа энгийн атлаа, эгэл даруу, хошин мэдрэмжтэй, оюуны бядтай, ухааны цараатай хүн юмаа гэдгийг хуучилж суухдаа мэдэрлээ.
30 жилийн ойг тохиолдуулан гаргах цомгийг маань дэмжин, сэтгэлийн өглөг өгсөн урлагт элэгтэй их аварга Хакүхо, ёкозүно Харумафужи, Какүрюү нартаа баярлалаа. Мөн Төрийн хошой соёрхолт Н.Жанцанноров гуайн хүү Н.Дамдинцэрэн, Токио дахь Үндэсний хөрөнгө орлуулалтын банкны ТУЗ-ийн гишүүн Баярсайхан, менежер Баясал, орчуулагч Уранмандах, нүүр будагч нартаа болон энэхүү тоглолтын ар талд ажилласан бүх залуучууддаа баярлалаа. Түр баяртай, Токио минь” хэмээн талархсан сэтгэгдлээ хуваалцсан байлаа.
Б.ЭНХ