Төрөөс нэхэх дөрвөн амь

Хуучирсан мэдээ: 2019.04.17-нд нийтлэгдсэн

Төрөөс нэхэх дөрвөн амь

Төрөөс нэхэх дөрвөн амь

Техник, технологи нь хуучирч муудан, ашиглалтын шаардлага хангахгүй болсон орчин нөхцөлд ажил үүрэг гүйцэтгэдгийг нь мэдсээр байж, хөдөлмөр аюулгүй байдалд нь анхаарал хандуулалгүй үйлдвэрлэлийн осол гаргасан албан тушаалтнуудад ямар хариуцлага хүлээлгэх вэ?.

Хорт хий хуримтлагдсан байгууламж руу орж л байдаг, засаад л гараад ирдэг гэдэг хайхрамжгүй, сэтгэлгүй, мэргэжлийн бус хандлага нь эцсийн дүндээ дөрвөн хүний аминд хүрснийг “Үйлдвэрлэлийн осол болсон” гэдэг үгээр тайлбарлаад хариуцлагаас мултарна гэж байгаа бол уучлаарай. Хэдий болтол төр буруу болгоноо үг хэлж чадахааргүй болсон хүмүүс рүү түлхэж, хариуцлагаас бултсаар байх вэ гэдгийг хөндөх цаг нь иржээ.

Төв цэвэрлэх байгууламжид гарсан өчигдрийн осол анхны тохиолдол биш юм. Өмнө нь буюу 2014 оны аравдугаар сард найман хүн ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хийнд хордоход шуурхай арга хэмжээ авч ажилласнаар амь насыг нь аварч байжээ.

Хамгаалах хувцас хэрэглэл сайтай байсны хүчинд хордлогыг нь тайлах эмчилгээ хийснээр хөл дээр нь босгож чаджээ. Харин өчигдрийн осолд өртсөн дөрвөн залуу хамгаалах хувцас хэрэглэлээр хангагдсан байсан уу гэдгээс эхлээд хаана осол гарсан бэ гэдэгт одоог болтол албаныхан тоймтой хариулт өгч чадаагүй сууна.

Эхлээд осол Төв цэвэрлэх байгууламжийн тунгаагуурын хэсэгт болсон гэж мэдээлэгдсэн бол өнөөдөр няцаагдлаа. Осол болоод 24 цаг болох гэж байхад хаана осол болсон бэ гэдгийг хэлж чадахгүй суугаа нь арьсаа хамгаалах гэсэн оролдлого нь уу, аль эсвэл мэргэжлийн байгууллагууд нь хаана осол болсныг тогтоох чадамжгүй болтлоо чадваргүй болсных уу гэдэг эргэлзээг ч дагуулна. Мэлзэж тойруулаад байгаа мэдэгдэл бүхэн ардаа хардлага дагуулж байна.

Хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйгээс эрдэнэт хүний амь хохирсон харуусалт жишээ зөвхөн Төв цэвэрлэх байгууламжид гарсан ослоор хязгаарлагдахгүй. Барилга дээрээс унаж, амиа алдсан харуусалтай жишээнүүд олон бий. Тэр бүгд эцэстээ хариуцах эзэнгүй л үлддэг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга П.Цагаанхүү “Монголд жилд 400 хүн үйлдвэрлэлийн осолд өртөж байна. Мөн манай улсад ажлын гурван хоногт нэг хүн мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдах, амь насаараа хохирох тохиолдол гарч байна” гэсэн статистик мэдээллийг өгсөн байдаг. Энэ нь дэлхийн төвшнөөс өндөр үзүүлэлт бөгөөд хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй нь осол гарах үндсэн шалтгаан болж буйг анхааруулжээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал уул уурхайн компаниудад ч мөрдөгдөж ажиллаж чадахгүй байгааг хоёр сарын өмнө Эко-алтан заамар компанид гарсан осол харуулсан.

Хөрс нь цөмөрч, зургаан хүн цооногт унаснаас хоёрынх нь амийг аварч, дөрвийг нь аварч чадаагүй юм. Хиймэл нуураа карьертайгаа залгуулан барьсан нь осол гарахад нөлөөлсөн гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагууд эцсийн байдлаар гаргасан.

Уг нь тус компани хиймэл нуураа байгуулахдаа мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж дүгнэлтийг хүлээж авсан бол бол ийм цаг бусын осол гарахаас сэргийлэх бүрэн боломж байсан нь осол болж өнгөрсний дараах мэргэжлийн хүмүүсийн яриа баталдаг.

Тодруулж хэлбэл, өнгөрсөн цаг хугацаанд гарсан осол аваар нь хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйгээс үүдэлтэйн зэрэгцээ мэргэжлийн байгууллагынхаа заавар зөвлөмжийг дагадаггүй, шинжлэх ухааны ул үндэстэй ажилд ханддаггүй, осол аваар гарсан ч хариуцлага хүлээдэггүй, хүлээлээ гэхэд хэн нэгнийг албан тушаалаас нь чөлөөлснөөр аргацаадаг зэрэг нь Монгол Улсыг гамшгийн орон болгож хувиргаад байна.

Монголын төр хэзээнээс иргэнээ иргэн шиг үзэж, ажил хариуцсан албан тушаалтнууд нь мэргэжлийн хэмжээнд ажиллаж, осол авааргүй орон болгох вэ.

Дөрвөн иргэнийхээ амийг Монголын төр нөхөн төлбөрөөр л хаагаад өнгөрөх юм гэж үү.

Өнчирч үлдсэн үр хүүхдийг нь хэн гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэх вэ. Ханийг нь хэн түшиж, эцэг, эхийнх нь элгийг хэн дэвтээх вэ, эрх баригчид аа?.

Г.ХОРОЛ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж