Дэлхийн дулаарал Монголд гурав дахин их хохиролтой | News.MN

Дэлхийн дулаарал Монголд гурав дахин их хохиролтой

Дэлхийн дулаарал Монголд гурав дахин их хохиролтой

Хүлэмжийн хийн нөлөөгөөр өндөрлөг газруудад дулаарал илүү явагдана

Дэлхийн дулаарал Монголд гурав дахин их хохиролтой

Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлыг зөвхөн Арктик хайлж, цагаан баавгайнууд амьдрах газаргүй болох нь гэж өөрсдөөсөө холуур сэтгэдэг монголчуудад ойлголт өгч, харанга дэлдэхээр НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн Засгийн газар хоорондын мэргэжлийн хорооныхон ирээд байна. Тус байгууллага 13-хан хүний орон тоотой ч дэлхийн зуу гаруй эрдэмтэн, судлаачийг хамруулан ажилладаг. Хэвлэгдэн гарсан эрдэм шинжилгээний бүтээлүүдийг нь судалж, НҮБ-д танилцуулаад, холбогдох улсуудад зөвлөмж хүргүүлдэг аж. Тэд дэлхийн дулаарлын нэмэгдлийг +2 биш, +1.5 хэмд барихын төлөө ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд олон зуун мянган хүний амь нас, эд хөрөнгөд хохирол учруулсан далайн хар салхи, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт зэрэг байгалийн гамшгийн гол шалтгаан нь дэлхийн дулааралтай холбоотой.

Зуун жилийн өмнөхөөс хоёрхон хэмээр дулаарахад л дэлхийн экосистемд өөрчлөлт орж, эдийн засгийн орчин ганхаж, ялангуяа хөдөө аж ахуйн салбар савлах боллоо. Үүнийг хүний бие организмаар төлөөлүүлж, “хоёр хэмээр нэмэгдсэн халуунтай хэр удаан тэсэж чадах вэ” гэж зүйрлэж болох юм.

Дэлхийн дулаарлын гол шалтгаан нь хүлэмжийн хий. Нарны цацрагийн зарим хэсэг агаар мандлаас сансрын уудам руу ойдог. Гэтэл нүүрстөрөгч, метан хий, азотын исэл зэргээс бүрдсэн хүлэмжийн хийн тогтцын нөлөөгөөр агаар мандлаас шууд дэлхий рүү буцаж ойх үзэгдлээр уур амьсгалын дулаарлыг тайлбарлаж байна. Энэ нь өндөрлөг газруудад хамгийн их нөлөөтэй. Тухайлбал дэлхийн дулаарал Монгол Улсын хувьд бүр зургаан хэм хүрэх эрсдэлтэйг эрдэмтэд анхааруулж байна. Далайн хар салхинд хүйс тэмтрүүлэхгүй, галт уулын лаванд шалзарч түлэгдэхгүй, арлын орнууд шиг живэх аюулгүй Азийн цээжинд нутагтай гэж цээжээ дэлдэх монголчуудад “наранд ойрхон” байршил нь ийнхүү аюулд хамгийн түрүүнд өртөх нөхцөл болоод байна.

“НОГООН" ТӨСЛӨӨ ХУДАЛДАЖ МӨНГӨ ОЛЖ БОЛНО

Ашигт малтмалын нөөцийн ихэнх хувийг нүүрс эзэлдэг, түүгээрээ дулаан, цахилгаан, цаашлаад үйлдвэрлэл, үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд гээд бүхий л салбараа тэтгэдэг Монгол Улсын хувьд агаарын бохирдолтойгоо хоолой хорсгон “тэмцэхээс” биш ялгарч буй нүүрстөрөгчийн давхар исэл нь хүлэмжийн хийн 77 хувийг бүрдүүлж, агаар мандалд тогтсон “хөгц” болоод буйг анзаарах сөхөө алга. Ийм “хөгцийг” хамгийн ихээр үүсгэдэг эрчим хүчний салбарт ногоон бодлого хэрэгжүүлснээр хүлэмжийн хийг бууруулах ойрын зорилт тавиад байна. Эрх баригчид нэг гараараа сэргээгдэх болон усан цахилгаан станцаар эрчим хүчнийхээ хэрэглээний тодорхой хувийг хангах бодлого батлах хэрнээ нөгөө гараараа Багануур, Тавантолгойн зэрэг нүүрсний цахилгаан станц байгуулахыг дэмжсээр.

Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарал жил ирэх тусам өссөөр 2030 он гэхэд 50 сая тонн болох тооцоог судлаачид гаргасан. Өндөр хөгжилтэй орнууд хүлэмжийн хийгээ бууруулах боломжгүй бол бусад улс орны бууруулсан төслийг худалдан авах үүргийг Киотогийн протоколд багтсан улсууд хүлээдэг. Тодруулбал, хүлэмжийн хийгээ зуун мянган тонноор бууруулахад нэг сая ам.доллар авах боломж хөгжиж буй орнуудын өмнө бий гэсэн үг. Монголд хуруу дарам цөөхөн усан болон сэргээгдэх эрчим хүчний төслүүд энэхүү протоколын үр дүнд хүлэмжийн хий бууруулсан туршлагаа худалдаж байсан түүхтэй.

Түүнчлэн 2030 он хүртэлх Ногоон хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөнд сэргээгдэх эрчим хүчийг 30 хувь хүртэл өсгөх зорилт тавьсан. Одоогийн байдлаар сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл 20 гаруй хувийг эзлэх болсныг НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын үндэсний зохицуулагч З.Батжаргал онцоллоо. Тиймээс хүлэмжийн хийг бууруулсан төслөө худалдаж мөнгө олох боломж манай улсын өмнө нээлттэй байна.

МАЛЫН БЭЛЧЭЭР, ТЭЖЭЭЛ БЭЛТГЭХЭД ХОРТ БОДИС ДЭГДСЭЭР…

Нүүрстөрөгчөөс дулаан хадгалалтаараа 300 дахин их азотын давхар исэл хүлэмжийн хийн есөн хувийг эзэлдэг. Энэхүү хий хөдөө аж ахуйн салбарт, газар тариалангийн хөрс боловсруулалт, малын өтөг бууцаас ялгардаг. Мөн 18 хувийг эзэлдэг метан хий нь мах сүүний чиглэлийн мал аж ахуйтай холбоотой дэгддэг аж.

2007 онд 275 сая тонн мах үйлдвэрлэж байсан бол энэ тоо 2050 он гэхэд 550 сая тонн болж нэмэгдэх хандлагатай. Гэтэл нэрмээс болох гэсэн юм шиг манай лидер улстөрч, бизнесмэнүүд махны чиглэлийн фермүүдийг олон зуун саяын хөрөнгөөр байгуулж байна. Австралийн хонины мах, Аргентин, Бразилын үхрийн махыг дэлхий тойруулан тээвэрлэх сүлжээнд нэгдэх холын зорилготойгоо тэд бахархан өгүүлдэг ч хүлэмжийн хийн хөнөөлийг байгаль орчны доройтол, гамшгаар дамжуулан амсах ядарсан иргэдийнхээ зүдэрсэн амьдралд нөлөөлж байгаагаа төсөөлөх ч үгүй. Мал аж ахуйн үйл ажиллагаанд зарцуулах эрчим хүч, тээвэр, орчин нөхцөл нь хүртэл тэр чигтээ хүлэмжийн хийн хорт бодисыг нэмэгдүүлж буйг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, бууруулах арга хэмжээг нэн даруй авсаар байна.

Хүлэмжийн хийн эсэргүүцэх гол хүчин зүйл нь ой мод. Гэвч дэлхий даяар олон сая га ойг устгаж, оронд нь хүлэмжийн хий үйлдвэрлэгчдийг бүтээсээр байна. Амазоны ширэнгэн ойн 70 хувийг үхрийн бэлчээр малын тэжээл бэлтгэх зорилгоор устгаж байхад дэлхий нийтээр хүлэмжийн хийн асуудлыг төдийлөн анхаардаггүй байв. Гэвч өнөөдөр ганцхан минутад хөлбөмбөгийн долоон талбайтай тэнцэх хэмжээний ойг зөвхөн махны үйлдвэрлэлд зориулан  устгадаг гэсэн тооцоо гаргажээ. Хамгийн харамсалтай нь устгасан ойн газрын хөрсөнд агуулагддаг 1.5 их наяд тонн нүүрстөрөгчөөс тодорхой хувь нь хий болон агаарт дэгддэг аж. Хүн төрөлхтөн дэлхий ээжийнхээ “халууныг бууруулж”, үр шимийг нь удаан хүртэхийн тулд хойш тавьж алгуурлалгүй өнөөдрөөс эхлэн хүн бүр “ногоон” амьдралыг чухалчлахыг НҮБ-ын мэргэжлийн хорооныхон уриалж байна. Бидэнд хугацаа үлдээгүй шүү хэмээн тэд сануулж байна.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-17 66.181.168.200

Далайн хар салхи магадгүй. Газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт бол түй ч хамаагүй.

Avatar

Зочин 2019-04-17 150.129.143.8

Монголчууд мод тарьдаггүй, ногоон байгууламж гэж мэддэгүй. Хятад тэгэхэд цөлийг ой болгосоор л байна. ҮМБҮҮ МОНГОЛЧУУД худлаа мөөрсөөр л

Avatar

сүрэн 2019-04-17 103.229.123.11

Дулаарч байвал харин сайн юм бишүү Өвлийн хүйтэнд хамаг ажил маань зогсдог бид бараг зүгээр суудаг шүү дээ

Avatar

БАТ инженер 2019-04-17 119.40.103.3

яасан ч муу бичдэг юм бэ дээ

Avatar

Зочин 2019-04-17 202.9.43.155

:дэлхийд нүүрсний баялагаар эхний 10-д ордог монгол улс нүүрсэнд агуулагдах метан хийгээр 10-45 их наяд байгалийн хийтэй. Тавантолгой гэхэд хамгийн багаар бодоход 230 гаруй шоо мер байгалийн хий байна. Бид дээш нь агаарт цацаад л дулаарлыг нэмэгдүүлэхэд үүрэг гүйцэтгээд л өөрсдөө утаанд уушиг, амьсгалын зам, зүнрх судсаа өвчлүүлээд сууж байна. Одоо энэ хийг ашиглах төрийн бодлогыг Засгийн газар гарнах ёстой ҮИХ-ч анхаарах ёстой шүү. Их удаан иөнч хөшүүн байна даа энэ асуудалд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж