-2015 он гарсаар Улаанбаатар хотын орчимд 390 удаагийн газар хөдлөлт мэдрэгдсэн-
Засгийн газраас энэ сарын 11-нд буюу ирэх даваа гаригт Гамшгийн эрсдлийг бууруулах өндөр дээд хэмжээний бодлогын хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулахаар болжээ. Энэ талаар Шадар сайд У.Хүрэлсүхээс тодрууллаа.
-Гамшгийн эрсдлийг бууруулах өндөр дээд хэмжээний хэлэлцүүлэгт НҮБ ач холбогдол өгч, төлөөлөгчөө оролцуулах юм байна. Тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдлийг бууруулах газрын дарга Маргаретта Уолстром Монгол Улсад энэ сарын 11-12-нд албан ёсны айлчлал хийнэ. Энэ үеэр гамшгийн эрсдлийг бууруулах өндөр дээд хэмжээний бодлогын хэлэлцүүлгийг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт 400 гаруй төлөөлөгч оролцоно, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд, УИХ, Засгийн газрын гишүүд, НҮБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн зохицуулагчийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах Ази Номхон далайн бүсийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Улаан загалмай болон гамшигтай тэмцдэг мэргэжлийн байгууллагууд оролцоно.
-Хэлэлцүүлгээр ямар асуудлыг ярилцах вэ?
-Гамшиг ослоос улс орноо яаж урьдчилан сэргийлэх вэ, яаж хамгаалах вэ гэдгийг энэ үеэр ярина. Гамшиг осол гарсны дараа арга хэмжээ авах биш гарахаас урьтаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаг байх нь чухал байгаа. Ингэхийн тулд ард иргэдийнхээ гамшгаас сэргийлэх боловсролыг дээшлүүлэх шаардлага бий. Ой хээрийн түймэр гарахад ард иргэд өөрсдийгөө яаж аварч хамгаалах юм, мал ахуйгаа яаж аварч хамгаалах юм, гэр орноо яаж аварч хамгаалах вэ гэдэг мэдлэгийг зайлшгүй заах шаардлагатай байгаа. Үүнийг гамшгийн боловсрол гэж нэрлэдэг. Хүн төрөлхтөн гамшгийн боловсролд маш их анхаардаг болсон. НҮБ-иас бүх улс орны төр засагт хандаж, гамшгаас хамгаалах Онцгой байдлын албадыг бэхжүүлэх зайлшгүй шаардлага байна гэдэг асуудлыг тавьж байгаа. Монгол Улсын Засгийн газрыг ч мөн гамшгаас хамгаалах байгууллагыг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай анхаарал тавиач ээ гэсэн асуудлыг тавьж байна.
-Саяхан Төв аймагт ч билүү газар хөдөлсөн. Газар хөдлөлт ер нь ямар байгаа вэ, давтамж нь ихэсч байгаа тухай мэдээлэл хааяа цацагдах юм?
–2015 он гарсаар Улаанбаатар хотын орчимд 390 удаагийн газар хөдлөлт мэдрэгдсэн. Газар хөдлөлтийг хэмждэг станцуудыг байрлуулсан байдаг. Тэрхүү станцаас ирүүлж байгаа мэдээллээр газар хөдлөлт урьд оныхоос өссөн байна. Энэ бол дохио санамж. Гай гамшиг хэлж ирдэггүй, хийсч ирдэг. Муу ёрлож байгаа юм биш гай гамшигт урьдчилсан байдлаар бэлэн байх зайлшгүй шаардлагатай. Сая Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсантай уулзахад хэлж байна, Дэлхийн банкны төслөөр газар хөдөлбөл яах вэ гэж судалгаа хийхэд Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг сургуулиудын 58 хувь нь эрсдэлтэй байна гэсэн дүгнэлт гарч… Тэгэхээр бид хаа, хаанаа олон зүйлд бэлтгэлтэй байх шаардлагатай гэсэн үг л дээ.
Ер нь сүүлийн 10 жилийн судалгааг нэгтгэсэн тоон мэдээллийг авч үзэх юм бол Монгол Улсад 33 мянга орчим гамшиг тохиолдсон байгаа. Гамшгийн улмаас 2237 иргэний амь эрсдэж, 12.1 сая мал хорогдсон. Шууд хохирол нэг их наяд 70 тэрбум төгрөг, ойролцоогоор 600 сая төгрөгийн хохирол учирсан байна. Онцгой байдлын алба ажилласны үр дүнд 860 иргэний амь насыг аварч, жилд дунджаар 11.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалсан. Ийм л зовлон бэрхшээл байнга тохиолддог болсон байна.
Г.ДАРЬ