Морин хуурын чуулгын 26 жилийн ойн баярын “Novel melody” тоглолт энэ сарын 16-ны үдэш Улсын филармонийн тайзнаа эгшиглэлээ. Төрсөн өдрийн баярын тоглолтод олон сайхан уран бүтээлчид хамтран шинэ бүтээлийнхээ дээжийг үзэгчдэдээ толилуулжээ.
Морин хуурын чуулгын хөгжимчдийн бүрэлдэхүүн дунд ганц эмэгтэй хуурч байсан нь Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын охин Ж.Уугантуяа. Тэрбээр Монголын анхны мэргэжлийн анхны эмэгтэй морин хуурч билээ.
Авьяаслаг морин хуурч бүсгүй 1990 онд Ардын жүжигчин, морин хуурч Ц.Батчулуун агсны шавь болсноос хойш өдгөө 26 жил Морин хуурын чуулгад морин хуурч, менежерээр ажиллаж байгаа ажээ. Анх Морин хуурын чуулгад наймдугаар ангийн сурагч байхдаа орж, Соёл урлагийн их сургуулийн Урлагийн менежментийн ангийг 2003 онд төгсчээ.
Морин хуурын чуулгын төрсөн өдрийн тоглолтод Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайханы найруулан бичсэн Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэн болон ЗХУ-аас уригдан ирж ажиллаж байсан нэрт хөгжмийн зохиолч Б.Смирнов нарын хамтран туурвисан “Учиртай гурван толгой” дуурийг “Учиртай дөрвөн толгой” нэртэй сюит, шинэ цагийн чадварлаг хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” хэмээх танго сюитыг залуу удирдаач Н.Жигжиддорж удирдаж, хуран цугласан үзэгчдэд хүргэжээ.
Ардын жүжигчин, морин хуурч Ц.Батчулуун агсны үүсгэн байгуулсан Морин хуурын чуулга анхны “Novel melody” тоглолтоо 2011 онд дан нумт хөгжмийн бүрэлдэхүүнээр тоглож эхэлсэн бөгөөд 2015 оноос жил бүрийн дөрөвдүгээр сарын 16-нд уламжлал болгон шинэ уран бүтээлээр урын сангаа баяжуулж байгаа аж.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ