Эдийн засгийн сэргэлтэд төв банкны оруулсан хувь нэмэр их | News.MN

Эдийн засгийн сэргэлтэд төв банкны оруулсан хувь нэмэр их

Эдийн засгийн сэргэлтэд төв банкны оруулсан хувь нэмэр их

Эдийн засгийн сэргэлтэд төв банкны оруулсан хувь нэмэр их

Монголбанк нь үндсэн зорилтынхоо хүрээнд дунд хугацааны үнийн тогтвортой байдлыг хадгалж, эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн мөнгөний бодлогын шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Эдийн засгийн идэвхжлийг дагаад эрэлтийн шинжтэй инфляци нэмэгдэх хандлагатай байгаа хэдий ч инфляци 2018 оны эцэст идэвхжихэд хатуу түлш (хэрэглээний нүүрс, мод), шатахуун болон махны үнийн өсөлт голлон нөлөөлөв. Тухайлбал, 2018 оны 12-р сарын үзүүлэлтээр эдгээр 3 төрлийн бүтээгдэхүүн Улаанбаатар хотын жилийн инфляцийн 5.4 нэгж хувийг дангаараа эзэлж байв. Инфляцийн энэхүү өсөлт нь нийлүүлэлтийн шалтгаантай, түр хугацааных бөгөөд Монголбанк инфляцид чиглэсэн бодлогоо тууштай хэрэгжүүлж байгаа болно. Инфляци дунд хугацаанд зорилтот түвшний (8 хувь) орчимд эргэн тогтворжиж, 2019 оны 2-р сард улсын хэмжээнд 6.7%, Улаанбаатар хотод 7.5% байна. Мөнгөний бодлогын эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх зорилт амжилттай хэрэгжиж зээлийн нийт өсөлт 24.7 хувь байж, 2018 оны эдийн засгийн өсөлтийн гүйцэтгэл 6.9 хувьд хүрлээ.

Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байх зорилгоор Монголбанк 2018 онд нийт 1.2 тэрбум ам.долларыг нийлүүлсэн бөгөөд 2019 он гарснаас хойш нийт 600 сая ам.долларыг валютын захад нийлүүллээ. Төв банкны тухай хууль болон Валют зохицуулалтын тухай хуулийн дагуу Монголбанк Гадаад валютын албан нөөцийг удирддаг бөгөөд Монгол Улсын гадаад худалдааны бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиг үүргийг дангаар хүлээдэггүй. Гэхдээ хуулинд зөвшөөрөгдсөн үйл ажиллагаагаар гадаад валютын нөөцийн гол эх үүсвэр болох алтны худалдан авалтыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн мөнгө, ханшийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлснээр гадаад валютын нөөцийг сүүлийн 2 жилд 3.5 дахин өсгөн 3.6 тэрбум ам.долларт хүргээд байна. Үнэт металл худалдан авалт 2018 оны эцэст 22 тоннд буюу түүхэн дээд хэмжээнд хүрч гадаад валютын нөөцийг 740 сая ам.доллараар нэмэгдүүлэв. Төлбөрийн тэнцэл, урсгал тэнцлийн алдагдал өндөр байгаа нь гадаад валютын ханшийн өөрчлөлтийг голлон тодорхойлж байна. Монголбанкны зүгээс ханшийн богино хугацааны огцом хэлбэлзлийг бууруулах, гадаад валютын албан нөөцийн хүрэлцээт байдлыг дээшлүүлэх зарчмыг баримтлан гадаад валютын захад цаашид ч оролцох болно.

Монголбанкны хувьд улс орныг гадаад валютын өрөнд оруулсан, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхүйц өнгөрсөн он жилүүдийн бодлогын алдааг давтахгүй байх зарчмыг баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд Монголбанкны гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх, алдагдалтай санхүүгийн хэлцэл хийхгүй ажилласны үр дүнд Монголбанкны хуримтлагдаад байсан 3 их наяд төгрөгийн алдагдлыг сүүлийн 2 жилд 1.2 их наяд төгрөгөөр бууруулав. Харин гадаад захын тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд санхүүгийн хэрэгслүүдийг шаардлагатай тухай бүр зах зээлийн нөхцөлөөр гэрээ байгуулан, ашиглаж байна.

Сүүлийн 3 жилд Монголбанк өргөн хэмжээний шинэчлэл, реформуудыг хэрэгжүүлэн ажиллав. Тухайлбал, банк санхүүгийн системд хууль эрхзүйн шинэчлэлийг амжилттай хийснээр Монголбанкинд сайн засаглалын зарчмуудыг нэвтрүүлэн Мөнгөний бодлогын шийдвэрийг хороо буюу хамтын удирдлагын зарчмаар гаргадаг болсны зэрэгцээ Төв банкны хараат бус байдлыг баталгаажууллаа. Монголбанкны зүгээс макро зохистой бодлого хэрэгжүүлдэг болж, бодлогын арга хэрэгслүүдээ өргөжүүлж, тэдгээрийг үр ашигтай хэрэгжүүлж байна.

МОНГОЛБАНК

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-17 202.131.246.158

Хүндэрсэн байсан Капитал банкны алдагдлыг урт хугацаагаар нуун дарагдуулж улмаар ард түмний хөрөнгө, бас төсвийн хөрөнгийг шамшигдуулсан Төв банкны удирдлагатай хариуцлага тооцож огцруулах нь зүйд нийцнэ. Төгрөгийг үнэгүйдүүлж, инфляцийг нэмэгдүүлэхэд Монголбанк маш их нэрмээс болсон. Баяртсайхан шиг мэдлэггүй, бие тоосон хүн Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд тэнцэхгүй. Н.Золжаргал ч бас тиймэрхүү л нөхөр байсан. Баяртсайхан ч гэсэн удвал шоронд явахаа мэдээд эртхэн огцорсон нь дээр

Avatar

Зочин 2019-04-17 183.177.106.66

Ханш өсгөж, банк дампууруулахад л Монголбанкны Төв банкны оруулсан хувь нэмэр их

Avatar

Зочин 2019-04-17 202.21.100.210

Н.Баяртсайхан багийг бүрэн бүрэлдхүүнээр нь огцруулж яагаад 3 жилийн өмнө дампуурах ёстой Капитал банкыг хамгаалан нууцалж байсанг АТГ-р шалгуулах ёстой. Ямар шан харамж авилга авч Капитал банк дампууруулах үйл ажиллагааг саатуулж байсанг шалгах ёстой.. Монгол банкны баг 2016 онд ажил хүлээн авах үед ам доллар 1950 төгрөгтэй тэнцэж байсан одоо 2637 төгрөг болсон. Монгол төгрөгийн ханшийг унагаах байдлаар Н.Баяртсайхан шиг ерөнхийлөгчийн ажлыг жирийн санхүүгийн оюутан хийж чадна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж