Зөвлөлт Холбоот Улсын /ЗХУ/ удирдагч агсан Иосиф Сталины нэр хүнд энэ онд Оросуудын дунд огцом өсч, ард иргэдийн 70 орчим хувь нь түүнийг түүхэнд сайн нөлөө үзүүлсэн гэж үзэж байгааг сүүлийн үеийн судалгааны дүн харуулжээ.
“Levada” хараат бус судалгааны төвийн өчигдөр /2019.04.16/ нийтэлсэн судалгааны тайланд өгүүлснээр оросуудын 70 хувь нь Сталиныг тус улсын түүхэнд эерэгээр нөлөөлсөн гэж үзсэн бол 19 хувь нь түүнийг дарангуйлагч, түүхэнд сөрөг нөлөө үзүүлсэн гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Үүний өмнөх буюу 2016 он явуулсан судалгаагаар Сталиныг дэмжигчдийн хувь 54, сөргөөр үнэлдэгчдийн хувь 32 байсан юм. Энэ жилийн үзүүлэлт нь түүхэнд байгаагүй өндөр үнэлгээ гэж “Levada” төв тайландаа цохон тэмдэглэжээ.
Гүржийн Гори хотод 1879 онд ядуу тарчиг гэр бүлд мэндэлсэн Сталин хожим дэлхийн хамгийн хүчирхэг гүрний нэгийг удирдах болсон юм. Хэдийгээр түүнийг ЗХУ-ыг удирдаж байхад олон сая хүний амь үрэгдэж, харгис дарангуйлагчийн дүрээр түүхэнд үлдсэн ч төрөлх нутагт нь түүнийг дэлхийн II дайнд Зөвлөлтийн арми ялалт байгуулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн, нацист дэглэмийг түлхэн унагахад гавьяа байгуулсан агуу хүн хэмээн хүндэтгэх хүмүүс ийнхүү олон байдаг аж.
Эх сурвалж:MT
Холбоотой мэдээ