“Улаанбаатар марафон-2015” олон улсын бүх нийтийн гүйлтийг ирэх сарын 6-нд зохион байгуулах гэж байна.
Гүйлтэд оролцогчид Их эзэн Чингисийн талбайгаас гараандаа гарч, уг талбайд барианд орно. Ерөнхий зохион байгуулагч нийслэлийн ЗДТГ, ЭМСЯ, нийслэлийн Биеийн тамир, спортын газрын мэдээлж буйгаар энэхүү марафонд дунд сургуулийн сурагчдаас авахуулаад өндөр настныг ч урьж нийт 20-30 мянган хүн хамруулах ажээ. Эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх, нийслэлээ дэлхийн улс орнуудад сурталчлах, өсвөр залуу үеийнхэнд дотоод нөөц боломжоо нээж тэсвэр хатуужилтайгаар зорьсондоо хүрэх оюуны болоод бие бялдрын төлөвшил олгох зэрэг зорилгоор уг гүйлтийг зохион байгуулж байгаа юм байна. Уриа нь “Соёлтой, найрсаг, аюулгүй хотын спортлог эрүүл иргэн байхын төлөө хамтдаа”.
Гүйгчид хэд хэдэн төрөлд хурд, хүч сорино. Гүйлтийн спортоор тогтмол хичээллэгсдийг 42 км-ийн зайд уралдуулж, түрүүлж барианд орсон нэг хүнийг 10 сая төгрөг, өргөмжлөлөөр шагнах юм. Хоёр, гуравдугаар байр эзэлбэл мөн мөнгөн шагнал, бусад урамшуулалтай. Хагас зайн буюу 21 км-т түрүүлбэл таван сая төгрөг, бусад урамшуулал олгох юм билээ. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулах 1.5, 5, 10 км-ийн зайн уралдаан ч болно.
Бүх нийтийн энэхүү гүйлтийг нийслэлийн захиргаа, Биеийн тамир, спортын газар хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Хамтран зохион байгуулагч олон байгууллага байгаагийн дотор БСШУЯ, нийслэлийн аялал жуулчлалын газар, “Ар Монгол трайвел” Хэт холын зайн гүйлтийн холбоо зэргийг нэр дурдаж болно.
Л.ХАЛИУ