УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлтэй холбоотойгоор нэлээд олон гишүүн асуулт асууж санал хэлсэн юм. Гишүүд санал асууж хариулт авч дууссаны дараа санал хураалтыг 14.30 цагаас явуулахаар болж чуулганы хуралдааныг түр завсарлууллаа.
Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр гишүүд дараах байдлаар байр сууриа илэрхийлж байлаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Энэ баримт бичгийг одоогийн бодит байдлуудаа яримаар байна. Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч нь алга. Бүгд мөнгө хайгаад явж байгаа юм байлгүй. Энэ бол дампуурлын шинж. Тиймээс “Стандбэй” хөтөлбөрт эртхэн орсон нь дээр юмуу гэж бодогдож байна. Би уг нь энэ хөтөлбөрийн эсрэг байдаг ч үүнээс өөр сонголт үлдээгүй юм шиг байна. Бодлогоо уялдуулаач. Мөнгөний бодлого нь тусдаа байна. Монголбанкны удирдлагад хариуцлага тооцмоор байна.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт: Сангийн бодлого, хөрөнгө оруулалтын бодлого Сангийн яаманд, үйлдвэржилтийн бодлого Аж үйлдвэрийн яаманд бий. Яамдаас маш олон санал ирснийг нэгтгээд Үндсэн чиглэлд 130 төрлийн арга хэмжээг 3.1 их наяд төгрөгөөр хэрэгжүүлэхээр оруулж ирсэн. Мөнгөний бодлогыг Монголбанк бие дааж хэрэгжүүлдэг. Мөчлөгийн эсрэг хийх бодлогыг уялдуулах шаардлага байгаатай санал нэг байна. Үндсэн чиглэлийн баримт бичгээ боловсруулах аргачлалаа тэр чигээр нь өөрчлөх талаар байнгын хороон дээр ярьсан. Тиймээс бодлого, гүйцэтгэлээ зэрэг хэлэлцдэг болохоор Ажлын хэсэг ажиллаж байгаа.
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Өнөөдрийн хуралдаанаар үгүйсгэлийн үгүйсгэлийг хийлээ. Өөрсдийгөө од болгох гэж, сонгуульд бэлтгэсэн зүйл л ярилаа. 2012 онд олонхи байх эрхийг сонгогчид АН-д өгсөн. Үндсэн чиглэл дээр гишүүд юу ярьж байгаагаа өөрсдөө ойлгохгүй байна. Намууд сонгуульд мөрийн хөтөлбөр батлуулж ордог. Энэ хөтөлбөр дээр үндэслэж жил болгоны Үндсэн чиглэлийг ярьж байгаа шүү дээ. Завсрын дундаас хамтарсан засаг байгуулсан нь дараагийн асуудал. Олонхийг АН бүрдүүлж байгаа учраас хариуцлагаа үүрнэ. Засийн газар кабинетын зарчмаар ажиллладаг. Тиймээс дараа нь дүнгээ тавь. Одоо хэн нэгнийг шүүмжилж, буруутгах шаардлагагүй. Энэ асуудлыг ҮАБЗ дээр ярьсан. Одоо маргаад байлгүй асуудлаа шийдээд явмаар байна. Үндсэн чиглэлийг хэлэлцэхээс өөр арга зам байхгүй.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Эдийн засгийн түймэр улс орныг галдан шатааж байна. Н.Алтанхуяг, Н.Батбаяр хоёрт цурам тавь гэж бонд босгох эрхийг нь өгсөн ч цурмаа буруу тавьж улам дэврээсэн. Энэ засгийн газарт гомдмоор ч юм шиг, баярламаар ч юм шиг. Нэг ч сайн юм алга. Одоо цурмаа зөв талаас нь тавьж галыг намжаах хэрэгтэй байна. Чадахгүй бол УИХ тарах хэрэгтэй. Энэ бол хувьсгалын нөхцөл байдал руу оруулна шүү. Та бүхний асуудалд хандаж байгаа чинь нэг л биш байна. Онцгой арга хэмжээний үед авах хөтөлбөрөө оруулаач.
УИХ-ын гишүүн Г.Уянга: С.Баярцогт та намайг буруу ярьж байна гээд байх юм. Намайг эдийн засаг мэдэхгүй гэх яах вэ. Бодит байдалтайгаа нүүр тул. Намайг баалах хэрэггүй. Та сая өнгөрсөн үе рүүгээ буу шагайвал ирээдүй чинь их буугаар буудна гэж хэллээ. Энэ үг танд л илүү тохирно. Та өнгөрсөн үе рүүгээ гар буу байтугай шагайсан. Одоо тань руу их буугаар буудаж байгаа юм.
Та нарын өмнөх үеийнхэнд гомдох сэтгэл төрдөг. 23-25 настай хүүхдэд юу бодож улс орноо даатгасан юм бол гэж бодогдох юм. “Түүхийн муу нь ч багш сайн нь багш” гэж Ерөнхийлөгч хэлсэн. Та бүхэн түүхийн маш муу багш юм. Одоо Үндсэн хуулиа яръя. Үлгэр ярьж нэмж өр тавихаа болъё. Баталгаа гаргасан компани, өрийн барьцаанд хэн байгааг гаргаж ирье гээд олон асуудлаа шийдэе. Одоо улстөрийн шийдлээ л олох хэрэгтэй. Үндсэн хуулиа өөрчлөөд УИХ тарах хэрэгтэй. Үүнийг уг нь 2012 онд хийх ёстой байсан. Энэ улс оронд удирдлага, эмх цэгц хэрэгтэй байна. Та бүхэн ингээд зууралдаад байлгүй зүгээр л амар тайван явбал гурав дахь сайн сургамж чинь болно.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Үндсэн чиглэлийг хэлэлцэхийг дэмжинэ. Хойш нь тавих тусам улам даамжирна, бухимдал үүсгэнэ. Г.Уянга гишүүнтэй санал нэг байна. Засгийн газраас засгийн газрын хооронд асуудлыг харах нь буруу байна. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаад, 25 жилээр бодлогоо хардаг болмоор байна. УИХ тарж болно. Дараагийн УИХ дээр дахиад л энэ асуудал яригдана. Тэгэхээр хэлэлцэх эсэхийг нь дэмжээд алдаагаа олж, тусгаад явмаар байна. Асуудлаас зугтах биш өөрсдөө шийдээд дараагийн Засгийн газарт эрхийг нь өгье.
С.ОТГОН