Парисын дарь эхийн сүмийн дурсгалуудыг Луврын музей руу шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.04.17-нд нийтлэгдсэн

Парисын дарь эхийн сүмийн дурсгалуудыг Луврын музей руу шилжүүлнэ

Парисын дарь эхийн сүмийн дурсгалуудыг Луврын музей руу шилжүүлнэ

Францын нийслэл Парис хотын зүрхэнд орших алдарт Нотр Дам сүмд даваа гаригийн оройноос /2019.04.15/ эхлэн гал гарч сүмийн байгууламжийн дээд хэсэг тэр чигтээ шатсан харамсалтай явдал болсон билээ. Зөвхөн Францын төдийгүй дэлхийн шашин, соёл урлаг, түүхийн томоохон өв, уран барилгын гайхалтай бүтээлүүдийн нэг болсон уг сүмийг таван жилийн дотор сэргээн засварлана гэж Францын Ерөнхийлөгч Эмануэль Макрон өчигдөр /2019.04.16/ мэдэгдлээ. Дундад зууны үеийн 850 гаруй жилийн настай, уран барилга, архитектурын дахин давтагдашгүй шийдэлтэй бүтээлийг нөхөн сэргээхэд мэдээж маш их хугацаа шаардлагатай.

Хэдий сүм бүхэлдээ шатаагүй ч модоор хийсэн олон зуун жилийн настай дээвэр, орой хэсэг нь бүхэлдээ шатан, нурсан. Нийт 500 орчим гал сөнөөгч есөн цагийн турш ажиллаж байж гал түймрийг бүрэн унтрааж, сүмд байсан гол гол үзмэрүүдийг аварч чадсан юм. Сүмээс гаргаж авсан Есүс Христийг цовдлоход толгойд нь зүүсэн гэх  "өргөст титэм" тэргүүтэй гол гол үзмэр, түүхийн дургалсуудыг Луврын музей руу шилжүүлнэ хэмээн тус улсын Соёлын сайд мэдэгдсэн байна.

Нотр Дам сүмийг сэргээн засварлах ажилд зориулан Ерөнхийлөгч Макрон үндэсний хэмжээнд хандивын аян өрнүүлнэ хэмээн мэдэгдсэний дараа Францын хувцас загвар, гоо сайхны салбарын тэрбумтнууд хэдэн зуун сая еврогийн хандив өргөхөө мэдэгдсэн. Тус салбарын тэргүүлэх компаниуд болох Kering, LVMH, L’Oreal-ийн эздүүд нийт 750 сая еврогийн мөнгөн хандивыг түүхийн үнэт өвийг сэргээн, хамгаалахад хандивлахаар болжээ. Мөн Япон улсын зүгээс шаардлагатай гэвэл ямар ч байдлаар туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сүмийг сэргээн засварлахад туршлагатай, чадварлаг инженерүүдээ илгээж туслах санал тавьсан байна.

Галын шалтгааныг тодруулахаар шинжээч, мэргэжилтнүүд ажиллаж байгаа ба одоогоор албан ёсны дүгнэлт гараагүй боловч ерөнхийдөө сүмийн дээврийн засварын ажил хийгдэж байх үед гал алдсан байх магадлалтай гэж үзэж байгаа аж. Дээврийн засварын ажил дээр 50 орчим хүн ажиллаж байжээ.

Эх сурвалж:BBC, REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж