Хөндүүр сэдэв: ХАРДАЛТ ХҮНИЙ АМЬ ХӨНӨӨХ ШАЛТГААН БИШ

Хуучирсан мэдээ: 2019.04.17-нд нийтлэгдсэн

Хөндүүр сэдэв: ХАРДАЛТ ХҮНИЙ АМЬ ХӨНӨӨХ ШАЛТГААН БИШ

Хөндүүр сэдэв: ХАРДАЛТ ХҮНИЙ АМЬ ХӨНӨӨХ ШАЛТГААН БИШ

Хардалтаас болж цэл залуухан охид  харамсалтайгаар амиа алдсан хэрэг удаа дараа гарав.

2018 оны аравдугаар сарын 24-нд “Монгол модель” агентлагийн модель, “Mon­golia’s next top model-2018” уралдааны оролцогч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар амиа алдав. Тодруулбал, Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр Энхтайваны гүүрний зүүн талд орших “KH Apart­ment” хотхоны 14 давхраас 22 настай, загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ унаж, нас барсан. Шүүх шинжлгээгэр түүнийг амиа хорлосон гэж үзсэн. Гэвч гэр бүлийнхэн нь түүний үхэлд түүний найз залуу Ю.Нэмэхбаярыг сэжиглэж байгаа юм.

2018 оны нэгдүгээр сарын 22-нд Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар байрнаас хоёр хүн унаж нас барсан хэрэг гарав. Тодруулбал, хардалтын улмаас 22 настай М нь найз охин болох 17 настай Э-г хутгалж хөнөөгөөд цонхоор шидэж, дараа нь өөрөө цонхоор үсэрч нас баржээ. Э-гийн дотнын хүмүүсийн ярьж буйгаар тэд үерхээд удаагүй байсан бөгөөд эмэгтэй нь үерхэхээ болих санал тавьсан байна. Гэтэл маргааш өглөө нь М түүнийг гэрийнх нь үүднээс тосч аваад гэртээ аваачсанаар ийм зүйл болсон байна. Э гэрээс гарахынхаа өмнө ээж рүүгээ залгаад удахгүй буцаад ирнэ гэж хэлж байжээ. Гэвч удалгүй цагдаагаас түүр рүү залгаж охин нь нас барсан болохыг дуулгажээ. Харин М нь байр түрээсэлж амьдардаг, ээж, аав нь гадаадад амьдардаг байжээ.

Энэ сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах нэгэн орон сууцны 13 давхрын цонхноос 22 настай Ц гэх эмэгтэй унаж нас барав. Талийгаач найз залуу 25 настай Б гэгчтэй тус байранд хамтран амьдардаг байсан юм. Тухайн өдөр Ц-г бусадтай хардаж, ширүүн авирлан, улмаар 13 давхрын цонхоор түлхэж, амь насыг нь хохироосон гэж түүний аав Д.Сүхжаргал үзэж байгаа юм. Тухайн үед сэжигтэн Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогдсон. Мөн Д.Сүхжаргалын хэлж буйгаар Б нь Ц-г хардаж удаа дараа зодож байсан байна.

Энэ мэтээр хардалтаас болж эхнэр болон найз бүсгүйгээ дарамтлах, зодох, улмаар амь нас эрүүл мэндэд нь халдах үзэгдэл улам газар авч байна. Энэ нь нийгмийн их стресстэй холбоотой байж болох ч хардалт бол хүний амь хөнөөх шалтгаан биш.

Монголчууд хайртай бол хартай гэдэг хоцрогдсон ойлголтоосоо салах ёстой. Харин ч хайртай хосууд бол бие, биеэ дэмждэг, ойлгодог, хүндэлдэг байхыг сэтгэлзүйчид зөвлөж байна. Товчхондоо, хардалт бол хайр биш. Үүнийг л эцэг эхчүүд үр хүүхэддээ хэлж, сургах өсгөх цаг болсон байна.  Хардалтын золиос нь зөвхөн эмэгтэйчүүд биш эрчүүд ч болдог. Тиймээс л нийгмийн сэтгэлзүйг эмчлэх шаардлагатай, мөн охид, залууст гэр бүл төлөвлөлтийн талаарх зөв мэдлэг, зөв боловсрол, зөв хандлага суулгах нь эцэг эхчүүдийг үүрэг болжээ. Таны үр хүүхэд хэн болж өсөхийг эцэг, эх та л мэднэ.

Хартай хүнд илрэх шинж тэмдэг

Сэтгэлзүйчдийн үзэж байгаагаар хартай хүн гол төлөв дээрэнгүй, захирангуй, сагсуу, зөрүүд, ихэмсэг, бардам, хүйтэн харьцаатай байхаас гадна өөрийнхөө бодлыг тулгадаг, дарангуйлагчийн шинжтэй байдаг байна. Ийм шинж тэмдэг гол төлөв эрчүүдэд ажиглагддаг.

Харин эмэгтэйчүүдийн хувьд хардалт илүү сул дорой байдлаар илэрдэг. Гомдолломтгой, хэрүүл нэхдэг, итгэлгүй, заргач байхаас гадна, үг хаядаг, өөнтөгч байдаг. Өнөөдөр юу хийснийг чинь нэг бүрчлэн сонирхож, чиний эргэн тойронд байгаа эсрэг хүйстнүүдийн талаар нэгд нэгэнгүй мэдэж байхыг эрмэлздэг, найзуудтай нь дотно холбоотой байхыг эрмэлздэг, хаана хэнтэй юу хийж байгааг чинь үргэлж шалгаадаг, утсаар ярьж байхад чинь чих тавин анхааралтай сонсдог, чамайг гадаад үзэмжиндээ анхаарахад илт дургүйцдэг, бусдын нүдэнд өртүүлэх дургүй, утас, цүнх болон халаасыг чинь ил далд байдлаар нэгждэг, сонждог бол та хартай хүнтэй учирсан гэсэн үг аж.

Хардалтыг даван туулах  зөвлөмж

/Сэтгэлзүйч Ж.Үйлстийн зөвлөмж/

  1. “Нүдээрээ харж, гараараа бариагүй л бол юунд ч бүү итгэ” гэсэн үгийг санах хэрэгтэй. Харддаг хүмүүсийн хувьд ямар нэг зүйлийг ургуулан бодохдоо гаргууд тул хардалтаа бодит мэтээр төсөөлөх нь ч бий.
    2. Хардалт бол өөрийгөө үгүйсгэж буй хэлбэр гэдгийг санах хэрэгтэй. Тухайн хүн өөртөө итгэлгүй, гундуу дорой, хулчгар байгаагийн шинж нь хардалтаар илэрдэг. Өөрөөр хэлбэл, энэ намайг орхичих вий, би хаягдчих вий гэсэн бодлоос үүдэн өөрийгөө тээр дор тавьж буй хэрэг юм. Хардах сэдэл төрөх л юм бол өөрөө өөртөө тавих анхаарал халамжаа нэм, улам гоё бол, өөрийгөө боловсруул. Хаана ч, хэнд ч хэрэгтэй хүн гэдгээ илүү ихээр мэдэр. Энэ нь сул дорой байдалтай тэмцэх хүчирхэг зэвсэг юм. Ингэх тусам хайртай хүн чинь танд татагдаж таны хүчирхэг байдлыг дээдлэх болно.
    3. Хайртай бол хартай гэдэг үгэнд бүү авт. Хартай хүмүүс л өөрийгөө өмөөрч энэ үгийг хэрэглэдэг. Хүн бүхний дотор өмчирхөх, өөртөө хамаатуулах сэтгэл нуугдаж байдаг болохоор бид бүгдийн дотор хардалт унтаж байдаг. Харин түүнийг ухаанаараа дийлэх үү, эсвэл сэтгэлийнхээ жолоог алдаж гэр бүл, хайр сэтгэлээ хөмрөх үү
    3. Өөртөө болон хайртай хүнд тань хувийн орон зай хэрэгтэй гэдгийг сана. Гэр бүл болно гэдэг нэгэн биеийн нөгөө хэсгээ оллоо гэдэг ч аливаа хүнд хувийн орон зай заавал байх хэрэгтэй байдаг. Одоо байгаа бодлоосоо ангижраад өөрийгөө таниж мэдэх, хөгжүүлэхэд илүү их цаг зав гарга.
    4. Бүгд л сүүлэрдэг гэсэн явцуу бодлоосоо ангижир. Найзуудтай нь битгий жиш, яагаад хардаад байгаагаа өөрөөсөө асуу, хайрт чинь үнэхээр тийм хардахаар үйлдэл хийдэг хүн мөн үү, ургуулан бодох оо яг одоо зогсоо
    5. Харилцаагаа халуун байлгаж, бие биедээ хайрын үг хэлж бай. Хэзээ хамгийн сүүлд итгэж хайрладагаа илэрхийлсэн бэ. Арай санахааргүй удаан хугацаанд хайртыгаа хардаж зовоосон юм биш биз? Хүн хэдий их итгэл хүлээлгэнэ төдий чинээ итгэлийг нь алдахгүйг хичээдэг юм шүү.
    6. Хардаж, сэрдэхээ бүү урьтал болго. Хардалтын нүдээр эргэн тойронд байгаа зүйлс өөрөөр харагдаж, гэмгүй энгийн байгаа зүйлүүд ч хоорондоо уялдаа холбоотой, сэжиг бүхий болж хувирдаг. Тайвшир, тайван сайхан уур амьсгалыг бүрдүүлж байгаад түүнтэй ярилц, ойлгохыг хичээ, чиний төлөө юу хийгээгүйн тухай бус, юу хийсэн тухайг нь бод. Хэрэв өмнө нь алдаа гаргаж байсан бол алдааг нь уучил.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж