Бээжингийн мэдээ: ОХУ давшилж, Монгол ухарсаар байна

Хуучирсан мэдээ: 2019.04.17-нд нийтлэгдсэн

Бээжингийн мэдээ: ОХУ давшилж, Монгол ухарсаар байна

Бээжингийн мэдээ: ОХУ давшилж, Монгол ухарсаар байна

Оросууд Хятад руу нүүрсээ гаргахаар эрчимтэй хөөцөлдөж, 2020 онд энэхүү зорилгодоо хүрэхээр чармайж буй. Хойд хөршийн эдийн засгийн өсөлтөд түлш, эрчим хүчний салбарын өсөлт чухал үүрэгтэй. "British Petroleum" компаний урьдчилсан таамаглалаар 2040 он гэхэд Орос улс дэлхийн эрчим хүчний хамгийн том экспортлогч хэвээр байх ажээ. Үүний зэрэгцээ мөн онд ОХУ-ын экспорт дэлхийн эрчим хүчний анхдагч эх үүсвэр (нүүрс, нефть, байгалийн шатдаг хий, уран)-ийн 5% -ийг хангана гэж үзэж буй юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэлснээр, сүүлийн жилүүдэд зах зээлийн нөхцөл байдал, гадны зохиомол хязгаарлалтуудтай холбоотойгоор ОХУ түлш, эрчим хүчний салбартаа тулгарч буй сорилтуудыг даван туулж чаджээ. Өнгөрсөн жил Орос улс дэлхийн эрчим хүчний зах зээлд тэргүүлэгчдийн нэг болох статусаа дахин бататгасан байна.

Тус улсын стратегийн цаашдын зорилт бол дэлхийн экспортын зах зээл дээр байр сууриа бэхжүүлэх явдал аж. Зүүн Өмнөд Ази, Энэтхэг, Турк зэрэг орнуудад коксжих нүүрсний худалдаа 1.3 тэрбум тонноос давсан нь дэлхийн нүүрсний хэрэглээ өссөнийг илтгэж буй. Тиймээс дэлхийн нүүрсний гурав дахь том экспортлогч Оросын хувьд дунд хугацааны хувьд боломжийн шинэ цонх бий аж. Учир нь 2025-2030 хүртэлх хугацаанд хэрэглээний өсөлт 100 сая тонн байх болно хэмээн үзжээ.

Жилийн өмнө Монголын эдийн засагчид “ОХУ нүүрсээ далайгаар тээвэрлээд хямдхан нүүрс борлуулах магадлал багатай. Өөрөөр хэлбэл ийм тохиолдолд олон тээвэр, ложистик хийж, их хэмжээний нүүрс оруулж ирнэ гэдэг төвөгтэй асуудал болох тул урд хөршийн хувьд Монголоос хямд нүүрс авах нь илүү магадлал өндөр.

Ийм олон ажил болж нүүрс авснаас Монголоос хямдхан нүүрс авсан нь дээр гэдэг сонирхол Хятадын талд илүү байхыг үгүйсгэх аргагүй. Тиймээс оросууд манай коксжих нүүрсний зах зээлтэй өрсөлдөх бололцоогүй гэж бодож байна” хэмээн онцолж байв.

-ОРОСУУДЫН ХУДАЛДААНЫ НАРИЙН БОДЛОГО ӨМНӨД ХӨРШИЙН ЗАХ ЗЭЭЛД ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРНЭ-

Жилийн дотор байдал хэрхэн өөрчлөгдсөн бэ? Монголын коксжих нүүрсний зах зээлийн гол өрсөлдөгч Австрали. Одоо энэ зах зээлийг ОХУ “булаалдах” нь. Манай улсын хувьд нүүрсээ авто тээврээр тээвэрлэж буй бол оросууд төмөр замаар хямдхан тээвэрлэхээрээ онцлогтой.

БНХАУ дэлхийн хамгийн том нүүрс үйлдвэрлэгч, хэрэглэгч, импортлогч. Оросын давшингуй байдал биднийг тайван суух аргагүй болгож байна. “Фэнвэй Энержи информэйшн сервисез” компанийн дэд ерөнхийлөгч Сара Лиу өмнө нь оросуудын явуулж буй худалдааны нарийн бодлого, нүүрсний хэмжээгээ өсгөх оролдлого өмнөд хөршийн зах зээлд хүч түрэн орж ирэхэд ойр байгааг онцолж байв.

БНХАУ нүүрсний илүүдэл хүчин чадлаа танах бодлого баримталж буй ч ОХУ Хятадын коксжих нүүрсний зах зээл дэх байр сууриа бататган, Монголын нийлүүлэгчидтэй өрсөлдөнө хэмээн Бээжин хотноо энэ сарын 10, 11-ний өдрүүдэд болсон “Дэлхийн коксжих нүүрсний нөөц ба зах зээл” сэдэвт олон улсын чуулган дээр мэдэгджээ. Тус хуралд ОХУ-ын нүүрс олборлогчид анх удаа оролцсон байна. Тэд  нүүрсээ Владивастокоор дамжуулан экспортлох аж.

ОХУ-ын Өмнөд Якут дахь “Колмар” компани 1.2 тэрбум тонн өндөр чанарын коксжих нүүрсний хүчин чадлаа огцом нэмэгдүүлжээ. Тус компани 2018 онд 5 сая.тн коксжих нүүрс олборлосон бол 2019 оноос 10 сая.тн, 2022 он гэхэд 20 сая.тн нүүрс олборлож, Хятадын зах зээлд экспортлох төлөвлөгөөтэй юм байна. Тус компанийн Гүйцэтгэх захирал манай улсад дөрвөн жилийн турш ажиллаж, амьдарчээ. Тэрбээр Монголын нүүрсний зах зээл, улс төрийг маш сайн судалсан гэдгээ ч хэлсэн байна.

Бидний өмнө хүчтэй, улс төрийн нөлөөтэй өрсөлдөгч болох ОХУ гарч ирснээр эрчим хүчний зах зээл дээр өрсөлдөөн үүслээ гэхэд юу юугүй хоосон суучих нөхцөл бүрдэхгүй гэж манай зарим эдийн засагч тайвшруулж буй юм.

-КОКСЖИХ НҮҮРСНИЙ ҮНЭ ТОНН ТУТАМД 20 ГАРУЙ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ-

Оны эхний сарын сүүлээр “Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн” (NRGI) болон “Гэрэгэ партнерс” байгууллагаас хамтран гаргасан “Монгол Улсын төсвийн тогтвортой байдал-2018” (хоёрдугаар) тайланд тэмдэглэснээр, ирэх таван жилд эдийн засаг харьцангуй өндөр өсөлттэй байх ажээ. Гэвч тайвширч болохгүй нь. Учир нь өсөлтийн гол хөшүүрэг болсон уул уурхайн салбар 2024 он хүртэл багагүй өсөлттэй байх ч түүнээс хойш бууралт руу орж болзошгүй тул тодорхой бодлоготойгоор хөрөнгө оруулалт татах, шинэ салбаруудыг хөгжүүлэх шаардлага тулгарч буй юм.

“S&P Global Platts”-ийн судалгаагаар, 2019 он гарснаас хойш коксжих нүүрсний үнэ тонн тутамд 20 гаруй ам.доллараар өсчээ. “Fenwei Energy” компанийн дэд ерөнхийлөгч Сара Лю-гийн хэлснээр нүүрсний үнэ энэ оны турш тогтвортой байхаар байна. Түүний илтгэлд гарснаар, нэг тонн коксжих нүүрс 250 орчим ам.долларт хүрч, өмнөх оныхоос давах аж.

Монгол Улс 2019 онд түүхэндээ анх удаа 42 сая тонн нүүрс экспортолж, үүнээс хамгийн багадаа 1.3 их наяд төгрөг олохоор төлөвлөсөн билээ. Сангийн яамны мэдээллээр, энэ оны нэгдүгээр улиралд манай улсын нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15 хувиар өсөж, 7.8 сая тонн болжээ.

Эх сурвалж: Сангийн яам, World trade center, NRGI,

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж