УИХ-ын гишүүд ЖДҮХС-аас өөрийн болон хамаарал бүхий этгээддээ мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан бага хүүтэй зээл авсан дуулиан “түр” намжиж, АТГ шалгаж, тогтоох ажлаа хийж буй. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлэх саналаа прокурорт хүргүүлээд буй.
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ АСАН Д.ЭНХБАТЫГ ЯЛЛАГДАГЧААР ТАТНА
Тэгвэл тэдний араас дөрвөн хүнийг яллагдагчаар татахаар болсон байна. Тодруулбал,
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, “Наму дэвжих” ХХК-ийн захирал Ш.Мөнхбаяр, “Топ мах боловсруулах” үйлдвэрийн Б.Мөнхтулга, “Жаргалант харвест” ХХК-ийн захирал Л.Батсүрэн нарыг тус тус яллагдагчаар татахаар болсон байна.
ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод байсан Д.Энхбатыг ЖДҮХС-ийн дуулианы дараа буюу 2018 оны арваннэгдүгээр сард саатуулж, шалгаад байсан юм. Харин шалгалтын явцад түүнийг ЖДҮХС-ийн асуудалд холбоотой гэж үзэж, яллагдагчаар татахаар болсон байна. Түүнийг зээл олгохдоо эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулаад байсан юм. Мөн түүнд хилийн хориг ч тавиад байсан юм. Тэгвэл ийнхүү АТГ-аас хэргийг шалгаж, яллагдагчаар татахаар болсон байна.
ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДАЖ БУЙ Ш.МӨНХБАЯР ГЭЖ ХЭН БЭ?
Мөн “Наму дэвжих” ХХК-ийн захирал Ш.Мөнхбаярыг ч яллагдагчаар татахаар болсон байна. ЖДҮХС-ийн зээлийн дуулиан үүсэх үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Наму дэвжих” ХХК-тай холбогдож байсан юм. Түүний хувь эзэмшдэг байсан тус компани нь ЖДҮХС-аас 1,6 тэрбум төгрөгийн зээл авсан байсан юм. Гэвч Н.Цэрэнбат сайд тухайн үед энэхүү компанийг өөрийн хамаарал бүхий этгээд биш, Ш.Мөнхбаяр гэх хүнд худалдсан гэх тайлбарыг өгч байсан юм. Түүнээс гадна Н.Цэрэнбат сайдын эзэмшдэг “Булган буудайн түрүү” гэх компани ч мөн хэд хэдэн сангаас зээл авсан асуудал сөхөгдөхөд Н.Цэрэнбат бас л энэ компаниудыг би эзэмшдэггүй, өөр хүнд худалдагдсан гэдэг тайлбар өгдөг.
Гэхдээ тэрбээр 2015, 2016, 2017 оны ХОМ-доо “Булган буудайн түрүү” ХХК-иудыг эзэмшдэг гэдгээ албан ёсоор мэдүүлсэн байдаг. Харин 2018 оны ХОМ-д нь энэ компанийнх нь нэр байхгүй. Мэдээж Н.Цэрэнбат сайдын ХОМ-д байхгүй учраас түүнийг ЖДҮХС-аас зээл авсан асуудалд шууд холбож болохгүй. Мөн тэрбээр эдгээр компаниудаа Ш.Мөнхбаяр гэж хүнд худалдсан гэдэг. Гэхдээ улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр Ш.Мөнхбаяр дээрх хоёр компанийг анхнаас нь үүсгэн байгуулсан байгаа юм. Бүр тодруулбал,
“Намуу дэвжих” ХХК-ийг Ш.Мөнхбаяр нь анхнаас нь буюу 2007 онд байгуулсан байдаг. Харин “Булган буудайн түрүү” ХХК-ийг 2018 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Ш.Мөнхбаярт шилжүүлсэн байдаг. Ямартай ч Н.Цэрэнбат сайдын эзэмшиж байсан компаниудыг худалдаж авсан гэх Ш.Мөнхбаярыг АТГ-аас яллагдагчаар татаж буй.
Харин Н.Цэрэнбат сайд холбоотой эсэхийг хуулийн байгууллага эцэслэх болов уу.
Л.ЭНХБОЛДЫН БОЛОН ХАМААРАЛ БҮХИЙ 3 КОМПАНИ ЖДҮХС-ААС ЗЭЭЛ “АВЧЭЭ”
УИХ-ын гишүүн Л.Энхболдтой хамаарал бүхий, ойрын хүмүүс нь “Хас говь транс", "Жаргалант харвeст", болон “Азийн говь” гэр гурван компани ЖДҮХС-аас зээл авсан байдаг. АТГ-аас “Хас говь транс" ХХК-ийн захирал Э.Чагнаасүрэн, "Жаргалант харвeст" ХХК-ийн захирал Л.Батсүрэн нарыг саатуулан шалгасан байдаг. Тэгвэл 1,2 тэрбумын зээл авсан “Жаргалант харвест” ХХК-ийн захирал Л.Батсүрэн гэх хүнийг мөн яллагдагчаар татахаар болсон байна. УИХ-ын гишүүн Л.Энхболдыг ЖДҮХС-аас зээл авсан асуудлаар хуулийн байгууллага шалгаж эхлэхэд дээрх гурван компани гурвуулаа нэр холбогдсон. УИХ-ын гишүүн Л.Энхболдыг ч ЖДҮХС-аас “Хас говь транс"-д 950 сая төгрөгийн зээл авсан асуудлаар шалгаж, гишүүнийх нь бүрэн эрхээс түдгэлзүүлэх санал гаргаж байсан юм. Тус компанийг зөвхөн “цаасан” дээр байгуулсан компани гэдгийг ч хуулийн байгууллагын зарим эх сурвалж хэлж буй. Түүний зээл авсан асуудлыг шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа прокурорт хүргүүлээд байгаа юм. Мөн дээрх гурван компани гурвуулаа Л.Энхболдтой холбогдох бөгөөд түүний эзэмшлийн “Ирээдүй инвест” банк бус санхүүгийн байгууллагатай холбогдож байгаа гэнэ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ