Хүн төрөлхтний соёлын үнэт өв болох Нотр Дамм буюу Парисын эх дагинын сүм өчигдөр орон нутгийн цагаар /2019.04.16-ны 06.00 цагт/ шатав. Нүдэн дээр нь дүрэлзэн шатаж буй тус сүмийн хажууд уйлж бас залбиран зогсох Парисын иргэд “Нотр Дамгүйгээр Парис хот юу ч биш шүү дээ” хэмээн халагласан гэдэг. Тэд түүх соёлын хосгүй үнэт бүтээл нь эвдэрч сүйдэхэд өөрсдөө бэртэж гэмтсэн, эвдэлсэн мэт сэтгэл нь шаналдаг бол бид харин өөрсдийнхөө гараар эвдэж, сүйтгэж, зарж хөлжих хэрэгсэл болгодог.
Улсын хэмжээнд төрийн болон хувийн шинжтэй 36 музей үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрийн 83 барилга байгууламж өнөөдөр ашиглалтад байгаа ч чанарын шаардлага хангах нь цөөн гэж БСШУСЯ-аас хэлж, музейн удирдлагууд нь хүлээн зөвшөөрдөг. Музейн барилга байгууламжийн ихэнх нь 1940-1960 оны үед баригдсан өндөр насжилттай.
Хамгийн сүүлийн үед баригдсан нь 1980 онд баригдсан байдаг. Өндөр насжилттай төдийгүй ихэнх нь зориулалтын бус гэж мэргэжилтнүүд онцолдог. Тодруулбал, музейн 50 хувь нь сүм хийд юм. Музейн барилгын чанар, аюулгүй байдлын талаар БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ц.Даваацэрэнтэй цөөн хором ярилцлаа.
-Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа музейнүүдийн ихэнх нь зориулалтын бус байранд олон жил үйл ажиллагаа явуулсан байдаг. Барилга байгууламж нь ч бас насжилт өндөртэй гээд олон асуудал сөхөгддөг учраас сэргээн засварлалтаас шинэ барилга байгууламжтай болох шаардлагатайг музейн удирдлагууд хэлдэг. Яамны зүгээс үүнд хэрхэн анхаарлаа хандуулж ажиллаж байна?
-Монгол Улсад гарын арван хуруунд багтах музейн зориулалтын барилгатай. Нэр дурдвал, Үлэг гүрвэлийн төв музей буюу Лениний төв музей, Хувьсгалын музей буюу Үндэсний музей, Монгол цэргийн музейн барилга, Сэлэнгэ аймгийн нэгдсэн музей, Баян-Өлгий аймгийн музей зориулалтын байртай юм. Үүнээс бусад нь орон сууц, худалдаа үйлчилгээний төв, сургууль, өөр бусад зориулалтын барилга байгууламжид үйл ажиллагаа явуулж байна. Цаашилбал, өөрийн барилгагүй албан байгууллагын коридорт эсвэл аж ахуйн нэгж компанийн нэг давхрыг түрээслэх байдлаар үйл ажиллагаа явуулж буй музей ч байгаа. Эндээс үзвэл Монгол Улсад музейн барилга байгууламжийн чанарын асуудал туйлын хангалтгүй, үйл ажиллагаа явуулах нөхцөл шаардлага нь тааруухан түвшинд байна гэж хэлж болно. Яамны зүгээс музейн барилга байгууламжийн асуудлыг тодорхой үе шаттай шийдвэрлэхээр гурван түвшинд ажил хэрэгжүүлж эхэлсэн. Нэгдүгээрт, барилга байгууламжийг шинэчлэх, хоёрдугаарт сэргээн засварлах, гуравдугаарт шинээр байгуулах чиглэлд анхаарч ажиллаж байна.
-Музейн барилга байгууламжийг шинэчлэх, заримыг нь шинээр барих асуудал яригдаж байгаа ч өнөөг хэр тодорхойгүй байгаа шүү дээ. Жишээ нь Байгалийн түүхийн музейг БНСУ-ын буцалтгүй тусламжтай шинээр барих асуудал олон жил яригдаж байна?
-Музейн барилга байгууламжийг шинэчлэх нь цэвэр хөрөнгө оруулалтын асуудал юм. Иймд үе шаттайгаар бололцоотой хувилбараар улсын төсөвт хэт их ачаалал үүсгэхгүй нөхцөлтэйгөөр барилга байгууламжийг шинэчлэх ажлуудыг 2013 оноос Соёл спорт аялал жуулчлалын яам байгуулагдсан үеэс хийж эхэлсэн. Байгалийн түүхийн музей нь хүнд үйлчлэх боломжгүй гэсэн шалтгаанаар хаагдаж, дараа нь шинэ байгууламжтай болохоор БНСУ-д хандсан боловч өнөөг хүртэл дорвитой шийдэлд хүрээгүй.
Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд нийт таван музейн барилга байгууламжийг шинэчлэх тухай зорилтууд тусгагдсан байдаг юм. Үүнд, Өмнөговь, Баянхонгор, Орхон аймгийн музейг шинэчилнэ. Мөн дээрээс нь арваас доошгүй музейн сан хөмрөгийг орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэх зорилтыг тусгасан. Энэ хүрээнд Өмнөговь аймгийн музейд барилга угсралтын ажлын эхлүүлсэн бол Орхон, Баянхонгорын музейн газар, техникийн нөхцөлүүдийг судлах ажил дууссан байна. Шинээр музей барих санхүүжилтийг нь 2020 оноос улсын төсөвт тусгаж барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс гадна орон нутгийн санаачилга, идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд Говь-Алтай, Дорнодын музейн барилга угсралтын ажил эхлэхээр зураг төслийн ажлууд эхэлсэн байгаа. Энэ жилээс барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Энэ бол нэг зорилт. Хоёрдугаарт, шинээр музей барих зорилтыг тусгасан. Налайхаас хойших дурсгалт газарт Тоньюкукын музей, Шороон бумбагарын дурсгалт газарт музей байгуулна. Товчхондоо, улс орон нутгийн өмчид байгаа музейн 36 байгууламжийг шинэчлэх асуудлаа дээрх ажлуудыг хийж байгаа юм. Нөгөө талаас шинээр музей барих хэрэгцээ шаардлагатай байгааг Засгийн газрын бодлогод тусгасан зорилтын хүрээнд хэрэгжиж байна гэж ойлгох хэрэгтэй.
-Эртний сүм хийдүүд нь музейн зориулалттай биш учраас шинэ байгууламжийн асуудал яригддаг. Энэ боломжтой юу?
-Улсын хэмжээнд бүртгэлтэй музейн зориулалттай барилга байгууламжийн 50 орчим хувийг сүм хийд эзэлдэг. Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон, Архангай аймгийн музей, Эрдэнэзуу хийд гэх мэтчилэн музейн үйл ажиллагаа явуулж буй үл хөдлөх эртний түүхэн дурсгалт газарт барилга байгууламжийг шинэчлэх гэдэг асуудал яригддаггүй. Зөвхөн сэргээн засварлах ажлыг хийх боломжтой.
–Хэдийгээр Чойжин ламын сүм музей нь дэд бүтцэд холбогдох боломжгүй эртний байгууламж ч гэсэн музейн зүгээс талбайд нь стандартад нийцсэн дэд бүтцэд холбогдсон шинэ ордон барих боломжтой гэж үзэж байгаа. Тус сүм хийдийг сэргээн засварлахаас гадна энэ тал дээр анхаарч үзсэн үү?
-Энэ бол олон улсын практикт байдаг асуудал. Нэгэн цаг үед байгаад нурсан түүх дурсгалын газрыг эргүүлэн бүрэн бүтэн байдлаар нь сэргээж болдог. Гэхдээ хуучны архивын болон нотлох баримтуудыг бүрэн цуглуулсны үр дүнд зураг төсөл боловсруулж барихыг реконстракц гэж нэрлэнэ. Ийм боломж байхгүй бол бидэнд музейгээр оролдох эрх байхгүй. Яагаад гэвэл, түүх соёлын үл хөдлөх дурсгал нь тодорхой цаг хугацааны илэрхийлэл болж хүний оюун санаанд үнэ цэнтэй болж хадгалагддаг. Бидний оюун санаанд хуучин төрхөөрөө үлдсэн сүм дуганд гэрэлт хөшөө шинээр баривал нэг хэсэгтээ л нүдэнд дасахгүй. Энэ асуудалд маш няхуур хандаж, иж бүрэн судалгаатай байвал бидэнд музейн шинэ барилгаар оролдох боломж бүрдэнэ.
Чойжин ламын сүмийн өөрийнх нь хэрэгцээ, сан хөмрөгийн багтаамжаас үүдэн шинээр барилга байгууламж барих шаардлага их байгааг мэднэ. Энэ тухай БСШУСЯ-наас шат шатны түвшинд ярилцаж байгаа. Ажилтан алба хаагчдын оффиссоос музейн сан хөмрөгийг байршуулах гээд яривал олон асуудал бий. Энэ бүхнийг нь бүрдүүлчихмээр санагддаг. Гэхдээ энэ бол өөрөө дурсгалт газар учраас нийгмийн оюун санаанд хуучин төрхөөрөө үнэ цэнэ болж тогтсон учраас эвдэхэд их хэцүү. Тиймээс шинэ байгууламж барих тал дээр маш сайн судалж байж асуудалд хандах ёстой.
-Музейн барилгыг шинээр барих хэрэгцээ шаардлагаас гадна сэргээн засварлалтын ажил хангалтгүй түвшинд байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Үүний шалтгааныг юу гэж үзэж байна вэ?
-Бид бүхэн Богд хааны ордон музей болон Чойжин ламын сүм музейг сэргээн засварлуулах ажлын шугамаар олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах зарчмаар зарим нэг улсад хандаж үзсэн. Гэхдээ бидэнд нэг асуудал тулгарч байгаа нь Монголын уур амьсгалд дасан зохицох чадвартай, будгийн сэргээн засварлах арга технологи дэлхийд ховор байна. Манай улс эрс тэрс уур амьсгалтай жилийн дөрвөн улиралтай, температурын хэлбэлзэл маш өндөр байдаг.Бидэнд туслахаар энэ ажилд хамтран ажиллах гэсэн гаднын мэргэжилтнүүдийн туршлага, химийн бүтээгдэхүүн тухайн орны байршлаасаа хамааран 30,35, 40 хэмийн хэлбэлзэлд нийцдэг. БНСУ-д сэргээн засварлах зориулалт бүхий химийн өнгө будаг нь 30-40 хэмийн хэлбэлзэлд өнгө чанараа алддаггүй байхад Монголд чанаргүй болж хувирна. Хасах 70, 80 хэмд тэр будаг нь хөлдөж, тэлэх агших зэрэг физикийн үйл явц болж чанаргүй болно гэсэн үг. Бид олон улсын байгууллагуудад улс орныхоо нөхцөл байдал, цаг уурт тохирсон туршлага бүхий химийн бүтээгдэхүүнтэй бас туршлага бүхий улс орнуудтай хамтран ажиллах шаардлага тавьж ирсэн. Үүнээс гадна 1990 оноос өмнө Монгол Улсад музейн үзмэр, барилга байгууламж сэргээн засварлах төв байхад энэ чиглэлээр системтэйгээр маш чанартай ажилладаг байв. Энэ газрыг 1994 оноос хувьчилснаас хойш хувийн хэвшил рүү шилжиж ашгийн төлөө аж ахуй нэгж компаниудад дээрх уламжлалт арга гээгдэж, тухайн барилга байгууламжид сэргээн засварлалт хийхдээ хамгийн бага зардлаар их хэмжээний ашиг хүртэх сонирхолтой болсон. Өнгөрсөн хугацаанд сэргээн засварлах чиглэлд улсын төсвөөс тодорхой хэмжээний зардлыг шийддэг. Зарим барилга байгууламжид сэргээн засварлах ажил хийгдсэн үр ашгийг нь бид хүртэж байгаа ч хэсэг бүлэг компанийн сэргээн засварлалтын ажлын гүйцэтгэл шаардлага хангадаггүй. Энэ нь хүний нөөцийн асуудал, техник технологийн боломж, тухайн сэргээн засварлах ажилд зарцуулж буй хөрөнгийн хэмжээнээс хамаарч байна. Сэргээн засварлах ажлын норматив бусад ажлаас маш хүнд нөхцөлтэй. Үргэлж судалдаг. Өөрөөр хэлбэл, сэргээн засварлах ажил нь шалгарсан технологид суурилагдсан байдаг учраас тэр бүр гадаадаас эсвэл урд хөрш, захаас дурын будгаа аваад өнгөө алдсан хэсгийг будаж болохгүй гэсэн үг. Модыг нь хөрөөдөөд л сольчихгүй. Уулнаас мод авчирлаа гэхэд уламжлалт аргаар боловсруулж бэхжүүлэн хатаах зэрэг маш олон үе шат дамжлагын ажлыг гүйцэтгэсний эцэст сэргээн засварлалт төгс болдог. Бид улсын төсвөөс ч тэр олон нийтийн байгууллагын тусламжтайгаар зарим нэг музейн үйл ажиллагаанд сэргээн засварлах ажлыг хийсэн. Өнөөдрийн байдлаар “М Си Эс” компанийн тусламжтайгаар Чойжин ламын сүм музейд орчныг цэцэрлэгжүүлэх ажил болон сэргээн засварлах зургийн судалгааны ажлыг хийж байна. Мөн энэхүү тусламжийн хүрээнд барилгын өнгө будгийг сэргээн засварлах зэрэг хүний нүдэнд ил харагдах ил доройтсон хэсгүүдэд илүү их анхаарлаа хандуулж сэргээн засварлах чиглэл дээр ажиллаж байгаа. Гэхдээ цаад талд нь барилгын яс, модыг байнгын хяналтад байлгах ажлыг зохион байгуулах нь чухал.
-Өнгөрсөн хугацаанд ямар ямар барилга байгууламжид сэргээн засварлалтыг хийсэн бэ. Түүнчлэн Сэргээн засварлах чиглэлд боловсон хүчнийг бэлдэх бодлого манайд үгүйлэгдэж байх шиг. Энэ чиглэлээр ажилладаг мэргэжилтэн тун цөөхөн юм билээ?
-Ерөнхийдөө “Эрдэнэ зуу” хийдийн музейн суварга хэрэм, “Далай ламын сүм”, “Эрлэг номун хааны сүм”, “Чойжин ламын сүм” музей, “Богд хааны ордон”, Архангайн “Заяын хүрээ”-ний цогцолбор, Хэнтий аймгийн Сэцэн ханы цогцолбор, Амарбаясгалант хийд, Гандантэгчинлэн хийд гэх мэтчилэн маш олон газарт сэргээн засварлалт хийсэн байдаг. Бид Сэргээн засварлагч чиглэлээр боловсон хүчнийг бэлдэх тал дээр анхаарал хандуулж байгаа ч энэ салбарын ажлын тоо хэмжээ, боломж нь бага байна. Энэ чиглэлээр ажиллах компаниуд чадавхжиж чадахгүйгээс гадна боловсон мэргэжилтнээр ажиллах боловсон хүчин цөөн байгаа юм. Хууль тогтоомжийн зохицуулалт бэлэн болж, Сэргээн засварлах эрхтэй байгууллага энэ чиглэлээр ажиллах ёстой гэдгийг хуульчилсан. Энэ заалтыг одоог хүртэл дагаж чадаагүй. Учир нь эдийн засгийн хүндрэлийг даван туулахтай холбоотой хязгаарласан зохицуулалтууд маш их байгаа юм. Шинээр орон тоо бий болгож чадахгүй байна.
-Байгалийн түүхийн музейгээс гадна зарим музейн барилга байгууламжийг шинээр барихад хэчнээн тэрбумын төсөв шаардлагатай вэ. Ийм тооцоо бий юу?
-Музейн барилга байгууламжийн өртөг зардал нь маш өндөр тусдаг.Барилгын ажлыг чанарын ахисан түвшинд хийх шаардлагатай байдаг өртөг нь их. Байгалийн түүхийн музейг шинээр байгуулахад 58 орчим сая доллар буюу 130 орчим тэрбум шаардлагатай гэсэн тооцооллыг БНСУ-ын талаас гаргаж байсан. Энэ бол маш их зардал гэж үг. Барилга байгууламж нь технологийн дагуу баригдаж болох ч музейн доторх үзүүлэнгийн дэглэлт буюу байшин доторх зүйлсийг хэрхэн хүмүүст зөв зүйтэйгээр хүмүүст ойлгомжтой мэдлэг олгох орон зайг бүрдүүлэхэд асар их хөрөнгө зардал шаардагдана. Бидний төсөөлдгөөр гал зуухны тавиур, энгийн ширээ, шилэн хоргонд үзмэрүүдийг эгнүүлэн өрчихдөггүй. Дэлхийн жишигт, түүх соёлын үнэт дурсгалт зүйлсээр дамжуулан хүмүүст мэдлэг олгох хүртэл арга хэлбэр, орон зайг нь бүрдүүлж байгаа юм. Жишээ нь, нум сум байлаа гэхэд монголд бол хананд өлгөдөг. Гэтэл гаднын орнуудад тэр нум сумын материалаас эхлэн хэн хийсэн, хэзээ хийгдсэн болон хэрхэн боловсруулсан, нум сумын бүтэц, түүх гэх мэт бүх түвшинд нь смарт хэлбэрээр техник технологийн дэвшлийг ашиглан бүтэн танилцуулдаг болсон. Үзэгч тайлбарлагчийн шаардлагагүйгээр тухайн эд өлгийн зүйлсийг ойлгоно гэсэн үг. Үндсэндээ, музей байгуулна гэдэг барилга байгууламж болон үзүүлэн дэглэлтийн орчныг бүрдүүлэх гэсэн хоёр томоохон ажлаас бүрддэг гэж ойлгож болно. Тэгэхээр өртөг зардал нь маш их байх нь тодорхой.
-Байгалийн түүхийн музейн барилгыг нураалгүйгээр шинэчлэн засварлаад үйл ажиллагааг нь явуулах боломжтой гэж зарим музейн мэргэжилтнүүд хэлж байсан. Энэ боломжтой юу?
-Байгалийн түүхийн музейн талаар хүн бүр өөр байр суурийг илэрхийлэх байх. Энэ асуудлыг нэг өнцгөөс харж болохгүй. Эцсийн дүнд хүний амь настай л холбоотой. Музейн тусгаарлах хана туургууд нь модон хийц. Ердөө л шавардчихсан. Давхар хоорондыг тусгаарлах дээвэр нь мод юм. Бид музейг нураалгүй сэргээн засварлавал буулгаж, дахин шинээр барьсантай дүйцэх хэмжээний зардал гарна. Хоёрдугаарт, байгалийн түүхийн музейн хана барилгыг нураалгүй бэхжүүлэлт хийлээ гэхэд цаашид хэчнээн жил барилгыг тогтоон барих вэ, аюулгүй байдлыг нь бүрэн хангах уу, эцсийн дүнд нь хүний амь нас эрүүл мэнд аюулгүй байдлыг хангаж чадах уу гэдэг асуудлыг бодох хэрэгтэй. Байгалийн түүхийн музейн барилгын суурь нь хөрсний устай ойрхон байдаг. Суурийн давхар нь дэлхий нийтэд мөрдөгддөг стандарт шаардлагыг хангахгүй, чулуун суурьтай барилга учраас музейг хуучнаар нь үлдээх боломжгүй. Бид бусдын амь насыг хохироох, эрүүл мэндэд хохирол учруулах эрхгүй. Товчхондоо, бидний мэргэжлийн бодол санаа бусдын амь насаар хэмжигдэнэ. Байгалийн түүхийн музейг мэргэжлийн байгууллагын олон дүгнэлтээр “Хүний амь нас эрүүл мэндэд учруулах аюултай” гэж хаасныг та бүхэн мэднэ. Одоо байгаа барилгыг музейн зорилготой ашиглана гэж олон нийт ойлгож байгаа. Гэтэл орчин цагт энд музейн орчныг бүрдүүлэх ямар ч боломж байхгүй. Машины зогсоолгүй. Өмнө нь хүүхдүүд музейг зорихоор очиж, таван автобус л ирэхэд замын түгжрэл үүсдэг байсан. Хүмүүс Байгалийн түүхийн музейг байгаа байдлаар нь хүлээн авч үнэ цэнтэй л гээд ойлгосон. Барилгыг нурааж шинээр барих хэрэгтэй.
-Музейн барилга байгууламж цаг хугацааны явцад элэгдэж, муудахын хэрээр тэнд хадгалагдаж буй эртний эд өлгийн зүйлст сөргөөр нөлөөлдгийг холбогдох хүмүүс нь хэлдэг. Үүнийг дагаад сан хөмрөгийн асуудал хөндөгддөг л дөө. Ихэнх нь хадгалах байр хангалтгүй гэдэгт санал нэгддэг. Энд хэрхэн анхаарлаа хандуулж байна вэ?
– Музейн үзмэр үнэт зүйлсийг шаардлага хангасан өрөө тасалгаанд хадгалах ёстой. Хэрэв Чойжин ламын сүм музейд өвөл орж үзсэн бол амнаас уур гардаг. Таныг музейгээс гарсны дараагаас эхлээд л музейн үзмэрт аюул учирдаг. Хэдийгээр зайлшгүй хэрэгцээ шаардлагаар түүх соёлын үнэт өв, дурсгалт зүйлсийг үзүүлж буй ч эдгээр дахин давтагдашгүй эртний эдлэл хэрэгсэл хэврэгшихэд хүний амнаас гарч буй уур хүртэл нөлөөлнө. Тэрхүү эд өлгийн зүйлст цан цохисноор аажимдаа физикийн урвал маш бага хэмжээтэй явагдсаар олон жилийн дараа өнгө нь хувирах зэрэг өөрчлөгддөг. Үүнийг ажигч гярхай хүн бол ажигласан байх нь бий. Мөн машины чичиргээ, барилгын ажил гээд олон хүчин зүйлс нөлөөлнө. Түүнчлэн музейн барилга байгууламжийн салшгүй бүрэлдэхүүн хэсэгт сан хөмрөг багтдаг. Бид аль болох эх түүхийн өлгий соёлын үнэт эд өлгийн зүйлсийг эвдрэхгүй байх талаас нь анхаарч ажилладаг ч хүчин мөхөсдөх асуудал байна. Зориулалтын байгууламжтай музейн сан хөмрөг харьцангуй боломжийн хадгалагдаж байгаа. Зарим нь сүм дуган, цогцолборын дэргэдэх сан хөмрөг стандартын шаардлага хангасан гэхэд хэцүү. Тусад нь барилга байгууламж барьж эд өлгийн зүйлсээ байршуулдаг. Ийм аргаар л өдийг хүрсэн. БСШУСЯ-аас сан хөмрөгийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой техникийн хангамж, барилга байгууламжийг засварлах, аюулгүй байдлыг нь хангах, дохиолол хамгаалалтын найдвартай систем, хяналтын камер суурилуулах ажлыг хийж байна.
-Д.Нацагдоржийн музей одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа юу?
-Д.Нацагдоржийн музей үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Өөрийн гэсэн барилгагүй Монголын зохиолчдын эвлэлийн барилгад байрлаж буй. Яах вэ, үйл ажиллагаа нь доголдож хаалттай, эсвэл үүдээ нээсэн, музейн зүйлсийг авсан, аваагүй гэдэг олон асуудал яригддаг. Энэ бол байгууллагын музей. Тэр дундаа одоогийн хэлбэрээр Төрийн бус байгууллагынх. Бидний зүгээс тус музейд буй үнэ цэнтэй зүйлсийг бүртгэлжүүлэхийг мэдээллийн санд хадгалахыг зөвлөдөг. Бидний хувьд энэ үйл ажиллагааг зохицуулах хууль эрхзүйн орчин дутмаг учраас тэр бүр хувийн хэлбэрт байгаа музейнүүдийг хяналтад авах ажил төдийлөн урагшлахгүй байна. Энэ жил музейн хуультай болно. Ингэснээр музейн үйл ажиллагаа эрхэлж л байгаа бол заавал төрд тайлагнах ёстой хууль эрхзүйн орчин бүрдэнэ. Төрөөс дэмжлэг туслалцаа авдаг хуулийн орон зай бий болно.
-Соёлын өвийг хайрлаж хамгаалахад зөвхөн төр анхаарлаа хандуулах ёстой гэсэн хандлага олон нийтэд байх шиг. Иргэдийн оролцоо ч бас чухал болов уу ?
–Түүх соёлын дурсгалт зүйлсийг хайрлан хамгаалахад төрөөс л анхаарах ёстой гэсэн хандлага олон нийтэд байдаг. Гэтэл энэ тал дээр хүн бүрийн оролцоо чухал. Энэ нь тоосго бариад гүйх биш өөрийн санааг шат шатны хүмүүст илэрхийлж, шаардлагатай зүйлсийг нь шүүмжилж болно. Зөвхөн төр бүгдийг шийдэж, зөв бодлого гаргадаггүй. Монголд асуудал болбол ганц л хүн дуугараад бусад нь чимээгүй байдаг. Эсрэгээрээ гаднын орнуудад асуудал гарахад бүгдээрээ дуугарч, асуудлыг шийддэг. Бидэнд өв соёлоо хайрлан хамгаалах, энэ нь надад миний ирээдүйд чухал хамаатай зүйл гэдгийг ойлгох ухамсар, сэтгэл бүрдээгүй гэж боддог.
Холбоотой мэдээ