Ц.Мөнхцэцэг: Гишүүдэд насны босго тавих нь буруу

Хуучирсан мэдээ: 2019.04.17-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхцэцэг: Гишүүдэд насны босго тавих нь буруу

Ц.Мөнхцэцэг: Гишүүдэд насны босго тавих нь буруу

УИХ-ын хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг оруулж ирэхээр Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэг бэлтгэж байна. Тиймээс Үндсэн хуульд орж буй шинэчлэлтийн талаар улс төр судлаач, доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


-МАН-ын үнэмлэхүй олонхоос бүрдсэн парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхээр бэлтгэж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нийгмийн хэрэгцээ шаардлага үүссэн үү. Өнөөдөр Үндсэн хуулийг өөрчлөх цаг үе мөн үү ?

 -Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж, 1992 онд Үндсэн хуулиа баталснаас хойш 27 жил өнгөрч улс төр, нийгэм, хүн ам зүй, эдийн засгийн гэх мэт олон хүчин зүйлс өөрчлөгдлөө. Үүнийг дагаад Үндсэн хуулийн зарим заалтуудыг өөрчлөх нь зүй ёсны зүйл болж байна. Тухайлбал, гүйцэтгэх засаглалд оролцох Ерөнхийлөгч болон УИХ-ын оролцоо, УИХ-ын гишүүдийн ёс зүй хариуцлагыг өндөржүүлэх, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын чадамжийг сайжруулах, төрийн тогтолцоонд хяналт-тэнцвэрийн олон механизм үгүйлэгдэж байгааг өөрчлөх, УИХ руу эрх мэдэл хэт хэвийсэн байдгийг засах гэх мэт асуудлыг Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж байж шийдэхээс өөр аргагүй. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах зүй ёсны үндэслэл байгаа тухай улс төр судлаачид, хуульчид зэрэг олон мэргэжилтэн, эрдэмтдийн удаа дараагийн судалгаа, дүгнэлтүүд гарч хэдэн парламент дамжин яригдсаар байна.

Мөн улс төрийн зарим хүчний зүгээс Ерөнхийлөгчийн засаглалд шилжих тухай асуудлыг удаа дараа сөхөн тавьж байгаа учраас энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр энэ асуудалд нэг мөр хариулт өгөх шаардлагатай. Судлаачийн хувьд энэ удаа Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудал нь засаглалын үндсэн хэлбэрийн хүрээнд буюу парламентын засаглалыг илүү боловсронгуй болгох чиглэлд хийгдвэл зүйтэй болов уу.

Үндсэн хууль бол төр-ард түмний хоорондын гэрээ. Тиймээс ард түмнээс асуухгүйгээр энэ парламентад өөрчлөх эрх байгаа юу. Учир нь, УИХ дахь АН-ын гишүүд сөрөг хүчингүй болчихсон парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэж үзэж байна лээ?

 -Монголын ард түмэнд сонгоод л бий болгосон парламент шүү дээ. Сөрөг хүчингүйгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжгүй гэсэн хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Ард түмнээс  сонгогдож  УИХ-д олонхоо бүрдүүлсэн МАН зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг хийхэд болохгүй гэх газар байхгүй. Гагцхүү Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудлаар аль болох олон нийт болон бусад нам, эрдэмтэн судлаачдын байр суурь, саналыг авч өргөн хэлэлцүүлэг хийх нь чухал.

Ер нь Үндсэн хуулиндаа өөрчлөлт хийнэ гэдэг бол улс төрийн эр зориг шаардах ажил. Нэгэнт хэдэн парламент дамнаад яригдчихсан, эрдэмтэн судлаачдын зүгээс Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг өөрчлөх нь зүйтэй гэдэг талаар удаа дараа бодлогын судалгаа, зөвлөмжүүд гарсан тул өнөөгийн УИХ-ын олонх болсон МАН өөрчлөлтийг хийх нь цаашдын ардчиллын төлөвшил, төрийн бодлогын үр өгөөж, засаглалын институтын чадамжид ихээхэн эерэг нөлөө авчирна. Хэдий тийм боловч нөгөө талаас сөрөг хүчний болон болон зарим нэг улс төрийн хүчнүүдээс шүүмжлэл хүлээх эрсдэлтэй. Тийм учраас УИХ дахь олонх нэлээд төвөгтэй нөхцөлд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна. Улс орны ирээдүйг бодолцож Үндсэн хуулиа өөрчлөх үү, эсвэл намд учрах эрсдэлээ тооцож өөрчлөхгүй байх нь уу гэдгийг харж л сууя.

ҮНДСЭН ХУУЛИНДАА ӨӨРЧЛӨЛТ ХИЙНЭ ГЭДЭГ БОЛ УЛС ТӨРИЙН ЭР ЗОРИГ ШААРДАХ АЖИЛ

-Улс төр судлаач хүний хувьд МАН-ын боловсруулсан хуулийн төслийг та бодвол харсан байх. Таны яриад байгаа өөрчлөлт тусгагдсан уу. Тухайлбал, супер Ерөнхий сайдтай болох супер өөрчлөлт хийж чадахаар байа уу, ер нь хэр чамбай хуулийн төсөл болсон байна вэ?

-Сайн, муу гээд шууд хэлэх боломжгүй. 2000 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа олон нийтийн дунд “Дордохын долоон” заалт гэж нэрлэгдсэн өөрчлөлтүүдийн зарим нэг заалтыг буцааж 1992 оны Үндсэн хуулийн анхны заалт руу нь сэргээж байгаа юм билээ. УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутамд 50-иас доошгүй ажлын өдөр чуулна гэсэн 2000 оны өөрчлөлттэй холбоотой заалтыг энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 75-аас доошгүй ажлын өдөр чуулна гэж оруулсан байсан. Мөн 2000 оны өөрчлөлттэй холбоотой заалтыг засаж УИХ-ын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хууль бусад хуульд заасан, эсвэл хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол нууц санал хураалт явуулах заалт орох юм байна. 2000 оны нэмэлт өөрчлөлтөөр хамгийн их шүүмжлэл дагуулдаг УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болно гэсэн заалтыг энэ удаагийн төслөөр засах гэж оролдсон нь харагдсан. Тухайлбал, “Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын  гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж төсөлд тусгасан нь “давхар дээл”-тэй гишүүдийн тоог бууруулахыг зорьсон байна. Гэхдээ миний хувьд УИХ-ын гишүүн давхар Засгийн газрын гишүүн байх боломжтой гэж үздэг. Дэлхийн парламентын засаглалтай улсуудын жишиг ч ийм. Сонгуульд ялсан намын дарга нь гүйцэтгэх засаглалаа тэргүүлдэг. Парламентад сонгогдсон гишүүдийнхээ дотроос дахин шигшиж  танхимын гишүүдээ бүрдүүлдэг. Энэ утгаараа Засгийн газрын гишүүдийн хувьд хоёр том шалгуур давдаг учраас мэдлэг, чадвараараа бусдаасаа илүү гишүүд нь Засгийн газартаа ордог.

Дэлхийн энэ жишиг манайд яагаад олигтой болохгүй байна гэхээр парламентын гишүүдийн тоо цөөн байгаатай холбоотой. УИХ-ын 76 гишүүний арван хэд нь Засгийн газрын гишүүн болчихоор УИХ-ын гишүүдийн ажил, үүргийн ачаалал хэт нэмэгддэг, чуулганы болон Байнгын хороодын гишүүдийн ирц буурахад нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл жижиг парламентад “давхар дээл”-ний асуудал илүү тод мэдрэгдээд байгаа юм.

-Тэгэхээр Монголын  нэг танхимтай парламентад 76 гишүүн багаддаг гэсэн үг үү. Парламентын гишүүдийн тоо хэд байх боломжтой юм бэ?

-Монгол Улсын хүн амын тоо, газар зүйн онцлог, хоёр их гүрний дундах жижиг улсын онцлог зэргээс хамааруулан тооцоход Монгол Улсын парламент 120-150 хүртэлх тооны гишүүнтэй байх ёстой. Ингэж байж нэг гишүүнд оногдох эрсдэлийн хэмжээ буурна. Өөрөөр хэлбэл, гадна дотны лоббид автах магадлал буурна гэсэн үг. Нөгөө талаас УИХ-ын ард иргэдээ  төлөөлөх чадамж нэмэгдэнэ.

Өнөөгийн хуулиар бол УИХ-ын чуулганд гишүүдийн олонх буюу 39 гишүүн хүрэлцэн ирснээр чуулганы ирц хүрч, үүнээс олонх нь буюу 20 гишүүн санал нэгдвэл аливаа хууль батлагдах нөхцөл үүсдэг. Ийм цөөн гишүүн хууль баталж байгаа нь эрсдэлтэй учраас аль болох парламентын гишүүдийн тоогоо нэмэх шаардлагатай гэж үздэг. Ингэснээр парламентын чадавхи нэмэгдэх болно.

ЖИЖИГ ПАРЛАМЕНТАД “ДАВХАР ДЭЭЛ”-НИЙ АСУУДАЛ ИЛҮҮ ТОД МЭДРЭГДДЭГ

-Дэлхийн улсуудын гүйцэтгэх засаглалын хөгжлийн хандлагын тухай таны шинэ өгүүлэлд хүчтэй Ерөнхий сайдын талаар нэлээд онцолж бичсэн байсан. Хүчтэй ерөнхий сайдын тогтолцоог хэрхэн бий болгодог вэ?

-ХХ зууны хоёр дахь хагасаас парламентын засаглалтай бараг бүх улсад хүчтэй Ерөнхий сайдын тогтолцоо төлөвших болов. М.Тетчер, Индра Ганди, Гельмут Коль нараас эхлэлтэй ХХ зууны хүчтэй ерөнхий сайдуудын жагсаалт ХХI зуунд Ангела Меркель, Тони Блэйр, Тереза Мэй, Нарендра Моди, Жастин Трудо нараар үргэлжилсээр байна. Ийнхүү хүчтэй Ерөнхий сайд нар бий болж байгаа нь юуны өмнө парламентын засаглал, улс төрийн намуудын сайн тогтолцоотой холбоотой. Орчин үеийн намууд нягт зохион байгуулалттай, өндөр сахилга баттай, бодлого боловсруулах чадвар сайтай, төрөөс санхүүждэг болсноор эрх баригч намын зүгээс парламентаар хүссэн хууль, шийдвэрээ гаргуулах боломжтой болсон билээ. Энэ байдал Европын намуудад тод илэрдэг. Сонгуульд ялж парламентад сонгогдсон намын лидер Ерөнхий сайд болж, удаах лидерүүдээ сайд нараар томилдог явдал юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдаасаа эхлээд бусад сайд нар бүгд парламентын гишүүн байна. Засгийн газрын гишүүд нэгэн зэрэг парламентын гишүүн байдаг, намын бодлого, сахилга батын хатуу зарчмаар нэгэн бүхэллэг болж чаддаг байдал нь эрх баригч намын засгийн газар бүхий л бодлого, шийдвэр, байр сууриа парламентаар дэмжүүлж чадах боломжийг өгдөг юм. Бас нэг зайлшгүй дурьдах ёстой зүйл нь Засгийн газрын төсвийн бүрэн эрх маш хүчтэй байдаг явдал. Парламентын гишүүд төсвийн талаар саналаа өгөх эрхтэй боловч төсвийн хэмжээ, бүтцийг олонхийн Засгийн газар дангаараа тодорхойлдог байна.

Харин манай өнөөдрийн тогтолцоог үзвэл парламент дахь намуудын төлөөлөл, эсвэл тухайн намын фракцийн эрх ашгийн үүднээс сайдын томилгоо явагддаг. Дээр нь Засгийн газрын бүтцийг их олон ашиг сонирхлыг харгалзаж байгуулж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд дангаараа сайдаа сонгож багаа бүрдүүлэх эрхгүй байна. Тийм учраас Засгийн газрын бүтэц чадварлаг баг болж чадахгүй байгаа юм. Мөн Засгийн газраас өргөн барьсан төсвийг УИХ өөрийн үзэмжээр өөрчлөх, зардлыг нэмэх боломжтой байдаг, тэр ч байтугай улсын төсвөөс тодорхой хэмжээний мөнгийг УИХ-ын гишүүдэд хуваарилан олгодог нь дэлхийд байхгүй буруу жишиг юм. Тэгвэл энэ байдлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр засах ёстой.

-Хүчтэй Ерөнхий сайдтай байхын давуу тал юу вэ?

-Намын дарга гэдэг утгаараа намын бодлогоо зангидахаас гадна Засгийн газрын гишүүдээ томилно. Ийм хүчтэй Ерөнхий сайдын үед парламент дахь дэмжлэг тухайн намын бодлого, намаас хэрэгжүүлэх бүх амлалт хэрэгжих боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, хүчтэй Ерөнхий сайд бодлогоо нэг мөр авч явахаас гадна бодлогоо хэрэгжүүлэх эдийн засгийн суурь механизмуудаа биечлэн зохион байгуулдаг. Дээр хэлсэнчлэн Европын ихэнх орны томоохон улс төрийн намын дарга, хүчтэй Ерөнхий сайд нар тухайн улс орныхоо эдийн засгийн хөгжлийн бодлогыг 10-15 жилийн хугацаанд буюу 2-3 сонгууль дамнан хэрэгжүүлж ирсэн байдаг. Хамгийн тод жишээ бол Герман. Германд зүүн, барууны хоёр том бий. Зүүний нам нь нийгмийн хамгааллын бодлогыг өргөжүүлэх, татварын хэмжээг аль болох нэмэх бодлогыг барьдаг бол барууны намын тухайд аль болох төрийн зардлыг багасгах, либерал эдийн засгийн бодлого дэвшүүлж, ээлжлэн засгийн эрхийг 8-12 жилийн хугацаатай барьж ирсэн. Гэтэл манайд 1992 оноос хойш зүүн төвийн нийгмийн хамгааллын бодлого, барууны либераль эдийн засгийн бодлогын аль аль нь тууштай хэдэн жил хэрэгжсэн удаа байхгүй. Өөрөөр хэлбэл улс төр, эдийн засгийн бодлогод суурилсан мөрийн хөтөлбөрөө тууштай хэрэгжүүлэх цаг хугацааны боломжийг засгийн газруудад өгч байсангүй. Шинэ Засгийн газар байгуулагдаад л жил хагасын дараа УИХ-ын зүгээс огцруулж ирснээс Засгийн газрын дундаж наслалт 1.6 жил болчихоод байна. Тийм учраас Засгийн газрын тогтворт байдлыг хангахын тулд конструктив механизмыг Үндсэн хуульд суулгах хэрэгтэй. Мөн Засгийн газрыг бүрдүүлэхэд УИХ-ын оролцоог хязгаарлах, Ерөнхий сайд танхимын гишүүдээ дангаар бүрдүүлж, хариуцлага хүлээдэг механизмыг нэвтрүүлэх шаардлагатай байна.

Ингэж байж Монгол улсын хувьд төрийн бодлого боловсруулах чадавхийг сайжруулах, гүйцэтгэх засаглалын үр ашигт байдлыг нэмэгдүүлэх боломжтой болно.

-Өнгөрсөн хугацаанд ажилласан 14 Засгийн газарт хүчтэй Ерөнхий сайд байв уу?

-Ерөнхий сайд асан П.Жасрай гуайн Засгийн газар эдийн засгийн шилжилтийн эхэн үеийн бүх реформыг эхлүүлсэн. Тухайн үед гаднын бүх татаас, эдийн засгийн дэмжлэг бүрэн зогсчихсон байсан ийм хүнд үед Ерөнхий сайд асан П.Жасрай гуай зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийг хийсэн гэдгээрээ яах аргагүй түүхэнд тэмдэглэгдэн үлдэх Засгийн газар гэж хэлж болно. Үүнээс хойших ихэнх Засгийн газар цаг үеийн нөхцөл байдал, улс төрийн шахалт зэрэг олон шалтгааны улмаас бодлогоо бүрэн хэрэгжүүлж чадалгүй хугацаанаасаа өмнө огцорч байлаа.

Монгол Улсын гүйцэтгэх засаглалын тогтворгүй байдлын шалтгааныг зарим хүмүүс Үндсэн хуультай холбож үздэг. Зарим нь хувь хүнд нь бурууг нь өгдөг. Таны хувьд аль нв илүү буруутай вэ?

-Дэлхийн улсуудтай харьцуулахад манайд гүйцэтгэх засаглал их тогтворгүй байгаагийн гол шалтгаан бол УИХ-ын зүгээс Засгийн газрыг огцруулах нь хялбар байдаг явдал юм. 1992 оноос хойш нийт 14 Засгийн газар байгуулагдсанаас хоёрхон Засгийн газар буюу П.Жасрай, Н.Энхбаяр нарын Засгийн газар л бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан буюу 4 жил ажилласан байдаг. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулин дахь засгийн газрыг огцруулах тухай тодорхой заалтуудтай шууд холбоотой. Тухайлбал, Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн  “Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно” гэсэн заалтын гишүүдийн тэн хагас нь огцорсноор гэдэг заалт засгийн газрыг “хэврэг” болгоход хүргэж байна. Мөн 43 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ” гэсэн заалт нь УИХ дахь намууд дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг  зөвшилцөж амжилгүй одоогийн Ерөнхий сайдыг огцруулах боломжийг өгч байгаагаас Засгийн газрыг маш амархан огцруулахад хүргэж байгаа юм.

Харин сонгодог парламентын засаглалтай орнуудад Засгийн газрын тэргүүний суудалд дараагийн нэр дэвшигчийг тодруулахгүйгээр Засгийн газрыг огцруулах боломжгүй байдаг. Ерөнхий сайдыг огцруулахын тулд түүний оронд санал болгох нэр дэвшигчийг зөвшилцөн тохирсон байх энэхүү зарчмыг конструктив механизм гэж нэрлэдэг.  Манайд энэ зохицуулалт байхгүй учир  тухайн Засгийн газрыг огцруулсны дараа нь шинэ Ерөнхий сайд хэн байх гэдэг дээр жинхэнэ “бялуу хуваалт” хөшигний цаана явагддаг. Мөн Засгийн газар солигдох бүрт төрийн албаны олон мянган ажлын байр, агентууд өөрчлөгддөг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын бүтэц, яамдыг тодорхой хэмжээгээр хөдлөхгүйгээр заах боломж бий. Ингэж байж улс төрийн савлагаа арилна.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа “УИХ-ын гишүүнээр 30 нас хүрсэн иргэнийг сонгох” талаар тусгасан байна лээ.Зарим ахмад гишүүдийн хувьд парламентын гишүүд сэтгэлийн хөөрлөөр асуудалд ханддаг, туршлага байхгүй. Тиймээс парламентын гишүүдийн насыг нэмэгдүүлэх нь зөв гэж хэлдэг. УИХ-ын гишүүнээр сонгогдох иргэний насыг  нэмэх нь зөв үү?

-Насны босго нэмэгдүүлэхээр яригдаж байгааг судлаач бид буруу гэж үзэж байна. Дэлхийн чиг хандлагыг харахад иргэн хүн хууль, эрх зүйн чадамжтай болсон цагаас эхлэн парламентад сонгогдох эрх нь нээгддэг нь түгээмэл байна. Өөрөөр хэлбэл, 18 нас хүрсэн иргэд хууль тогтоох байгууллагад сонгогдох боломжтой болдог нь Баруун Европ, Латин Америкийн ихэнх улсын практикаас харагдаж байна. Зарим улсын хувьд орон нутгийн буюу муж, хотын хуралд сонгогдох насыг харьцангуй доогуур, үндэсний парламентад сонгогдох насыг арай өндөр босготойгоор зааж өгсөн байдаг. Жишээлэхэд, Италид 18 нас хүрсэн хүн орон нутгийн хуралд, 25 нас хүрсэн хүн үндэсний парламентад нэр дэвших эрхтэй болдог бол Бразил, Чили улсуудад орон нутгийн хуралд сонгогдох нас 18, парламентад сонгогдох нас 21 байх жишээтэй. 1992 оны “Үндсэн хуульд УИХ-ын гишүүнээр Монгол Улсын 25 нас хүрсэн сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэж заасан нь санамсаргүй тоо биш ээ. Гэтэл энэ насны босгыг өндөрсгөх бодитой үндэслэл харагдахгүй байна. Манай Үндсэн хуульд УИХ-д сонгогдох насыг 25 гэж заасан хэдий ч өнгөрсөн сонгуулиудын түүхээс харахад ихэнх гишүүд 40 юмуу түүнээс дээш насандаа УИХ-д сонгогдсон байдаг. Харин 30 хүрээгүй байхдаа УИХ-д сонгогдсон улс төрч тун цөөхөн. Чуулганаар хэлэлцүүлэх явцад энэ заалтыг эргэж харах байх гэж найдаж байна.

ХЭРЭВ БИД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛЫГ СОНГОСОН БОЛ ӨНӨӨДӨР ДУНДАД АЗИЙН ТҮГЖИГДМЭЛ  УЛСУУДЫН ХЭМЖЭЭНД ОЧИХ БАЙСАН

-Үндсэн хуулийн өөрчлөлт засаглалын талаарх багагүй маргаан үүсгэж байна. Нэг хэсэг нь Монголд Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Ялангуяа Ерөнхийлөгчөөр Х.Баттулга сонгогдсоноос хойш ийм мессеж улс төрд хүчтэй цацагдах болсон. Харин нөгөө хэсэг нь Ерөнхийлөгийн засаглалыг эрс эсэргүүцдэг. Таны хувьд яагаад хүчтэй Ерөнхийлөгчийн засаглал биш хүчтэй Ерөнхий сайдын засаглалыг дэмждэг юм бэ??

-Засаглалын хямралыг тэр чигт нь Үндсэн хууль руу хамаатуулж болохгүй. 1992 оны Үндсэн хуулийг ардчилсан тогтолцооын үндсийг тавьж өгсөн сайн хууль гэж би үздэг. Үндсэн хууль батлагдсанаас хойш 27 жилийн дараах өнөөгийн нөхцөл байдлаас харахад шилжилтийн эмзэг үед ахмад улстөрчид, депутатууд маань ихэд алсыг харж, хоёр их гүрний дундах жижиг Монгол Улсын аюулгүй байдал, хэтийн төлөвийг бодолцож Үндсэн хуулийг боловсруулсан нь илт харагддаг. Хэрэв бид Ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон бол өнөөдөр Дундад Азийн түгжигдмэл улсуудын хэмжээнд очих байсан. Хямралын үед ард түмний дунд хүчтэй удирдагчийг хүсэн хүлээх хандлага байдаг. Ерөнхийлөгчөөр бурхан мэт хүн сонгочихвол улс орон хөгжинө гэсэн хүлээлт өндөр байдаг ч улс орнуудын түүхээс харахад энэ нь эсрэгээр байх нь олонтаа.

1992 оны Үндсэн хуулийг баталсан түүхэн процессыг харахад маш мэдрэмжтэй сонголт хийжээ гэж бодогддог. Гагцхүү тухайн үед парламентын бүтэц ямар байх уу, Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх үү гэдэг талаар туршлага байгаагүй учраас Үндсэн хуульд энэ талаарх зарим заалтууд учир дутагдалтай байгаа юм. Тийм учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зарим процедурын шинжтэй жижиг заслуудаа хийгээд суурь үзэл баримтлалыг хадгалаад явах нь зүйтэй болов уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж