"ОСЛЫН ГАЗАРТ ОРОХОД МАШ ИХ ХЭМЖЭЭНИЙ ЛАГ ЦАЦАРЧ БАЙСАН ГЭСЭН"

Хуучирсан мэдээ: 2019.04.17-нд нийтлэгдсэн

"ОСЛЫН ГАЗАРТ ОРОХОД МАШ ИХ ХЭМЖЭЭНИЙ ЛАГ ЦАЦАРЧ БАЙСАН ГЭСЭН"

"ОСЛЫН ГАЗАРТ ОРОХОД МАШ ИХ ХЭМЖЭЭНИЙ ЛАГ ЦАЦАРЧ БАЙСАН ГЭСЭН"

НЭМЭЛТ:

Цэргийн төв эмнэлэгт өнөөдрийн байдлаар найман хүн хордлого тайлах эмчилгээ болон сэтгэл зүйн эмчилгээ хийлгэж байгаа талаар албаныхан мэдээлсэн. Бид дээрх асуудлаар тус эмнэлгийг зорив.

Цэргийн төв эмнэлгийн яаралтай тусламжийн хордлогын төвийн их эмч Д.Олзод “Анх гурван хүний биеийн байдал хүнд ирсэн. Одоо хүмүүсийн биеийн байдал сайжирч, зовиур шаналгаа нь багасч байна. Ерөнхийдөө холимог хийн хордлого болсон гэж хэлж болохоор. Үүнд метан хий, дутуу ислийн хийн хордлого, хүнд нэгдлүүдийн хийн хордлого байна гэж үзэж байна. Одоогоор хордсон иргэдэд эмийн болон хүчилтөрөгчийн эмчилгээ хийгдэж байна” гэлээ.

ОСЛЫН ГАЗАРТ ОРОХОД МАШ ИХ ХЭМЖЭЭНИЙ ЛАГ ЦАЦАРЧ БАЙСАН ГЭСЭН

Хийнд хордсон иргэдийн ар гэр өвчтөнүүдийг сахиад эмнэлэг дээр сууж байлаа. Тэднээс юу болсон талаар сонирхлоо. Тэд нэрээ нууцлахыг хүссэн юм.

“Тухайн үед манай хүмүүс ажлаа дуусгаад хөдөлмөр хамгааллын инженертэйгээ хамт явж байхад нэг хүн ирээд хүний амь авраач ээ, туслаач ээ ах аа гээд сандралдаад гүйсэн гэсэн. Тэгээд  олс авч гүйж очоод ослын газраас хоёр хүнийг гаргасан юм билээ.

Ослын газарт ороход маш их  хэмжээний өтгөн шингэн цацарч байсан гэж ярьж байна. Тэгээд амьсгалах аргагүй хоолой боогдож, толгой эргэж эхэлсэн гэнэ лээ. Тухайн үед манай хүмүүс шатны доошоо хамаг хурдаараа гүйж очоод ослын газраас хоёр хүнийг олсоор татан гаргасан. Эхлээд харахад хүн байхгүй харагдсан гэсэн. Гэтэл  шатны доод талд нэг юм хөдлөхөөр нь хартал хүн байсан гэсэн. Тэгээд тэднийг байдаг хүчээрээ чирээд гаргасан юм билээ. Ахиад нэг хүнийг лагаас гаргахаар  цамцнаас нь татахад  урагдчихсан бололтой. Тэгээд  гараас нь барих гэхээр лаг шаварт гулгаад хэцүү байсан гэсэн. Тухайн үед тэр хүнийг үнэхээр аврахыг байдаг чадлаараа оролдсон ч даанч нөхцөл байдал дэндүү хүнд байсан гэсэн. Тэр шатны доор байсан дөрвөн хүнийг аврахаар орсон таван хүн нь энд ирсэн бололтой.  Одоо энэ хэд маань хөл дээрээ бараг тогтож чадахгүй, босоод угаалгын өрөө орох гэхээр толгой нь эргээд гуйвсан байдалтай байна" гэв.

Осол болсон газар

11:00

Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан хийнд хордож амиа алдсан талаар нийслэлээс байгуулагдсан ажлын хэсгийнхэн мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Tuesday, April 16, 2019

Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан хийнд хордож амиа алдсан талаар нийслэлээс байгуулагдсан ажлын хэсгийнхэн өнөөдөр /2019.04.17/мэдээлэл хийлээ.

Хотын даргын орлогч Ж.Батбаясгалан “Осолтой холбоотой шуурхай ажлын хэсэг байгуулагдсан. Төв цэвэрлэх байгууламжид гарсан ослын улмаас мэргэжлийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, дүн шинжилгээ хийж байна. Эхний ээлжид мэргэжлийн байгууллагууд хамтарч ослын шалтгааныг тодруулах тал дээр дэмжлэг үзүүлэх ёстой. Хоёрдугаарт, амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд дэмжлэг үзүүлэхээр ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас бид прокурорын зөвшөөрсөнд хэмжээнд мэдээлэл өгнө.

Төв цэвэрлэх байгууламж эхний ээлжид лаг хүлээн авдаг. Өчигдрийн осолтой холбоотойгоор өнөөдөр ослын газар хуримтлагдсан лагийг зайлуулах ажил хийгдэж байна. Одоогоор 50-60 сантиметрийн зузаантай лаг ослын газарт хуримтлагдсан. Тухайн орчинд хамгийн өтгөн лаг хуримтлагдсанаас нэлээд хүндрэл үүсгэж байгаа тул бид шингэлэх зайлуулах ажлыг хийж байна.

Сошиолоор тус хэргийг тунгааруурын хэсэгт гарсан талаар буруу мэдээлэл цацагдлаа.

Өнөөдрийн байдлаар ажлын хэсгийнхэн ар гэрийнхэнтэй нь хамтраад уй гашууг даван туслахад дэмжлэг үзүүлж байгаа. Амиа алдсан ар гэрийнхэнд гүн эмгэнэлийг илэрхийлье.

Төв цэвэрлэх байгууламжийн түүхий насос станцыг 48 цагийн дотор хэвийн горимд ажиллагаанд оруулна. Ослын дүгнэлтийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргана. Ажилчдын тухайд хурц хэлбэрийн хордлогод орсон. Одоо онцгойгийн алба хаагчид хэргийн газар хэмжилт хийж дахин осол гаргахаас сэргийлэн ажиллаж байна.

Нийтдээ дөрвөн хүн амиа алдаж, таван хүн хордлогод орсон. Тэр дунд гэрээтэй ажиллаж байсан өөр компанийн хүн байсан. Яг одоогоор Цэргийн төв эмнэлэгт таван хүн хордлогын эмчилгээ хийлгэж байна. Тэдний биеийн байдал тогтворжсон учраас энгийн тасаг руу шилжүүлэх асуудал яригдаж байна” гэж ярилаа.


АЖИЛЧИД ЛАГАНД ЖИВЭЭГҮЙ, ХОРТ ХИЙНД УГААРТАЖ АМИА АЛДСАН ГЭВ

Төв цэвэрлэх байгууламжид дөрвөн хүн осолдож, амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан.  Осол гарсан газар  очиход амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн цуглаж, уй гашуудал болж буйг харахад сэтгэл эмтрэм.

Дунд эргэм насны эмэгтэй “Миний дүү энд ажилладаг байсан. Өнөөдөр 16.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс над руу дүү чинь осолдчихлоо. Одоо шүүх шинжилгээний хүрээлэн рүү авч явах байх гэж ярьсан. Гэтэл миний дүү одоо дөнгөж гуч хүрч яваа залуу хүн. Ардаа эхнэр гурван хүүхдээ үлдээгээд явлаа. Төрийн байгууллагынхан өндөр цалин амлаж, дүүг минь ажилд авсан. Үнэхээр харамсалтай байна. Ажиллах нөхцөл нь хүнд байхын зэрэгцээ энэ байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал хангалтгүй байна” хэмээн нулимсаа арчин, хоолой зангируулан ярилаа. Осол болсон газрыг цагдаа нар хэдийнэ хамгаалалтад авч, албаны дарга нараас өөр хэнийг ч дотогш нь нэвтрүүлсэнгүй.

Цэвэрлэх байгууламжийн гадаа осолдсон хүмүүсийн ар гэрийнхэн цугларч, яахаа мэдэхгүй сандралдан гүйлдэх.  Хэргийн газарт УСУГ-ын даргаар ахлуулсан албаныхан, хотын удирдлагууд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Нийслэлийн Онцгой байдал зэрэг холбогдох байгууллагын ажилчид ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байсан юм.  Төв цэвэрлэх байгууламжид осол гарсан тухай дуудлага 15.45 цагийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу НОБГ-ын аврах ангийн хоёр баг осолдсон газар ажиллаж, хорт хийнд угаартсан дөрвөн иргэний цогцсыг гучаад минутын зайтай гаргасан байна. Мөн таван хүн хийнд хордож Цэргийн төв эмнэлгийн хордлогын тасагт хүргэгджээ.

Осол бохир хүлээн авах анхдагч тунгаагуурын байгууламж дотор гарчээ. Ажилчид сорох хоолойг цэвэрлэж байхад метан хий алдагдаж эхэлжээ. Улмаар хий алдаж байсан хэсгийг чангалах явцдаа тэд метан хийнд хордож ухаан алдсан байна. Энэ үеэр хоолой задарснаас лаг их хэмжээгээр алдагдаж ажилчид живж амиа алдсан байж болзошгүй гэж ар гэрийнхэн нь хардаж байгаагаа нуусангүй.

Албаныхан 20.53 цагийн үед  ослын талаарх мэдээллийг өгөв.


ДӨРВӨН ИРГЭН АМИА АЛДАЖ, ТАВАН ХҮН ХИЙНД ХОРДЖЭЭ

Хотын даргын орлогч Ж.Батбаясгалан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ажилчид лаг руу унаж амиа алдсан гэсэн анхны мэдээлэл байна. Энэ үнэн үү. Осол юунаас болж гарсан талаар урьдчилсан дүгнэлт гарсан уу?

-Үйлдвэрийн осол гарч их харамсмаар зүйл боллоо. Төв цэвэрлэх байгууллагын лаг дээр ажиллаж байсан хүмүүс хийнд хордсон. Лаг руу унасан зүйл болоогүй. Одоо мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байна. Мөрдөн шалгах үйл ажиллагааны дараа бид бүхэн албан ёсоор дэлгэрэнгүй мэдээлнэ.

-Нийт хэдэн хүн хордсон бэ?

-Есөн хүн хордсон байна. Үүний дөрөв нь амиа алдаж, үлдсэн нь  Цэргийн төв эмнэлгийн хордлогын тасагт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаа. Амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт бид эмгэнэл илэрхийлсэн. 18.30 цагийн үед авсан мэдээллээр хордсон хүмүүсийн биеийн байдал хэвийн байна. Гэхдээ нэг хүнээс нь онцгойлж дээж авч ямар химийн бодист хордсоныг заавал шинжилгээ авах ёстой. Хэрэв хоёр цагийн дараа шинжилгээний хариу хэвийн гарвал энгийн тасагт шилжүүлнэ.

-Ямар төрлийн хий алдагдсан юм бол?

-Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна. Ямар хий вэ гэвэл лагаас гарч хортой бодис гэсэн үг. Ерөнхийдөө шалгалтаар ямар хий болох нь илрэх ёстой. Хэвлэлээр лаганд унасан гэж мэдээлээд байгаа. Энэ андуурал,  анхны тунгааруурт ирсэн лагийг шахдаг насосын станц барилга дотор болсон осол. Хуулийн байгууллагаас албан ёсны дүгнэлт удахгүй гарна.

-Хэдэн насны хүмүүс осолдсон юм бэ?

-30-35 насны залуус байсан. Одоогоор нийслэлээс албан ёсоор ажлын хэсэг байгуулж байна. Өнөөдрийн үүссэн нөхцөл байдалтай холбоотой нэгдүгээрт тусгай нөхцөлд ажиллах, хоёрдугаарт эрсэдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд дэмжлэг үзүүлэх чиглэлээр шуурхай ажлын хэсэг ажиллана.

ХООЛОЙГ ЗАСАХ ГЭЖ ОРСОН АЖИЛТНУУД ХИЙНД ХОРДОЖ АМИА АЛДЛАА 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Хэвлэлээр ажилчид лаг руу унаж амиа алдсан гэж мэдээлсэн байсан. Осол болсон газар шатнаас доош хоёр метрт байрлах хоолойг засах гэж орсон ажилтнууд хийнд хордож амь насаа алдсан харамсалтай явдал боллоо" гэв.

ХОРДСОН ИРГЭДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖСОН

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Цэргийн төв эмнэлгийн дарга хурандаа С.Батболд бидэнтэй байнга холбоотой байгаа. Хордсон таван хүнийг хордлогыг тайлж байна. Бүгдээрээ амьсгал сайжруулах, хордлого тайлах аппаратад орлоо. Тэдний биеийн байдал гайгүй тогтвортой байна. Нэг хүнд шинжилгээ хийж байна. Ямар төрлийн хорт бодисоор хордсон нь шинжилгээгээр тогтоогдсоны дараа энгийн тасаг руу шилжүүлнэ.  Дотор крантыг цэвэрлэх хоёр хүн байсан байна лээ. Нийтдээ  хөдөлмөр хамгааллын инженер таван хүн байсан. Доор байсан хоёр хүн хордоод тэр хоёрыг татаж авахаар явсан хоёр хүн хорт хийнд угаартаж амь насаа алдсан байдал нь бичлэгт үлдсэн харагдаж байна" гэлээ.

 Албаны хүмүүс бүгд л лаганд живж амиа алдаагүй гэж хэлж байна. Харин ар гэрийнхэн нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасангүй гэх гомдолтой байгаа бололтой.  Ослын дүгнэлт ажлын өдрүүдэд гарах юм байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
69
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж