Там болсон Налайхын замыг хятадууд зам болгоно

Хуучирсан мэдээ: 2019.04.17-нд нийтлэгдсэн

Там болсон Налайхын замыг хятадууд зам болгоно

Там болсон Налайхын замыг хятадууд зам болгоно

Замын тоос бужигнаж, техник хэрэгсэл хаа сайгүй тачигнана.  Энэ бол Налайхын замд өрнөж буй бүтээн байгуулалтын дүр зураг. "Замын засварын ажил хийж байна" гэсэн анхааруулга тэмдэглэгээ тавьж, зорчих хэсгийг хаажээ. Хуучирч, муудсан бетон хучилтыг эхнээс нь хуулж, том оврын машинд ачиж харагдана. 

 

Налайх-Чойрын чиглэлийн авто замыг ойрын жилүүдэд шинэчлээгүй, тиймээс энэ бол томоохон бүтээн байгуулалт гэдгийг албаныхан онцолж байв. Налайхын замыг анх 1953 онд БНХАУ-ын төмөр замын тавдугаар ангиар бариулж байжээ.  Түүнээс хойшхи жаран жилийн хугацаанд энэ зам дээр олон хүн амь нас, эрүүл мэндээ алдсан байна. Олон жилийн насжилттай, олон хүний аминд хүрсэн,  энэ зам  урсгал засвар авах ямар ч боломжгүй болсон аж. Тиймээс БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барихаар болсон гэдгийг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас  тайлбарлав.

Энэ чиглэлийн авто замын шинэчлэлийн ажлын ерөнхий гүйцэтгэгч компаниар БНХАУ-ын “Синохайдро корпорэйшн лимитэд” компани ажиллах бол Монголын 20 гаруй компани туслан гүйцэтгэгчээр ажиллах юм байна.

УРГАХ НАРАН ХОРООЛЛООС ЗҮҮН ТИЙШ ГУРВАН КМ АВТО ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХААЖЭЭ

Зун болохоор Налайхын зам уртаас урт дараалалд ордог. Тиймээс  энэ зам шинэчлэгдсэнээр олон асуудлыг шийдэх боломжтой болох гэнэ. Засвар эхэлсэн учраас замын ойр орчим маш их тоосжилттой, түр замаар зорчихыг хориглосон ажилчдын автобус, ачааны хүнд даацын автомашинууд санамсаргүй болон санаатайгаар түр замаар зорчих гэж оролдсон байна.  "Холбогдох байгууллагууд нь бараг сарын өмнө олон нийтэд мэдээлж байхад хориглосон тээврийн хэрэгслүүд түр замаар явахыг оролдох тохиолдол ихээр гарлаа. Шороон түр замын хувьд тоосжилттой, зарим хэсэгтээ налуу учраас зорчигчид аюулгүй байдлаа хангаж, явах хэрэгтэй” талаар цагдаагийн албан хаагч хэлсэн юм.

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замыг хаах хуваарийг танилцуулж байна.

Авто замын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд эхний ээлжинд дөрөвдүгээр сарын 15-наас 20-ны хооронд Ургах наран хорооллоос зүүн тийш гурван км авто замыг хэсэгчлэн хаах гэнэ. Цаашдаа тавдугаар сарын 1-нээс Баянзүрхийн товчоо,  Налайхын уулзвар хүртэл авто замыг бүрэн хаана гэдгийг холбогдох мэргэжилтэн хэллээ.

Налайх-Чойрын чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра мэдээлэл өглөө. Тэрбээр “Налайхын замын бетон хуулалтын ажил өнөөдөр /2019.04.16/ эхлээд явж байна. Бүтээн байгуулалтын хүрээнд 40 гаруй инженерийн шугам сүлжээний ажлуудыг давхар хийж, гүйцэтгэнэ. Налайхын замыг хоёр жилийн хугацаанд шинэчлэх ёстой байсан бол Засгийн газраас өгсөн чиглэлээр энэ жилдээ багтан хөдөлгөөнөө нээх үүргийг өгсөн. Бид 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд зорчих хэсгийг нээхээр шахуу график, төлөвлөгөө гарган, хүн хүч, техник хэрэгсэлээ нэмж ажиллахаар төлөвлөж байна. Энэ чиглэлийн зам нь ОХУ-ыг БНХАУ-тай холбосон Монгол Улсын босоо тэнхлэгийн холбоос зам юм. Тийм учраас энэ бүтээн байгуулалтаа дэмжин ард иргэд маань хүлээцтэй, тэвчээртэй түр зам тавьсан тэмдэг тэмдэглэгээг зөрчихгүй хурдаа тохируулж зорчихыг уриалж байна” гэдгийг онцоллоо.

НАЛАЙХЫН ЗАМД 2018 ОНД НИЙТ 198 АВТО ОСОЛ ГАРЧЭЭ

Налайхын зам нь хоёр урсгалтай, эвдрэл ихтэй байсан учраас зам тээврийн осол аваар ихээр гардаг байсан. Сүүлийн үеийн тоо мэдээллээс дурдвал, 2018 онд энэ авто зам дээр нийт 198, 2019 он гараад 33 авто осол гарсныг бүртгээд байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Энэ чиглэлийн 20.9 км авто замыг бүрэн шинэчилснээр дөрвөн эгнээ зам болон өргөсөж, зам дагуу гэрэлтүүлэгтэй, тусгаарлах шугам, төмөр бетонон хийцлэлтэй болсноор зам тээврийн осол аваар гарах эрсдэл буурна гэж мэргэжилтнүүд үзэж буй ажээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхгэрэл мэдээлэл өгөхдөө “Налайх-Чойрын чиглэлийн авто зам нь Багануур, Багахангай, Налайх, Горхи Тэрэлж, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг зэрэг зүүн болон зүүн урагш чиглэсэн ганц гол зам. Тиймээс энэ чиглэлд замын бүтээн байгуулалтын ажил хийж байгаатай холбоотойгоор түр замыг зайлшгүй гаргах шаардлагатай болсон. Уг түр шороон зам нь гэр хороолол дундуур явж байгаа учраас явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах, замын тэмдэг тэмдэглэгээг сайн байршуулсан. Түр замаар 3.5 тонноос бага жинтэй, наймаас доошгүй хүний суудалтай автомашин зорчиж болно. Харин жуулчны нийтийн тээвэр, ачаа ачсан машинууд Налайх-Чойрын уулзвараас – Төмөр замын дөрөвдүгээр замын зөрлөг – Төв аймгийн Зуунмод – Улаанбаатар хот гэсэн маршрутаар нийслэлээс гарч, орох юм” гэв. Ийнхүү нус, нулимс, цус шингэсэн, бугтай гэгдэх Налайхын замд том бүтээн байгуулалт ид өрнөж байна.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж