Төв цэвэрлэх байгууламжийн есөн хүн хийнд хордож, дөрөв нь амиа алджээ
Ослын газар ажилласан ажлын хэсгийнхэн мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс “Хорт хийнээс болж есөн хүн хордсоны дөрөв нь харамсалтайгаар нас барсан байна. Амиа алдсан иргэд 30-35 насны залуучууд байсан. Үлдсэн таван хүн цэргийн эмнэлэгт эмчлүүлж байгаа. Эдгээр хүмүүсийг удахгүй энгийн тасаг руу шилжүүлнэ гэж цэргийн эмнэлгийнхэн хэлсэн. Осол болсон шалтгааныг хэвлэлийнхэн амь эрсэдсэн хүмүүсийг лаг руу унасан гэж мэдээлж байна. Гэхдээ хоёр метр орчим хоолойг засах гэж орсон ажилтнууд хийнд хордсон" гэв
Төв цэвэрлэх байгууламжийн лаг руу дөрвөн ажилтан унаж, амиа алдлаа
Төв цэвэрлэх байгууламжид өнөөдөр /2019.04.16/ ноцтой осол гарч, дөрвөн хүн амь насаа алджээ. Тодруулбал, энэ тухай дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газар болон цагдаагийн байгууллагад 15.45 цагийн орчимд бүртгэгджээ.
Эх сурвалжаас авсан мэдээллээр Төв цэвэрлэх байгууламжийн хоёр ажилтан лаг руугаа унасан байна. Тэднийг аврахаар хоёр ажилтан оролдсон ч араас нь унаж, осолджээ. Химийн бодист хордсоны улмаас лаг руугаа унаж, осолдсон гэдэг мэдээлэл байгаа юм. Осол гарсан газрыг цагдаагийнхан хамгаалалтад аваад байна.
Дээрх асуудлаар бид ЦЕГ-аас тодруулахад "Хэргийг шалгаж байна" гэсэн мэдээллийг өгсөн бол НОБГ-аас мөн тодруулахад "Хэргийн газар аврах ангийн хоёр бүлэг ажиллаж байна. Урьдчилсан байдлаар лаг руу унасан гэсэн дуудлага ирсэн" гэсэн мэдээллийг өглөө.
Бид хамгийн сүүлийн мэдээллийг авлаа. Онцгой байдлын албаныхан 17.25 цагт лагд унасан иргэдийн цогцсыг бүгдийг гаргажээ. Дэлгэрэнгүйг бид эргэн мэдээлэх болно.
Э.ЭНХ
Холбоотой мэдээ