Дэлхийн хэвлэл мэдээллийн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Пулитцерийн шагналын эздүүд тодорчээ. "Ройтерс" агентлагийн хоёр сэтгүүлч уг нэр хүндтэй шагналыг хүртсэн байна.
"Ройтерс" агентлагийн сэтгүүлч Вэй Лон, зураглаач Кай Соё О нар Мьянмарын армийнхны гарт яргалагдаж, харамсалтайгаар амиа алдсан шашны цөөнх Роханжи иргэдийн талаар сурвалжлага бэлтгэж байхдаа тус улсад баривчлагдаж, өдгөө 500-аад хоног хоригдоод байна. Ройтерс агентлаг энэхүү шагналыг хамгийн сүлд долоон жилийн өмнө хүртэж байсан юм.
Мьянмар улсын дээд шүүхээс “Ройтерс” агентлагийн сэтгүүлчдэд улсын нууц задруулсан хэрэг тулгаж, 10 жилийн хорих ял оноогоод зогсохгүй тухайн үед хийж байсан бүхий л дүрс бичлэг, баримт материалуудыг нь хураан авахаар шийдвэрлэсэн.
Ройтерс мэдээллийн агентлагийн ерөнхий редактор Стивен Адлер Мьянмарт шүүгдэж, ял сонссон ажилтнуудынхаа төлөө санаа зовинож байгаагаа мэдэгдэн, Мьянмар улс хэвлэл мэдээллийн ил тод байдал, сэтгүүлзүйн хараат бус байдал, чөлөөт хэвлэлийн эрхийг зөрчин сэтгүүлчдийг мэргэжлийн ажлаа хийснийх нь төлөө яллаж байгаад харамсаж байгаагаа илэрхийлж байв.
Мьянмарын эрх баригчид 2017 оны наймдугаар сард Роханжи иргэдийн амьдардаг Ражин мужид цэргийн ажиллагаа явуулсан юм. Үүнийг эсэргүүцсэн Роханжи иргэдийн эрхийг хамгаалах “Араканы арми” болоод засгийн газрын хүчнийхний хооронд мөргөлдөөн болж 700,000 гаруй Роханжи иргэн нутгаасаа дүрвэсэн байна.
Эх сурвалж:CNN
Холбоотой мэдээ