Үндэсний тагнуулын академиас “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал ба гадаад бодлого” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний ээлжит 9 дэх хурлыг аюулгүй байдал, гадаад бодлогын чиглэлээр суралцаж буй сонсогч, оюутны дунд 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр амжилттай зохион байгуулсан байна.
Оюутны эрдэм шинжилгээний хуралд МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Хууль сахиулах их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургууль, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Аюулгүй байдлын сургууль, Их засаг олон улсын их сургуулийн “Чингис Соосэ” Олон улсын харилцааны сургууль, Монголын үндэсний их сургуулийн Олон улсын харилцааны сургууль, Үндэсний тагнуулын академийн нийт 65 оюутан, сонсогч илтгэл ирүүлснээс хоёрдугаар шатанд 10 илтгэл шалгарч, хэлэлцүүлсэн.
ҮАБЗ-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудал хариуцсан ахлах референт Ч.Баттөмөр, ШУА-ийн ОУХХ-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор А.Нямдолжин, ҮАБЗ-ийн ССХ-ийн ахлах судлаач Н.Соёлгэрэл нарын шүүгчид илтгэх ур чадвар, шинжлэх ухааны үндэслэлтэй илтгэл бичсэн байдлаар илтгэгч оюутан, сонсогчдыг шалгаруулж, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн оюутан Г.Уянга Нэгдүгээр байр, ИЗОУИС-ийн “Чингис Соосэ” Олон улсын харилцааны сургуулийн оюутан Г.Анужин Хоёрдугаар байр, Үндэсний Тагнуулын Академийн сонсогч Гуравдугаар байр эзэллээ.
Монгол Улсын аюулгүй байдал ба гадаад бодлого, түүний хэрэгжилт, цаашдын хандлагын талаар оюутан, сонсогчид санал бодлоо солилцох нь аюулгүй байдал ба олон улсын харилцаа судлалыг хөгжүүлэх чиглэлээр оюутан, сонсогчийн судалгаа, эрдэм шинжилгээний ажил явуулахад оюутны эл эрдэм шинжилгээний хурал бодит хувь нэмэр орууллаа гэж хуралд оролцогчид дүгнэсэн байна.
Эх сурвалж: ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Холбоотой мэдээ