"Samsung Electronics" компани мягмар гаригт энэ сарын сүүлээр дэлхийн зах зээлд нийлүүлэгдэх “Galaxy Fold” ухаалаг утсаа танилцуулав. Өмнөд Солонгосын технологийн шилдэг компани хоёрдугаар сард “Unpacked” арга хэмжээний үеэр анхны эвхэгддэг төхөөрөмжөө танилцуулсан ч утасны жин, зузааны талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй билээ.
“Galaxy Fold” эвхэгддэг ухаалаг утсыг энгийн үедээ 4,6 инчийн дэлгэцтэй ухаалаг утас байхаар, дэлгэх үед 7,3 инчийн таблет болон хувирахаар бүтээжээ. Үүний дүнд нэгэн зэрэг олон апп ашиглаж, видео тоглоом тоглож, ер нь хүссэн бүх үйлдлээ зөвхөн нэг төхөөрөмж ашиглан хийх боломж бүрдүүлж өгсөн байна.
Уг утас нь 263 грамм жинтэй, 6.9 мм зузаантай, зургаан камертай бөгөөд “Huawei Mate X”-ээс илүү хөнгөн аж. Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд мэдээлснээр, тус компаниас Англи, Франц, Герман зэрэг 15 улсад энэ оны тавдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн борлуулах зорилготой ажиллаж буй юм байна.
"Samsung Electronics" компани дөрөвдүгээр сарын 26-наас АНУ-ын зах зээлд “Galaxy Fold” эвхэгддэг ухаалаг утсаа 1980 ам.доллараар борлуулж эхлэхээр төлөвлөжээ. Харин дотооддоо ирэх сарын дундуур зөвхөн 5G сүлжээнд зориулагдсан загвараар худалдаанд гаргахаар AT&T ба “T-mobile”-тай хамтран ажиллаж буй юм байна. БНСУ-д “Galaxy Fold” эвхэгддэг ухаалаг утсаа 2.4 сая вон (5,3 сая төгрөг)-оор худалдах аж.
Өмнө нь тус компани энэ жил дэлхийн зах зээлд сая орчим нугардаг ухаалаг утас борлуулах төлөвлөгөөтэй байгаа талаараа мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: Yonhap
Холбоотой мэдээ